АН-ын дэд дарга нарын ХЭН нь ХЭН БЭ?!

Хуучирсан мэдээ: 2023.08.29-нд нийтлэгдсэн

АН-ын дэд дарга нарын ХЭН нь ХЭН БЭ?!

АН-ын дэд дарга нарын ХЭН нь ХЭН БЭ?!

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр /2023.08.29/ хуралдаж, сонгуульд манлайлж орох удирдлагын багаа томиллоо. Л.Гантөмөрийн  удирдлага дор тэргүүн дэд дарга нэг, 15 дэлд дарга ажиллахаар болсон. Ардчилсан намын тэргүүн дэд даргаар С.Баярцогт томилогдсон бол дэд даргаар Р.Амаржаргал, Ц.Уртнасан, Э.Одбаяр, Р.Эрдэнэбүрэн, Ц.Жадамба, Ж.Баярмаа, Т.Пүрэвхатан, О.Алтангэрэл, Б.Галиндэв, Ш.Жандос, С.Буяндэлгэр, И.Мөнхжаргал, Ч.Өнөрбаяр, Ш.Түвдэндорж, П.Батчимэг нарыг томилсон бөгөөд үндсэндээ нам доторх фракциудын  тэнцвэрийг хадгалсан томилгоо боллоо хэмээн дүгнэлт хийж болохоор. Ингээд АН-ын тэргүүн дэд, дэд дарга нарын хэн нь хэн бэ гэдгийг танилцуулъя.


Намын даргад нэр дэвшигчээс тэргүүн дэд дарга С.Баярцогт

С.Баярцогтын хувьд өнгөрсөн удаад Л.Гантөмөртэй хамт намын даргад өрсөлдөж байв. Тухайн үед Л.Гантөмөр түүнийг генсекийн суудлаа санал болгож байсан ч ийнхүү тэрбээр Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар томилогджээ. С.Баярцогт нь  мэдлэг, туршлагаараа Монголын улс төрд дээгүүрт бичигддэг. Сангийн сайд, Байгаль орчны сайд, ЗГХЭГ-ын дарга гээд улстөрчийн хувьд туршлагатай нэгэн. Оюутолгойн гэрээг байгуулснаасаа болж, буруутгагдан шоронд сууж байсан. Гэвч түүнийг шүүхээс цагаатгасан агаад тэрбээр "Оюутолгойн гэрээг байгуулснаараа бахархдаг"-аа ч нуудаггүй билээ.

1.Дэд дарга Р.Амаржаргал

Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан, УИХ-д дөрвөн ч удаа сонгогдсон. Түүний эдийн засгийн мэдлэгийг ашиглах гэсэн үү, ямартай ч АН энэ удаад Ардчилсан намын дэд даргын суудал бэлэглэв. Р.Амаржаргал нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцогч, Шинэ дэвшилт холбоо, Монголын үндэсний дэвшлийн намыг үүсгэн санаачлагч. Тухайн үед үзэл баримтлал ижил улс төрийн таван хүчнийг нэгтгэх үйл явцад идэвхтэй оролцож, өнөөгийн Ардчилсан намыг үүсгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. 2017 онд Ернхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүлсэн ч нам доторх сунгаанд бүдэрч, АН-ын гишүүд Х.Баттулгад итгэл хүлээлгэсэн юм.

2.Дэд дарга Ц.Уртнасан

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар С.Эрдэнэ ажиллаж байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байсан юм. Гэсэн хэдий ч түүнийг НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, "Капитал" банканд давуу байдал олгож тус сангийн 230 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт буруутган цагдан хорих шийдвэр хуулийн байгууллагаас гаргаж байсан юм. Түүний намтарыг ухвал АН-ын Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын газрын даргаар ажиллаж түүхтэй. Эр хүн туг ч барина, тугал ч хариулахын тод жишээ тэр ч байж мэднэ.

