Зам Тээврийн Хөгжлийн яамнаас өнөөдөр /2023.08.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Авто тээврийн үндэсний төвийн Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.ДУЛАМСҮРЭН:
-Сонгинохайрхан зорчигч тээврийн төв байршлаа сольж, 2023 оны наймдугаар сарын 25-наас Номин агуулах руу нүүж улс, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ нь Драгон төвөөс 1.5 км-ийн зайд байршдаг. Тус зорчигч тээврийн төвөөс орон нутгийн 38 чиглэлд өдөрт дунджаар 150 орчим тээврийн хэрэгсэл 3000-4000 зорчигчид үйлчилдэг. Хамгийн оргил ачааллын үед өдөрт 300-400 тээврийн хэрэгслээр хот хооронд 10 хүртэлх иргэн зорчдог.
Сонгинохайрхан зорчигч тээврийн төв нүүх болсон шалтгаанд олон хүчин зүйл нөлөөлсөн.
Тавдугаар сарын эхээр Драгон зорчигч тээврийн төвд засварын ажил орсонтой холбоотойгоор зорчигчид, иргэд, тээвэрлэгчдийн аюулгүй байдал алдагдах, үйлчилгээ доголдох хүндрэлүүд үүсч, дүүрэг, хорооны сууц өмчлөгчдийн холбоо, оршин суугчдаас удаа дараагийн эсэргүүцэл ирсэн. Замын цагдаагаас энэ нь хотын түгжрэлд нөлөөлж байна гэдэг асуудлууд тулгарч эхэлсэн. Эдгээр саналыг үндэслэн судалгаа тооцоолол хийж, шуурхай нүүлгэн шилжүүлсэн. Драгоны авто вокзалыг нүүлгэснээр олон асуудал шийдэгдэж байна
Улс, хот хоорондын зорчигч тээврийн төвийг нүүлгэн шилжүүлэхдээ Монгол Улсад мөрдөгддөг стандарт, дүрэм журмыг хэрэгжүүлэх, үйлчилгээг илүү сайжруулах зорилго тавьсан нь ахиц гарч байна.
Тухайлбал, "Номин" агуулах буюу шинэ байршилд очсоноор нийтийн эзэмшлийн талбайн хэмжээ 5 дахин, үйлчилгээний талбай 1.2 дахин, автобус зогсдог талбайн хэмжээ 1.5 дахин нэмэгдсэн бол зорчигчийн хүлээлгийн танхимын багтаамж 2,7 дахин нэмэгдлээ. Зорчигчийн орох, гарах хөдөлгөөнийг тусгаарласан гарц, ариун цэврийн байгууламжийг нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээний хэсэг хийж, авто зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг ойлгомжтой байдлаар байршуулж байна. Авто вокзалын гаднаас "UBCаb" компанийн 10 такси иргэдэд үйлчилж эхэлсэн. Шинэ байршилд очсоноос хойш улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд зарцуулах цаг хуваарийн дагуу явж чаддаг боллоо. Өөрөөр хэлбэл, зорчигч тээврийн автобусны түгжрэлд зарцуулдаг цаг багассан.
Драгоны авто вокзалыг нүүлгэснээр түгжрэл ихэссэн гэдэг худпал. Шат дараатайгаар тээврийн хэрэгслийн зохицуулалтыг хийж байгаа.
УЛСЫН ДУГААРЫН ҮЙЛДВЭРЛЭДЭГ 23 БАЙГУУЛЛАГААС ЦЭНХЭР ДУГААР ХЭВЛЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛСЭН
Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр "Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд өнөөдрийн байдлаар 1,179,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Үүнээс 73,4 хувь нь суудлын, 18,5 хувь нь ачааны машин, автобус зүтгүүр бусад гэсэн хувийг эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 78,3 хувь нь 10-аас дээш, 11.3 хувь нь долоогоос дээш жилийн насжилттай. Улсын хэмжээнд байгаа нийт тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг хоёрдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны хооронд хэрэгжүүлсэн. Шинэчилсэн бүртгэлийн үр дүнд сүүлийн дөрвөн жилд техникийн үзлэг оношилгоонд ороогүй, таван жил татвараа төлөөгүй 204 мянга гаруй тээврийн хэрэгслийг хасалт хийсэн. Ингэснээр жилдээ 12 тэрбум гаруй төгрөгийн татварын өр үүсдэг байсныг зогсоосон.
Төрийн албаны машинуудад цэнхэр дугаар олгох ажил энэ сарын 1-нээс эхэлсэн. Монгол Улсад 14 мянган төрийн албаны тээврийн хэрэгсэл байгаа. Үүнээс суудлын болон ачааны тээврийн хэрэгсэл 8000 орчим байдаг. Харин Улаанбаатар хотод 2000 орчим төрийн албаны тээврийн хэрэгсэл байна.
Улсын дугаар үйлдвэрлэдэг 23 байгууллагаас цэнхэр дугаар хэвлэх үнийн санал ирүүлсэн. Хамгийн хямд нь 29 мянган төгрөгийн үнийн санал ирүүлсэн юм. Тиймээс төрийн албаны тээврийн хэрэгслийн цэнхэр дугаар 29 мянган төгрөгөөр хэвлэгдэнэ" гэдгийг онцоллоо.
Холбоотой мэдээ