Тэрслүү үг: Хүн байхгүй бол асуудал байхгүй!

Хуучирсан мэдээ: 2023.08.30-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: Хүн байхгүй бол асуудал байхгүй!

Тэрслүү үг: Хүн байхгүй бол асуудал байхгүй!

Сталин ингэж хэлсэн юм гэдэг, "Хүн байвал асуудал байна, хүн байхгүй бол асуудал байхгүй". Үндсэндээ Улаанбаатарын зовлонгийн эх нь нийслэлчүүд бид. Улаанбаатарт хүн амьдардаггүй байсан бол асуудал байхгүй. Хүн амьдардаг учраас л “хүрээний бузар” бий болсон хэрэг. Хүн байгаа учраас асуудал үүсэх нь ойлгомжтой. Асуудлыг нь шийдэх эрхийг нь иргэд сонгуулиар эрх баригчдад өгсөн. Ямбыг нь эдлэж байгаа тул тэд ялыг нь үүрэх нь ч гарцаагүй.

1.

БЗД-ийн онцгой комиссоос үерт өртсөн айлуудад тус бүр таван сая төгрөгийн мөнгөн тусламж олгох шийдвэр гаргажээ. Нийтдээ 313 өрхөд өгнө гэвэл татвар төлөгчдийн 1.5 тэрбум төгрөгийг зарцуулна гэсэн үг. Нэг талдаа үерийн гамшигт өртөж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдэд төрийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй нь гарцаагүй. Хуультай, дүрэмтэй оронд бол үерийн эрсдэлд өөрсдийгөө болон бусдыг оруулсных нь төлөө тэдэнд хариуцлага тооцох шаардлагатай жишээ мөн үү мөн.  Нөгөө талдаа үер, усны аман дээр буугаад байртай, хашаатай, газартай, мөнгөтэй болчих юм байна гэсэн буруу сэдэл олон нийтэд өгч буй хэрэг.

Монголд хууль дүрмээ дагасан нь хохирдог, зөрчсөн нь хождог гаж бодлого хэрэгжээд удаж байгаа. Татвараа цаг, хугацаанд нь төлж хууль дүрмээ биелүүлсэн нь төрийн хайр халамжийн гадна үлддэг. Харин татварын өч, төчнөөн өртэй хүмүүст төр өршөөл, хайраа үзүүлнэ. Ийм олон тохиолдол бий.

Жишээ нь, Ардын хувьсгалын 100 жилийн ойн бэлэг болгож Ардын нам 2021 онд УИХ-аар Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлуулсан агаад автомашины торгуулиа 50 хувийг нь төлсөн хүмүүсийн 50 хувийг нь өршөөсөн.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон, эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг зөрчлийг мөн өршөөн хэлтрүүлсэн байдаг.  Эндээс хэчнээн хүн “хууль зөрчсөн ч төр өршөөдөг” гэсэн ойлголттой үлдсэнийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан өршөөлд хамрагдсан иргэдийн хэд нь дахиад хууль зөрчсөн бэ гэвэл сонирхолтой тоо гарч магадгүй юм.

Тэрчлэн Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаадаа чөлөөлөх тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-аар батлуулсан байдаг. Хуульд зааснаар, зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг төр чөлөөлсөн. Зээлгүй ахмадуудад нь нэг сая төгрөг олгосон нь Монголын ахмадуудын хоёр талцахад хүргэсэн юм. Төрийн аливаа өршөөл, дэмжлэгт хождог нь мэдээлэлд ойр албан тушаалтан, тэдний хамаарал бүхий хүмүүс. Жишээ нь, тэтгэврийн зээл тэглэх сургаар Ерөнхийлөгч асан Н.Багабанди зээл аваад түүнийгээ төрөөр чөлөөлүүлсэн гэх юм билээ.

2.

Утаа  улс төр-бизнесийн бүлэглэлийнхний унацтай бизнес болоод удсан. Утаа буруулах нэрээр Монголын улс төр-бизнесийнхэн өч, төчнөөн хөрөнгийг салхинд хийсгэсэн. Улстөрчид утаатай тэмцэж эхэлснээс хойш төсвийн нэг их наяд төгрөг утаа болон замхарчээ.

2008-2016 онд 550 тэрбум, 2017-2020 онд 451 тэрбумыг Улаанбаатарын утаа буруулахад зориулсан аж. Гэвчиг Улаанбаатарын угаар нэмэгдсэн үү гэхээс буурсангүй.

Утаатай тэмцэхийн тулд яндан хөөлж, зуух, түлшээ өөрчлөөд нэмэргүй болохыг нийслэлчүүд нүдээрээ харж, уушгиараа мэдэрлээ. Гал түлж байвал утаа гарах нь тэнэг хүнд тодорхой асуудал. Тиймээс улаанбаатарын утааг бууруулах ганц гарц нь яндангийн тоог бууруулах. Гэр хорооллыг бүгдийг нь орон сууцжуулах боломж, мөнгө Монголд байхгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд зарцуулсан нэг их наяд төгрөгөөр гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд анхаарсан бол зуух тарааж, яндан хөөлснөөс илүү үр дүнтэй байлаа.

Түүнчлэн янданг нь хөөлж өгөхөөс илүү яндан бүрээс агаарын орчныг бохирдуулсны татвар авсан тохиолдолд Улаанбаатарын утаа багасна. Харамсалтай нь, эрх баригчдын зориг ч дутаж байна, ухаан ч богинодож байна. Уг нь, "зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ" гэж У.Хүрэлсүх өөрөө хэлдэг дээ.

3.

“Улаанбаатарчуудын 64 хувь нь хувийн автомашинаар, 24 хувь нь автобусаар зорчиж байна. Бид хувийн автомашин унахыг дэмжих бодлого явуулахыг дэмжихгүй. Бүтэн жилийн хугацаанд Улаанбаатарт бүртгэгдэж орж ирдэг байсан машины тоо энэ жилийн эхний долоон сарын байдлаар 59 мянгад хүрсэн. Ирэх 2025 онд авто замын тэг зогсолт болно”. Энэ бол Ж.Сүхбаатар сайдын хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэл.

Үндсэндээ, дугаарын хязгаарлалтаас өөрөөр түгжрэлийн эсрэг бодит ажил одоогоор иргэдэд илтэд мэдрэгдэхгүй байгаа. Сайдын үгнээс харахад ирэх 2025 он гэлтгүй Улаанбаатар өнөөдөр ч тэг зогсоход бэлэн болсон. Нэг талаасаа хувийн авто машины хөдөлгөөнийг хязгаарлах нь зөв хэдий ч нийтийн тээвэр нь хүртээмж багатай, нийслэл нь хамгийн хүйтэнд ордог улаанбаатарчууд хөлдөж үхсэнээс түгжирч зогсохыг илүүд үздэг.

Нөгөө талаасаа жолоодох эрхгүй, татвар, торгуулиа төлөөгүй авто машиныг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох цаг болсон. Зам ашигласны татвараа өгдөггүй, торгуулиа төлдөггүй олон зуун машин замын хөдөлгөөнд оролцож яваа нь худлаа биш.

Тиймээс “түгжрэлийн эсрэг арга хэмжээний эцсийн шийдэл бол эдийн засгийн механизм” гэх Ж.Сүхбаатар сайдын үг үнэний ч ортой.

Үндсэндээ хотыг утаа угаар, тоос шороо, түгжрэлээс салгая гэвэл эдийн засгийн арга ашиглахаас өөр гарц алга. Улаанбаатар хотод амьдрахыг хүсвэл татвар, торгуулиа төлдөг байх механизм руу шилжье. Хотын татвар ч авъя, агаар орчныг бохирдуулсны татаас ч авъя. Авто машин унасны татварыг нэмэгдүүлье. Хүн байгаа бол асуудал байж л таараа. Асуудлыг нь шийднэ гэж Ардын намынхан амалсан, албан тушаалд очсон биш үү!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж