МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт, аялал жуулчлалын танхимын эрхлэгч Д.Батболдтой ярилцлаа.
-Цар тахлын үед аялал жуулчлалын салбар тэг зогссон. Харин энэ жилээс эргэн сэргэж, төр засгаас ч бодлогоор дэмжиж байна. Аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Төрийн бодлоготойгоо уялдаж чадаж байна уу?
-Дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбар цар тахлын үеэр хамгийн хүнд цохилтыг авсан. Тиймээс яаж салбараа сэргээх вэ гэдэг стратеги, шинэ тактикуудыг боловсруулж эхэлсэн. Монгол Улсын хувьд ч ялгаагүй аялал жуулчлалын салбараа сэргээхийн тулд Засгийн газраас ойрын гурван жилийг "Монголд зочлох жил" болгон зарлалаа. Энэ жилийн тухайд нэг сая гадаад жуулчин хүлээж авна гэдэг зорилтыг тавиад ажиллаж байна.
Үүний хүрээнд зарим тодорхой үр дүнгүүд гарч, Монголыг зорин ирэх гадаад жуулчдын тоо 2019 оных руу дөхсөн. Энэ жилдээ хараахан нэг сая жуулчин хүлээж авах боломжгүй.
Хүн хүч, дэд бүтэц, бэлтгэл ажил их байгаа учраас яваандаа энэ тоонд хүрэх боломжтой. Гадаад геополитикийн хүчин зүйл хоёр талтай нөлөөлж буй. Сүүлийн үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зах зээлээ нарийвчлан судалж байна. Жишээлбэл, Хятад, Өмнөд Солонгосын жуулчид эрс нэмэгдсэн нь харагдаж байна.
-Та энэ зун хөдөө явсан уу. Гадаад жуулчин хэр таарав?
-Монголд ойрын хэдэн жил жуулчдын бараа бага байсан. Энэ жил хаана ч явсан гадаад жуулчин маш их байна. Хотын төв, нисэх буудал, хөдөө нутаг гэх мэт. Ялангуяа Өмнөд Солонгосын жуулчдын урсгал эрс нэмэгдсэн. Оросын жуулчид бас их нэмэгдсэн.
Жуулчин гэхээр Монголын хөдөө нутаг үзэхийг хүсдэг гэж ойлгох нь бий. Жуулчид зорилгоосоо хамаарч албан ажил, соёл урлаг, спортын төрлөөр ирдэг. Хөдөө орон нутагт байгалийн үзэсгэлэнт газар очиж, уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёлд татагдаж буй хүмүүсийн урсгал нэмэгдсэн харагдаж байна.
-Улсаас чамгүй мөнгө зарцуулж, дэлхийн хэмжээний инфлүүсер, олон нийтийн сүлжээнд олон дагагчтай хүмүүсийг Монголд урьж, сурталчилж байна. Энэ онд нэг сая жуулчин хүлээж авна гэх зорилтыг тавьсан. Энэ хэр бодитой тоо вэ?
-Мэдээж энэ бүхэн аялал жуулчлалын салбарт маш хүчтэй нөлөөлнө. Орчин үед сошиал медиа, инфлүүсерүүдийг ашиглаж өөрийн сурталчилгаа зорилтот хүмүүстээ хүргэдэг чиг хандлага дэлхий дахинаа түгсэн. Энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яамтай хамтран "Монголд зочлох жил"-ийн хүрээнд хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаа нь сайшаалтай. Дэлхийн чухал чухал инфлүүсерүүдийг урьж байна. Мөн төрийн хэмжээний том айлчлалууд боллоо.
Томоохон бизнес, соёл урлагийн эвентүүд болж, Монголыг сурталчилж таниулах, жуулчдыг татахад эерэг нөлөөлөл болно гэж харж байгаа.
Ирэх жилээс бүр илүү үр дүнгүүд гарч эхлэх байх. Одоо ч тодорхой хэмжээнд гарч байна. Ингэснээр тэр яриад байгаа нэг сая жуулчин руугаа дөхөж магадгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол 400-500 мянгаас дээш жуулчин хүлээн авч үзээгүй. Цар тахлын үед энэ салбар бүр уначихсан. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр бэлдэх олон зүйл байна. Одооноос хойш суухгүйгээр ирэх жилийн аялал жуулчлалдаа бэлдэх шаардлагатай.
-Гэтэл бодит амьдрал дээр нөгөө л жорлон, хоол хүнс, гадаад хэл, мэдээлэл дутмаг хэвээрээ?
-Монгол Улс чөлөөт эдийн засагтай, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зах зээлээ тэлэх үүднээс гарааны бизнес эрхлэгчдээ дэмжиж, тусгай зөвшөөрөл олгохоо больсон. Мэдээж сайн муу сөрөг талууд байгаа. Аялал жуулчлалын бизнесийг хэнд ч хийх эрх нь байгаа ч илүү мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөгөөр хөгжүүлэхгүй бол сонирхогч хүмүүс өөрийн туршлага багатайгаас болж янз бүрийн алдаа гаргах эрсдэлтэй. Энэ нь эргээд салбарын нэр хүнд, гадаадын зах зээлд сөргөөр харуулах хүчин зүйлс болж магадгүй. Тиймээс аяллын үеэр жуулчны аюулгүй байдал хамгийн чухал.
Монгол орон байгаль газар зүй, дэд бүтцийн хөгжлөөсөө хамаарч адал явдалт аяллын зах зээлд илүү тохиромжтой.
