Өвөлдөө утаанд хордож, зундаа үерт урсдаг нийслэлчүүдийн зовлон их ээ. Намрын сар эхэлснээр ирэх есдүгээр сарын дунд үеэс хөрсөн дээр цочир хүйтрэх төлөв мэдээтэй. Хүйтрэхтэй зэрэгцэн утаа униарын асуудал хөндөгдөнө.
Хэдхэн хоногийн өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн НИТХ-ын хуралд хагас кокс нүүрсийг өвлийн оргил ачааллын үед 45 хоног туршиж, утааг хоёр дахин бууруулах төлөвлөгөөг танилцуулсан нь олны шүүмжлэлд өртөв. Төсөв өртөг нь 177.5 тэрбум төгрөг байх бөгөөд хагас кокс нүүрсийг урд хөршөөс импортоор авах тухай мэдээлэл олны эгдүүцлийг хүргэв.
Үнэндээ эрх баригчид төсвийн мөнгөөр гараа угааж, 177.5 тэрбумыг салхинд хийсгэх нь гэсэн харуусал төрснийг нуух юун. Өнөөдрийн байдлаар нийслэлд 230 мянган өрх гэр хороололд амьдарч байгаа тооцоо бий. Тиймээс утааг багасгаж нийслэлчүүдийг гал алдуулахгүйн тулд импортийн нүүрс туршихаас аргагүйд хүрснийг албаныхан хэлж байна.
ХАГАС КОКС НҮҮРС, КОКСЖСОН НҮҮРС ХОЁР ТЭМЭЭ ЯМАА ШИГ ЯЛГААТАЙ ГЭВ
Налайхад байрлалтай шахмал түлшний үйлдвэрт 18.00 цагийн орчимд албаныхан туршилтаа танилцуулахад бэлэн болжээ. Дөрвөн газарт зуух байрлуулсан байх бөгөөд нэг зууханд нь шахмал түлш, нөгөө зууханд нь хагас кокс нүүрсийг түлж, туршиж үзүүлэхээр бэлтгэжээ. Хагас кокс нүүрс харахад шахмал түлшнээс огт ялгаагүй. Үнэр, хэмжээ яг адилхан. Дөрвөн байрлалд тавьсан зуухыг эхнээс нь галлаж үзүүллээ. Модоор асаасан шахмал түлш, хагас кокс түлш ялгаагүй утаа уугина. Харин мод шатаад дууссаны дараа утаа хагас кокс түлсэн зуухнаас арай бага харагдаж байлаа.
Хамгийн цаад талын зууханд мөн л ялгаагүй шахмал, кокс хоёр түлшийг ижил хэмжээтэй хийжээ. Зориулалтын цахилгаан асаагчтай байх тул 2-3 минут асаасны дараа түлш шатаж эхэллээ. Асаагчаар асаасан түлшнээс утаа ялгарч байгаа нь бага харагдана. Хэрэвзээ Хотын дарга НИТХ-ын шийдвэрийг дэмжиж, Б.Чойжилсүрэнгийн “туршилтад” гарын үсэг зурах аваас ирэх арванхоёрдугаар сарын дунд үеэс эхлэн хагас кокс түлшийг айл өрхүүдэд туршина.
Ингэхдээ, үнийн хувьд одоо байгаа шахмал түлшний үнээр худалдана. Харин зориулалтын цахилгаан асаагчийг тендер зарлаж худалдан авах гэнэ. Хэрэвзээ, хагас кокс түлшийг зориулалтын асаагчгүйгээр асаавал утаа ялгаагүй гарахыг албаныхан хэлнэ лээ. Түүнчлэн хагас кокс түлш, кокжих нүүрс тэмээ ямаа шиг ялгаатай болохыг сайд хэлсэн.
УТААГ БҮРЭН АРИЛГАЖ ЧАДАХГҮЙ, ГЭХДЭЭ ХОЁР ДАХИН БУУРУУЛНА
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Энэ оноос эхлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдон ажиллаж байна. Энэ хооронд агаарын бохирдолтой улс орнуудын туршлагыг судалж үзлээ. Тухайлбал, Лондон, Сөүл, Бээжингийн туршлагыг судаллаа. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад одоо байгаа түлшний түүхий эдийг солих шаардлагатай юм байна. Хагас кокс нь коксжих нүүрсээс ондоо бүтээгдэхүүн. Хагас кокс бол эхний ээлжид хүрэн нүүрсийг дулааны аргаар боловсруулж, дутуу шатаан 1700 градуст жигнэдэг.
Туршилтаар:
- Мидлинг түлштэй харьцуулахад хүхрийн хэмжээ 2.4 дахин буурч байгаа.
- Дэгдэмхий жишээлбэл 22.5 байгаа бол 10.5 болж буурсан.
- Тоосонцор 154 байсан 45 болж бууж байгаа гэх мэт хоруу чанар нь 2-4 дахин буурсан.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос уг туршилтад 242 сая төгрөг зарцуулсан. Мөн Хятадад хэд хэдээгийн удаагийн туршилт хийж, зөвлөх баг ажиллуулсан. Одоогоос гурван долоо хоногийн өмнө НИТХ дээр танилцуулга хийсэн. Ингэхдээ, 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас ирэх оны нэгдүгээр сарын 31-ныг хүртэл 45 хоногийн хугацаанд мидлинг түлшийг хагас коксоор орлуулаад түлш хийж үзэхэд 177.5 тэрбум шаардлагатай гэж үзсэн.
- Үүний 120 орчим тэрбум нь хагас коксыг импортлох, гадаад дотоод тээврийн зардал,
- 20 тэрбум нь асаагчийг импортлоход,
- 3-4 төрлийн барьцалдуулагчийг импортоор авч түлшний чанарыг өөрчилж үзье гэсэн шийдвэр гаргаад явж байна.
2023 оны арваннэгдүгээр сард багтаан энэ түлшийг оруулж ирвэл тухайн сардаа багтаагаад 110 мянган тонныг арванхоёрдугаар сарын 15 хүртэл үйлдвэрлээд мидлингээр үйлдвэрлэж буй шахмал түлшийг зогсоож, хагас коксыг түлэх төлөвлөгөөтэй байна.
Утаа бүрэн арилахгүй. Гэхдээ хоёр дахин бууруулах хүлээлттэй байгааг лабораторийн дүн харуулж байна” гэлээ.
ХАГАС КОКСЫН ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ ХИЙГДЭЖ БАЙНА
Иргэдийн зүгээс хамгийн их хэлж буй санал нь 177.5 төгрөгөөр импортоор хагас кокс авахаас илүүтэй хагас коксыг дотооддоо үйлдвэрлэх ёстойг хэлж буй. Албаны хүмүүсийн хэлснээр 2024 онд багтаан хагас коксыг дотооддоо үйлдвэрлэх зорилттой явж байгаа гэнэ. Харин үйлдвэрийн ТЭЗҮ ирэх сарын дундуур бэлэн болох аж. Уг үйлдвэрийг 600 мянган тонны чадалтай барих бөгөөд Багануурын уурхайд түшиглэн барих юм байна. Хөрөнгө оруулалтыг гаднын санхүүжилтээр шийдвэрлэж, Монголын талаас үйлдвэр барих газрыг гаргаж өгөх юм байна. Хэрэвзээ, үйлдвэр баригдсан тохиолдолд гурван төрлийн бүтээгдэхүүн гарна. Тухайлбал, хагас кокс, давирхай, хий гарах аж. Үнийн хувьд хагас коксын үнэ нэг тонн нь 350 мянга байх гэсэн тооцоог хийжээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Үргэлжлэл бий…
Холбоотой мэдээ