Дуурь Бүжгийн Эрмдийн Театрийн хамт олон 1963 оны тавдугаар сарын 15-ны өдөр П.И Чайковскийн "Евгений Онегин" дууриар хөшгөө нээсэн түүхтэй. Тэр цагаас хойш эдүгээ 60 жилтэйгээ золгож байна. ДБЭТ-ын хамт олон түүхт 60 жилийн ойгоо ес, аравдугаар сард тэмдэглэхээр төлөвлөөд байна. 1963 онд Улсын Хөгжимт драмын театр нь Дуурь Бүжгийн Улсын Театр болж өрх тусгаарласнаар одоогийн ДБЭТеатр байгуулагдсан гэж үздэг. Ингээд түүхэн ойн арга хэмжээний талаар театрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сарантуяатай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Театрын уран бүтээлчид түүхт 60 жилийн ойн хүрээнд олон ажлыг төлөвлөсөн гэж сонслоо. Заримаас нь үзэгч, сонсогчдоо дуулгаж болох уу?
– Манай Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын 60 жилийн ой энэ жил тохиож байна.
ДБЭТеатр нь ази тивдээ төдийгүй монголдоо сонгодог уран бүтээлийг дагнан тууривдаг томоохон театруудын нэг юм.
Театрын нэгэн жарны түүхийг бүтээхэд өөрийн авьяас чадвараа зориулсан ахмад уран бүтээлчдээс гадна дунд, залуу үеийнхний хүч хөдөлмөргүйгээр төсөөлөхийн аргагүй юм.
Тиймээс түүхэн ойн арга хэмжээний хүрээнд олон томоохон ажлыг төлөвлөн ажиллаж байна.
Тухайлбал, есдүгээр сарын 9-нд 20.00 цагаас Монголын сонгодог урлагийн 60 жилийн түүхэн хөгжлийг харуулах том хэмжээний задгай талбайн тоглолтыг ард түмэндээ зориулан зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Бид Задгай талбайд тус тоглолтоо зохион байгуулахаар холбогдох газруудаас зөвшөөрөл авч, бэлтгэл сургуулилалтаа хийж эхэлсэн бөгөөд Соёлын яамнаас бидэнд тодорхой хэмжээний дэмжлэг, туслалцаа үзүүлж байна.
-Сонгодог урлагийн задгай талбайн тоглолтыг өмнө нь хэд хэдэн удаа зохион байгуулж байсан шүү дээ. Энэ удаагийн тоглолт ямар онцлогтой болох бол?
– Энэ удаа ДБЭТ-ын уран бүтээлчид "Сонгодог-60 жаран" задгай талбайн тоглолтоо өөрсдөө бүрэн хариуцаж, зохион байгуулна. Өмнөх жилүүдэд Улаанбааатар хотын захиргаа, Соёл Урлагын газар, хувийн студиутэй хамтран дөрвөн удаа “Сонгодог урлагийн гала концерт буюу задгай талбайн тоглолтыг хийж байсан туршлагатай. Харин энэ удаад ДБЭТ-ын хамт олон өөрсдийн хүчин чадлаар түүхт 60 жилийн ойн тоглолт, арга хэмжээгээ зохион байгуулах гэж байна. “Сонгодог Жаран” задгай талбайн тоглолтоо хийхдээ театрынхаа өмнө том тайз засч, Сүхбаатарын талбай хэсэгт үзэгчдийн суудлаа засахаар төлөвлөсөн. Тус тоглолт нь 2 цаг үргэжилхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл Үзэгчид маань 2 цагийн турш сонгодог урлагийн түүхийг өгүүлсэн шилдэг номеруудаас бүтсэн тоглолтыг үзэх болно.
Монголчууд сонгодог урлагийг ойлгодог, нарийн мэдрэмжтэй ард түмэн. Ард түмэндээ үнэ төлбөргүйгээр уран бүтээлээ хүргэх учраас өргөнөөр хүрэлцэн ирэхийг хүсье.
-Түүхт 60 жилийн ойн хүрээнд өөр ямар ажлыг хийхээр төлөвлөөд байна вэ?
– Манай уран бүтээлийн баг түүхчилсэн томоохон хэмжээний концертыг хийхээр төлөвлөж байна. Ард түмэндээ зориулсан задгай талбайн тоглолтоос гадна аравдугаар сарын 14-ны өдөр 60 жилийн ойн “Хүндэтгэлийн гала концерт”-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үе үеийн уран бүтээлчид маань хүндэтгэлийн гала тоглолтод оролцож, алтан тайзнаа гарах болно. Ерөнхийдөө Дуурь, бүжгийн Эрдмийн Театрын ахмад уран бүтээлчид, ажилтан албан хаагчид дурсамжаараа аялахаас гадна залуу үеийнхний эрч хүч оргилсон уран бүтээлүүдийг үзэх боломжтой юм. Мөн бид түүхт 60 жилийн түүхийг өгүүлсэн баримтат кино, сэтгүүлийг гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
Бид аравдугаар сард 61 дэх улирлын нээлтээ Дэлхийн сонгодог дууриар эхлүүлж, гадаадын удирдаачийг урилгаар авчирч удирдуулна.
Мөн Түүхэн ойн хүрээнд ягаан театрынхаа гадаад өнгө үзэмжийг сайжруулж, Соёлын яамны хөрөнгө оруулалтаар нилээдгүй засварын ажлыг хийсэн. Түүнчлэн 60 жилийн ой хүрээндээ өнгөрсөн гуравдугаар сард ахмад уран бүтээлч, ажилтан албан хаагчдаа хүлээн авч, уулзсан.
Мөн Түүхт 60 жилийн ойгоо угтан шинэ шинэлэг уран бүтээлээр театрын урын сангаа баяжуулах зорилгоор Вердийн эмгэнэлт "Макбет"дуурийг, "Хурмастын дагина" цоо шинэ, үндэсний сонгодог балетыг анх удаа театрынхаа тайзнаа тавьсан.
Холбоотой мэдээ