Монголд ирсэн хүн болгон морь, тэмээ унахыг хүсдэг. Хүн ам багатай сийрэг учраас эрх чөлөөг мэдрэхийг хүсдэг. Тиймээс аяллыг зохион байгуулж байгаа талууд заавар зөвлөмж, аюулгүй ажиллагааны дүрмийг зайлшгүй өгч байх хэрэгтэй. Мөн гадаад жуулчид заавал даатгал хийлгэх шаардлагатай. дотоодын аялагчид асар их нэмэгдсэн. Энэ жил дотоодын аялагч гэхэд нэг сая гаруй иргэн аялж, асар их эрсдэл дунд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Монголд авто чиглэлийн аюулгүй байдал хурцадмал байдаг. Гол усанд эндэх тохиолдол гарна. Хөтөч нь илүү их мэдлэг чадвартай, туршлагатай байх шаардлагатай.
-Жуулчидтай хөдөөгүүр явахад ямар санал хэлдэг вэ?
-Ер нь жуулчдын аяллын зорилгоос хамаарч адал явдалт чиглэлийн аялалд илүү эрсдэл гарах магадлалтай. Байгалийн хүчин зүйл, тоног хэрэгсэлтэй харьцдаг бол бүрэн эзэмшээгүйгээс шалтгаална. Тиймээс аялал зохион байгуулагч энэ болгоныгоо асар сайн бэлдсэн байх шаардлагатай. Жуулчдад заавар зөвлөмжийг байнга хэлэх ёстой. Усанд сэлэлтийн дэлхийн аварга байлаа ч манай аяллыг сонгож байгаа бол ийм зөвлөмжөөр аялна гэдгийг ярьж тохирох хэрэгтэй.
Монголд аялж байгаа хүмүүсийн сэтгэл ханамж массаараа их сайхан байдаг.
Монгол амар амгалан, агаар тунгалаг, байгаль нь үзэсгэлэнтэй, хүн ард нь зочломтгой. Тэр сэтгэгдлийг унагаах гээд байдаг цөөн хүчин зүйлс бий. Аяллын явцад дэд бүтцийн асуудал, жорлон, зам харгуй, осолд өртөх гэх мэт. Зарим тохиолдолд хөтөч, жолооч зүй бусаар хандсан тохиолдол гарна. Энэ бол ихэвчлэн үйлчилгээтэй л холбоотой байдаг. Аяллыг удирдаж байгаа хүмүүс жуулчдын сэтгэл зүйг ойлгож, аль үед яаж сэтгэлийг нь өргөж тайлбарлах вэ гэдэг нь чухал. Аялал жуулчлалын бизнесийг илүү мэргэжлийн түвшинд хийгээсэй гэж хүсдэг. Мэргэжлийн бус хүмүүс сонирхогчдын хэмжээнд ажиллахаар салбарын нэр хүнд унана. Нэг хүний зүй бус үйлдэл улс эх орны сөрөг имиж болох магадлалтай. Их болгоомжтой хандах ёстой.
-Аялал жуулчлалын салбарын хэдэн хувь нь мэргэжлийн хүмүүс байдаг бол. Энэ талаар хийсэн судалгаа бий болов уу?
-2017 онд зөвхөн байр сууцны үйлчилгээ үзүүлдэг жуулчны баазын удирдах түвшний хүмүүсийг судлахад 30-40 орчим хувь нь мэргэжлийнх байсан. Бусад нь өөр салбараас мэргэшиж орж ирсэн хүмүүс эзэлж байсан гэх судалгаа байдаг. Тэрнээс нийт салбараар нь хэлэхэд хэцүү. Хөгжлийн явцад ашигтай бизнес гэж орж ирж байгаа хүмүүс олон байгаа. Тэр хүмүүс илүү мэргэших хэрэгтэй.
Олон төрлийн сургалтыг зохион байгуулдаг ч тэнд суух эсэх нь хувь хүний сонголт. Аялал жуулчлалын салбар маш олон оролцогч талтай, өргөн салбар. Жолооч, хөтөч, удирдлагуудад зориулсан богино хугацааны сургалт явагддаг.
-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлэн найруулгыг баталсан. Хуульд ямар дорвитой өөрчлөлтүүд оруулж байгаа вэ?
-Зөвшөөрлийн тухай хуулиар аялал жуулчлалын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Хуульд орж байгаа хэд хэдэн гол зүйл заалт бий. Салбарын мэргэжлийн холбоо гэдэг нэртэй нийтийн хуулийн этгээдийг байгуулж байгаа юм. Энэ холбоог долдугаар сарын 21-нд байгуулсан. Аравдугаар сараас дахин хурлаа хийж, салбарын бүх оролцогч талууд холбоогоо байгуулж, төртэй харьцдаг байгууллага болох юм билээ. Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг илүү тодорхой оруулсан, хуучин байсан санг шинээр сэргээх асуудлыг ярьж байгаа гэсэн.
-Жуулчид Монгол Улсыг заавал ирж үзэх ёстой шалтгаануудыг нэрлэвэл?
-Хүн болгоны сонирхол харилцан адилгүй. Жуулчдын Монголыг зорин ирэх шалтгаан өөр өөр. Нэгдүгээрт, Монгол өргөн уудам нутагтай, байгалийн сонирхолтой хэв шинжтэй, хүн ам бага суурьшсан, хөдөө орон нутагт гараад ирвэл жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг.
Дэлхийн олон сая хүн амтай хотод амьдардаг хүмүүст жинхэнэ эрх чөлөөг мэдрүүлдэг сайхан газруудын нэг бол Монгол.
Мөн цэнгэг агаартай, унаган байгаль, нүүдлийн соёлоо хадгалж чадсан гэдгээрээ онцлог. Адал явдалт аялал хийхдээ унадаг дугуй, мото, автомашинаар аялах бүрэн боломжтой. Монголчууд өөрсдөө энэ болгоныгоо анзаардаггүй, голдог ч гадаадын жуулчид тэр мэдрэмжийг авах нь сонин содон байдаг.
Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