3.Дэд дарга Э.Одбаяр

Түүнийг мөн л С.Эрдэнэ талын хүн гэж үздэг. С.Эрдэнэ 2017 онд АН-ын дарга болмогцоо өөрийн хүү Одбаяртай нэр нэгтэй дотны найз болох Эрдэнэбилэгийн Одбаярыг намынхаа удирдлагын багт багтаасан байдаг.  Өөрөөр хэлбэл Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар томилсон түүхтэй. Гэсэн хэдий ч С.Эрдэнийн нэрийг барьж их хэмжээний мөнгө бусдаас зээлсэн, дотны найзтайгаа тангараг тасарсан гэх яриа ч байдаг.  Тэрчлэн С.Эрдэнээсээ урван Х.Баттулгад шадарлах болсон түүнийг генсек болгохыг МАН шахсан гэх мэдээлэл ч цацагдаж байв.

4.Дэд дарга Р.Эрдэнэбүрэн

Барилга хот байгуулалтын яам болоод Хөдөлмөрийн яамны  Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан. Мөн  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Түүнийг хууль бус шийдвэр гаргасан, бусдаас хээл хахууль авсан гэх үндэслэлээр цагдан хорьж байсан юм. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар АТГ-т шалгагдаж байсан аж. Ямартай ч  өвөр түрийндээ хөлөө жилийлцэх ч цаг үлдээгүй Ардчилсан намыг эвлэлдэн нэгтгэх, улмаар ирэх сонгуульд ялагдал, ялалтын алинд боловч түүний үүрэг оролцоо хэрэгтэй гэж үзсэн биз. Тэрбээр "Од" фракцынх.

5.Дэд дарга Ц.Жадамба

Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн дарга, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга, агентлагын дарга гэх мэтчилэн албан тушаал хашиж явсан .  Ардчилсан намын 80-иад оны төлөөлөл бас нэг тод өнгө гэгдэж байгаа тэрбээр “Морьтон” бүлэглэлийн төлөөлөл юм.

6.Дэд дарга Ч.Өнөрбаяр

Ардчилсан намын тамга тэмдэг, дарга цэргийн маргаан өрнөж, үргэлжилж, төсгөл болсон аль ч үед тэрбээр хэн нэгнийг дагаж гүйгээгүй. Харин Хууль зүйн ухааны доктор хүн учраас хуульд заасан гарц гаргалгаа, чиг баримжааг баримтлана гэдгээ мэдэгдсээр ирсэн. Түүнийгээ ч дагаж яваа. Хуульчийхаа хувьд чамбай сайн хуульч гэдгийг нь нам дотроо болоод салбарынхан нь хүлээн зөвшөөрдөг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн, НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг үнэлэх шинжээч, “Эрх зүйт ёс” сангийн үүсгэн байгуулагч, тэргүүн, Английн Оксфордын их сургуульд зочин судлаач зэрэг түүний ажилласан туршлага ч арвин.

7.Дэд дарга Ж.Баярмаа

Хуульч мэргэжилтэй, "Од" фракцийнх. Тийм учраас  улс төрийн намууд бүх шатны удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн квотыг барьж ажиллах ёстой гэдгийг байнга сануулсаар ирсэн. Түүний хувьд үүнийхээ хариуд дэд даргын суудалд эмэгтэйчүүдийн төлөөлөл болж орж ирсэн байх магадлал өндөр. Ямартай ч АН-ын дэд даргын сургаа хүйсийн тэнцэрт байдлыг 50:50 хувьд хангаагүй ч  Ж.Баярмаа тэргүүтэй гурван эмэгтэй дэд даргатай болсноор хүйсийн харьцааг 20:80-д хүргэлээ.  Түүнийг С.Баярцогтын дэмжлэгтэйгээр АН-ын Дэд дарга болсон гэх яриа ч бий

8.Дэд дарга Т.Пүрэвхатан

Эмэгтэйчүүдийн төлөөлөл, хүйсийн тэнцвэрт байдлыг хадгалах нэрийдлээр халхавчилж Ерөнхийлөгч асан Х.Баттулгын пракциас орж ирсэн гэдгийг намынхан нь андахгүй сайн мэдэж байгаа. Ардчилсан намын тамга тэмдэг, дарга цэргийн “зодоон” ид өрнөж байх үед Х.Баттулга даргатай Ардчилсан намын Дэд тэргүүн даргаар сонгогдож байсан удаатай.

