Улирал солигдохтой зэрэгцэн чиг хандлага байнга өөрчлөгдөж байдаг загварын салбарт сүүлийн үед мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан нэг өөрчлөлт нь өндөр өсгийтийн нэр хүнд аажмаар буурч байгаа явдал. Та хамгийн сүүлд хэзээ дэгжин өндөр өсгийт олж харсан бэ?
Нэгэн цагт дэгжин, эмэгтэйлэг байдлын бэлгэ тэмдэг байсан өндөр өсгийт чимээгүйхэн бүсгүйчүүдийн сонирхлоос гарч, тав тухыг эрхэмлэдэг шинэ давалгаагаар солигдож байна.
Цар тахал өндөр өсгийтийн эринийг дуусгасан гол цохилт болсон уу? Мэдээж, бидний амьдралын хэмнэл өөрчлөгдөхийг дагаад загварын тренд ч өөрчлөгдсөн нь тодорхой.
Дэлхий даяар амьдрал бүтэн гурван жил зогсохоос өмнө өндөр өсгийт ноёрхож байв. Өндөр өсгийт нь хүний биеийг цэгцлээд зогсохгүй хувцаснаас ч илүү дэгжин мэдрэмжийг төрүүлдэг. Өндөр өсгийт нь зөвхөн гутал төдийгүй өөртөө итгэх итгэл, дур булаам байдлын илэрхийлэл гэж тооцогддог.
АМЬДРАЛД ӨӨР ЧУХАЛ ЗҮЙЛС ОЛОН
"NPD" группын зах зээлийн судалгааны фирмийн мэдээллээс үзэхэд, өндөр өсгийтийн сонирхол цар тахлаас хойш мэдэгдэхүйц буурчээ. Өндөр өсгийтийн борлуулалт 2020 оны хоёрдугаар улиралд өмнөх жилийнхээс 65 хувиар буурсан байна. Буруутан нь хэн бэ гэж үү? Шинэ амьдралын хэв маягаас үүдэлтэй хүмүүсийн эрхэм зүйлсийн жагсаалт өөрчлөгдсөнтэй холбоотой. Тав тух, энгийн хэрэглээ нь өндөр өсгийтийн сэтгэл татам байдлыг дарж орхив.
Цар тахлын үеэр гэрээсээ ажиллах нь бизнес болон чөлөөт цагаа өнгөрөөх хувцасны хоорондох хил хязгаарыг бүдгэрүүлсэн. Үүний зэрэгцээ томоохон арга хэмжээнүүдийн тоо цөөрч, оронд нь спортоор хичээллэх хандлага нэмэгджээ.
Цар тахал үнэхээр өндөр өсгийтийн нэр хүндэд ийм гайхалтай өөрчлөлтийг авчирсан уу, эсвэл энэ нь томоохон чиг хандлагын нэг хэсэг мөн үү?
Нийгэм илүү тэгш эрхт үзэл рүү шилжихийн хэрээр өндөр өсгийтийг эмэгтэйлэг байдлын үндсэн шинж тэмдэгтэй холбодог хатуу тодорхойлолт өөрчлөгдсөн. Энэхүү шилжилт нь биднийг хувь хүний онцлог, илүү өргөн хүрээний илэрхийлэлийг хүлээн авч, хөдөлгөөн, тав тухыг хязгаарлаж болох гутлаас татгалзахад хүргэжээ.
Гутлын шинэ боловсронгуй загвар нь тренд, тав тухыг хослуулсан. Хаа сайгүй пүүз, шаахай, бүдүүн өсгийтэй гутал харагдах болсон нь эмэгтэйчүүдийн гутлын сонголтын дүр төрхийг өөрчлөгдсөнийг илтгэнэ.
ШИНЭ МОДЕРНИЗМ
Сүүлийн жилүүдэд янз бүрийн хэв загварын нэр хүнд өсөж байна. Валентино, Проенза Шоулер, Рик Оуэнс нарын загвар зохион бүтээгчдийн хамтын ажиллагаа нь сонгодог шаахайг дахин тренд болгосон. Энэ загвар нь цар тахлын үеэр хамгийн эрэлттэй загвар болж, 2020 оны хоёрдугаар улиралд цахим худалдааны хайлт нь 225 хувиар өссөн байна.
Загварын салбарын шинжээч Маде Лапуэртагийн тайлбарлаж буйгаар 2023 онд "шаахай", "хар балет" гэсэн хайлт интернэт худалдаанд 70-71 хувиар өссөн байна.
Цар тахлын дараах өндөр өсгийтийн дур сонирхол бүрэн сэргэж амжаагүй байна. Тухайлбал, 2021 оны гуравдугаар улиралд өндөр өсгийтийн сонирхол аажмаар сэргэж, хайлт 2020 онтой харьцуулахад 177 хувиар өссөн. Гэвч өндөр өсгийт загварын ерөнхий хайлт нь цар тахлын өмнөх үеэс хамаагүй буурч, хавтгай ул руу шилжсэн нь ажиглагдав.
Эсрэгээрээ пүүзний борлуулалт эрчимтэй нэмэгдэж байна. "Adidas" брендийн "Gazelle" спорт гутлын нэр хүнд 2023 онд 143 хувиар өссөн. Мөн 2023 оны хоёрдугаар улиралд "The Lyst Index"-ийн хамгийн алдартай 10 бүтээгдэхүүний дөрөв нь хавтгай ултай гутал байжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