Хотын хоёр ч даргын нүүр үзсэн дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхдээ л хэрэгжүүлнэ гэдгийг Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хэлсэн юм. Тэрбээр энэ төсөл гацаанаас гарсан талаар өчигдөр /2023.08.28/ мэдээлэв.
Ж.Сүхбаатар "Дүүжин тээврийн төслийг сонирхож үзсэн. Энэ төсөлд 20 сая евро зарцуулаагүй. Ер нь 60 сая еврогийн хоёр шугамын асуудал байдаг. Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа энэ төслийг эхлүүлж, зургаан сая евро зарцуулсан байдаг. Би Францын талтай уулзалт хийсэн. Ер нь бид юмыг нураах амархан. Хүмүүс дүүжин тээврийг аялал жуулчлалын зориулалттай, өвлийн улиралд ашиглах боломжгүй, эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж шүүмжилдэг. Француудтай уулзахад нэг цагт 1200-1500 хүн явах боломжтой гэсэн. Манай мэргэжилтнүүд очиж үзэхэд суудал нь халдаг, өвлийн улиралд ашиглаж үзсэн. Техникийн үзүүлэлт нь франц технологи. Ер нь нэгэнт тохирсон ажлаа хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Монгол Улсад хариуцлагагүй байдлаа болих ёстой гэдгийг хэлж буй. Олон улсын гэрээ хэлцэл байгуулсан бол дуусгадаг байхыг үүрэгдсэн.
Франц улсын хувьд Монголтой хамтран ажилладаг соёлын харилцаа, ураны асуудал, дүүжин тээврийн төсөл байна. Би бол энэ төслийг үргэлжлүүлье гэж үзсэн. Хотын даргаа эргээд уулзалтуудаа хийнэ. Бид чиглэлээ тогтоох гэж хугацаа алдсан.
Хоёр дахь шугамын чиглэл нь Яармагийн захиргааны байрны наад талаас Хархорин зах руу байх нь боломжтой юм байна гэсэн. Өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шугам явчихаад байсан нь шүүмжлэл дагуулсан. Одоо дүүжин тээврийн зээлийн хэлэлцээрийг сунгах асуудлыг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Жавхлан энэ төслийн зээлийг нягталъя гээд ярьсан. Сүүлийн Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлыг ярьсан. Ер нь Улаанбаатар хот аль ч утгаараа дүүжин тээвэртэй болох ёстой. Энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Монголд метро барья гэж байгаа мөртлөө дүүжин, нийтийн тээврийг алдагдалтай гээд байдаг. Метроны асуудалд хотын дарга бид хоёр ажиллаж байгаа. Ази тивд Сөүл, Токио, Шанхай метрогоороо дээгүүрт ордог юм билээ. Хятадад айлчлах үеэр судалгааны шатанд ярилцаж, хэлэлцсэн юм билээ. Миний хувьд БНСУ-ын нөхдүүдээр буцалтгүй тусламжийн хүрээнд ТЭЗҮ хийлгэмээр байна. Өнөөдөртөө нэг ч ТЭЗҮ хийлгээгүй байгаа. Санхүүжилт хөрөнгө оруулалтаа ярьж, мэргэжилтэнгээ бэлтгэх шаардлагатай байгаа" гэв.
Дүүжин тээврийн хоёр шугамын төслийг 2027 он хүртэл хэрэгжүүлнэ. Эхний шугамыг 2024 онд ашиглалтад оруулна. Ингэхдээ Яармаг дахь Хотын захиргаанаас “Хархорин” захын чиглэлд явуулах юм. Минутад 10 хүн суух боломжтой гэдгийг албаныхан мэдээллээ.
Шадар сайд С.Амарсайханыг хотын дарга байх үед буюу 2020 онд эхэлсэн уг төсөл 2021 онд ашиглалтад орох ёстой байлаа. Гэвч өнөөдөр дүүжин тээвэр төсөл цаасан дээр үлдээд буй. Албаныхны мэдээлснээр 2023 онд барилга угсралтын ажил эхэлж, 2024 онд уг төсөл ашиглалтад орно гэх ч өнөөдөр ажлын явц ямар шатанд яваа нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Эргэн сануулбал, Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа "Улаанбаатар хотод агаарын дүүжин тээврийг нэвтрүүлж, 2021 онд ашиглалтад орно, эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно" хэмээн мэдэгдэж, дүүжин тээврийн загварыг талбайд байрлуулж байлаа. Дараа нь 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулж, түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох "Пома групп" рүү 16.2 тэрбум төгрөг, "Эжис рэйл "ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл "шилэн данс" системд байршсан байдаг. Харин 2021 онд Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа 51.9 саяар эд хогшил авч, 242.9 саяыг цалинд зарцуулсан бөгөөд 2022 онд нийслэлийн төсөвт дахин 490 гаруй сая төгрөгийг суулгаад байгаа юм.
Гэвч Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргааг татан буулгасан билээ. Үүнээс хойш сураг алдарсан уг төсөл өдгөөг хүртэл үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй байв.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг өмнө нь мэдээлэл өгөхдөө "Дүүжин тээврийг байгуулах зорилгоор 60.5 сая ам.долларын төсөвт өртөгтэй төсөл хэрэгжинэ. Зээлийн хэлэлцээрийг 2020 онд УИХ-аар соёрхон баталсан ч Covid-19-ийн нөхцөл байдал, трассын чиглэлд зарим нэг өөрчлөлт оруулах шаардлага зэргээс болж, барилга угсралтын ажил хойшилсон асуудал бий.
Судалгааг үндэслээд эхний маршрут нь Хан-Уул дүүрэг, Наадамчдын өргөн чөлөө гэж ярьдаг Яармагийн хэсгээс Сонгинохайрхан дүүрэг буюу Энхтайвны өргөн чөлөө, Хархорин зах руу чиглэлсэн 4.2 км урттай, хоёр буудалтай, 1 цагт 1200-1500 хүн тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээврийг байгуулахаар төлөвлөж, ажиллаж байна. ТЭЗҮ нь энэ сард боловсруулж дуусна.
Нийслэлийн удирдлага өнгөрсөн нэгдүгээр сард гүйцэтгэгч компанийн удирдлагатай уулзаж, зураг төсөл зэрэг асуудлууд дээр тохирсон.
Удахгүй бид тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг тохирно. Зураг төслийн ажил ирэх зургадугаар сард дуусна. Барилга угсралтын ажлыг энэ оны найм, есдүгээр сард багтаан эхлүүлнэ. Эхний маршрутын барилга угсралтын ажлыг 18 сар дотроо багтаан дуусгаж, 2024 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй. Хоёрдугаар чиглэлийг ярьж байна. Баянхошуу- Ханын материал- 3, 4 хорооллын эцэс гэсэн 4.9 км, гурван буудалтай дүүжин тээврийг байгуулна. Энэ чиглэлийг 2026 онд дуусгана. Хоёр чиглэл бүрэн ашиглалтад оронгуут нийлээд 1 цагт 3500 хүн тээвэрлэх масс транзит бэлэн болох юм. Дүүжин тээврийг байгуулахад газар чөлөөлөлт хийхээр байгаа. Газар чөлөөлөхөд 3-5 тэрбум төгрөг зарцуулна. Энэ зардал төслийн нийт өртөг дотроо багтаж суусан” гэдгийг хэлж байв.
Холбоотой мэдээ