9.Дэд дарга О.Батчимэг

Дэд даргаар томилогдсон 15 хүнээс гурван эмэгтэй сонгогдсоны нэг.  Хан-Уул дүүргээс гурвантаа НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан гэхээсээ илүүтэй “АПУ”-гийн гэх тодотголоороо олны танил болсон. Цаашилбал, Ардчилсан намд нэртэй, нүүртэй, нөлөөтэй байсан УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны дүү гэдгээрээ олонд илүү танигдсан ч байж болох. Ямартай ч С.Баярцогтын бодлогод дэм болох итгэлт хүнээр тэрбээр нэрлэгдээд байна

10.Дэд дарга О.Алтангэрэл

Саяхандаа “АН-ын гишүүдийн 10 хүн тутмын нэг нь Х.Баттулгыг даргаараа сонгосон” хэмээн ярьж байсан нь түүнийг хэний талын хүн болохыг амархан хэлээд өгнө.  Цагтаа  намын даргад өрсөлдөхөөр бүртгүүлж, бас нэрээ татаж явсан. Өвөрхангай аймгийн Ардчилсан намыг удирдаж байсан.  Хуульч мэргэжилтэй.

11.Дэд дарга Б.Галиндэв

Ардчилдаа шинэчлье хөдөлгөөн байгуулж явсан цөстэй хүү. Түүнийг Ардчилалд шинэ салхи сэвэлзүүлнэ гэж итгэж найддаг хүмүүс ч бий. Гэхдээ хамгийн гол хэн нэгний гар хол болж ардчиллаа хамгаалах биш сүйрүүлчих вий гэж болгоомжлох нэг нь ч бий.  Цагтаа С.Эрдэнэ даргыг ҮХЦ-д шалгуулахаар өргөдөл өгч явсан түүнийг экс ерөнхийлөгчийн хүн гэж үзэх нь ч цөөнгүй.

12.Дэд дарга Ш.Жандос

Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан . Түүнчлэн Экс Ерөнхийлөгчид зөвлөж явсан түүний хувьд   2007-2009 онд Баян-Өлгийн аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Нарийн бичгийн дарга, 2008-2010 онд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх сүлжээний Баян-Өлгий аймаг дахь ахлагч, 2010-2011 онд “Алтайн дэвшил хөгжил сан” ТББ-ын Гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан туршлагатай.

13.Дэд дарга С.Буяндэлгэр

Түүнийг 19980-иад оны төлөөлөл буюу "Морьтон" фракцын хүн гэдэг. Өмнө нь төрд ажилласан туршлага багатай ч намынхаа халуун тогоонд буцалж, галыг нь манаж, сахиж явсан нь түүнийг дэд даргын суудалд аваачсан гэх хүмүүс ч бий. Нэг ёсондоо улстөрд хурдалж мэдэх эдийн засагч, стратегич  битүү морьдын нэг хэмээн түүнийг тодорхойлж байн

14.Дэд дарга И.Мөнхжаргал

АН-ын Дотоод Сонгуулийн Хорооны дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүний хувьд АН нэгдэж, нийлэх үйл явцад гар бие оролцож явсан. Тийм учраас Х.Баттулгын талаас оруулж ирсэн бас нэгэн дэд даргын суудалд сууж амжлаа гэх бор шувуу нисч байна.

15.Ш.Түвдэндорж

Аль ч талд нүүртэй байж болох хүн бол тэр. УИХ-ын гишүүн,  Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайдаар ажиллаж байсан. Цагтаа албан тушаалын давхар дээл нөмөрч явсан тэрбээр аль ч үеийн төлөөлөлтэй учраа олчихоо мэднэ. Гэсэн хэдий ч Ардчилсан нам хагаран бутрах үед Х.Баттулгын талд бүрэн зогссон. Түүний хувьд залуучууддаа болгомж олгох үгнээсээ буцаж, улстөрчийхөө үйл хэргийг үргэлжлүүлэхээр шийдсэн нь дэд даргаар томилсон томилгооноос тодорхой харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж