Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Т.АЮУРСАЙХАН НАРЫН 11 ХҮНИЙ ШҮҮХ ХУРЛЫГ ТОВЛОНО
"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлсэн байсан ч яллагдагч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу буцаан татсан талаар өмнө нь мэдээлж байв. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт /2023.08.24/ нийслэлийн Прокурорын газраас 69 хүнд холбогдох найман хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлсэн.
Тухайлбал, Улсын их хурлын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын 11 хүн, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.М, Б.Ж нарын зургаан хүн, Гашуун сухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон Хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон 22 хүнд холбогдох хэргүүд шүүхийн шатанд шилжүүлжээ.
Нийслэлийн прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авчээ. Хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагт товлоод буй.
УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДТОЙ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
УИХ-ын дарга асан З.Энхболдтой холбогдох хэргийг прокурор, шүүхийн байгууллага руу шилжүүлээгүй бөгөөд мөрдөн шалгаж байгаа гэнэ. Харин шүүх байгууллагаас яллагдагч З.Энхболдод дөрөвдүгээр сард Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хориг тавьсан.
Нийслэлийн прокуророос яллагдагч З.Энхболдод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцсэн байдаг.
Л.ЧИНБАТ НАРЫН ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААВ
- Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/,
- Яллагдагч Б.Ганзориг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/
- Яллагдагч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэг өгсөн/ яллагдагч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татжээ.
Цагдаагийн байгууллагаас Л.Чинбатыг гурван зүйл ангиар шалгаж байгаа гэх мэдээллийг өмнө нь өгч байсан. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Сүмийн булан нэртэй газарт 2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13:40 цагт Л.Чинбат гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг "Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан талаар мэдээлж байв.
Т.БАДАМЖУНАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАЖ БАЙНА
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайд хилийн хориг тавин, баяр наадмын өмнө сулласан. Өмгөөлөгчийнх нь зүгээс цагдан хорихгүйгээр шалгуулах хүсэлт гаргасныг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 10-нд хэлэлцээд хүсэлтийг нь хангасан юм байна. Түүний хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд прокурорын байгууллагад шилжүүлээгүй байгаа гэв.
Тодруулбал, Т.Бадамжунайг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулна гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хугацааг нь сунгаж байсан аж.
Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг өмгөөлөгч нь гаргаж, шүүх хүсэлтийг нь үндэслэлтэй гэж үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм байна.
Сайд асан Т.Бадамжунай нь 2018 онд Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгагдах болонгуутаа Замын-Үүдээр хилийн дээс алхан гарсан байсан юм. Улаан хугацаанд хилийн гадна байсны эцэст Засгийн газар “Шувуу” ажиллагаа зохион байгуулснаар энэ оны дөрөвдүгээр сард Филиппин улсаас авч ирсэн. Ирсэн даруйд нь шууд цагдан хорьсон юм. АТГ түүнийг шалгаж байгаад хэргийг прокурор руу шилжүүлээд байгаа.
Нийслэлийн прокурорын газраас сайд асан Т.Бадамжунайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хэмээн мэдээлсэн юм. Тэрбээр наадмын өмнө хорих ангиас суллагдсанаар гадуур байцаагдаж байна.
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар, түүний дагавар хүү, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, наймдугаар сарын 17-нд хүлээн авсан байна.
Тэднийг урьдчилан үгсэн тохиролцож, археологийн олдвор болох соёлын биет өвийг худалдахаар завдсан гэх хэрэгт буруутгажээ. Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбаатар, М.Адъяаням нарт Эрүүгийн хуулийн 25.5-1-т заасан “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Хүннү гүрний үеийн нэн ховор олдворыг гадаадын иргэнд хагас тэрбум гаруй төгрөгөөр худалдах гэж байсан хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн албаны ажилтнууд 2021 оны гуравдугаар сард үйлдэл дээр нь дайчлан баривчилсан байдаг.
Тухайн үед Б.Хаш-Эрдэнэ, М.Адъяаням, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэсэн дөрвөн залуу Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон өгч, авалцах гэж байсан талаарх мэдээлэл цацагдаж байв.
Б.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУСААД, ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛСЭН
Авлигатай тэмцэх газрынхан таван жил гацсан Дарханы замын тендер шалгаруулалтыг 2022 оноос шалгаж эхэлсэн. Тус газраас Зам тээвэр хөгжлийн яаманд нэгжлэг хийж, тус замын тендертэй холбоотой хэд хэдэн албан тушаалтныг шалгаж байгаагаа мэдээлж байв. Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу Дарханы замын тендер сонгон шалгаруулалтад оролцсон эрх бүхий албан тушаалтнуудыг шалгасан бөгөөд тэр дунд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, тус яамны дарга Х.Оргил-Эрдэнэ нарыг шалгаж эхэлсэн юм. Тэгвэл сайд асан Б.Энх-Амгалангийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгажээ.
Дарханы замын бүтээн байгуулалтын ажил 2017 онд эхэлсэн. Товчхон дурдвал анх Засгийн газрын шийдвэр гарч, тухайн үеийн Зам тээврийн сайд Д.Ганбатын үед Дархан-Улаанбаатарын замыг дөрвөн эгнээтэй болгож, шинэчлэх ажил эхэлж байв. Түүнээс хойш таван ч сайдын нүүр үзэв. Тодруулбал, Дархан-Улаанбаатарын замын ажлын Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Л.Халтар нар хариуцаж байв.
Холбоотой мэдээ