ОХУ-ын Украин дахь түрэмгийлэл болон АНУ, Хятадын өрсөлдөөн нь геостратегийн хоёр чухал үр дагаварт хүргэв. Эдгээр үйл явдал нь Европын холбоо болон НАТО-д шинэ салхи сэвэлзүүлж, “BRICS”-ийг зургаан орноор бүл нэмэхэд хүргэв. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн бүрэлдэхүүнтэй “BRICS” бүлэг Саудын Араб, Иран, Арабын нэгдсэн Эмират, Аргентин, Египет, Этиопоор бүл нэмсэн нь энэ долоо хоногт Йоханнесбургт болсон дээд хэмжээний уулзалтаар батлагдлаа. Шинэ өөрчлөлтүүдийг дагасан чиг хандлага ирэх 30 жилд илүү тогтвортой хөгжих болно.
“BRICS”-ийн тэлэлт ам.долларын хувь заяанд хэрхэн нөлөөлөх талаар энэхүү нийтлэлд илүү дэлгэрэнгүй авч үзнэ.
“BRICS”-ийн орнуудыг бодвол өрнөдийн эдийн засаг илүү хүчтэй, илүү хөгжингүй юм. Тиймээс дэлхийн эдийн засаг дахь ам.долларын ноёрхлыг “BRICS” түлхэн унагаана гэх таамаглал тийм ч хурдан биеллээ олохгүй байх магадлалтай. “BRICS”-ийн гишүүн орнууд ам.доллараар дэмжигддэг олон улсын санхүүгийн системээс гарах хүслээр нэгдсэн гэхэд болно.
Тэгвэл ам.долларыг нэг удаа орлуулахын оронд төрөлжүүлэх хүчин чармайлт нь “BRICS”-ийн орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн хүчийг нэмэгдүүлэх юм. Бразилаас бусад бүх улс “SWIFT” системийн өөр хувилбаруудыг бий болгож, тодорхой хэмжээнд амжилт олсон. Африкт л гэхэд ам.долларын арилжааны хамаарлыг бууруулах тив хоорондын платформ “PAPSS” гэгч байдаг. Энэ нь Пан-Африкийн төлбөр тооцооны систем гэсэн үгийн товчлол юм.
“BRICS”-ийн орнууд хоорондын худалдааныхаа төлбөрийг ихэвчлэн өөрсдийнхөө мөнгөн тэмдэгтээр хийх болсон. Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан тунхаглалдаа тэд энэ тал дээр дахин нэмэлт арга хэмжээ авах саналыг тусгажээ. Цаашилбал, тэд гадаад нөөцөө ам.доллараас холдуулж, голдуу евро, швейцарь франк, англи фунт эсвэл япон иен рүү шилжүүлж байна.
Нефть, байгалийн хийн үнийг ам.доллараар тогтоохоо больсны дараа дэлхийд тэргүүлэгч валютын ханшид томоохон өөрчлөлтүүд гарах юм. Энэ шалтгааны улмаас Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсуудыг “BRICS”-д гишүүнээр элсүүлсэн гэж үзэж байна.
Гэхдээ ойрын ирээдүйд ам.доллар аюулгүй. Яагаад гэвэл “BRICS”-ийн орнуудын хоорондын худалдаа нийтлэг валютыг хадгалахад хэтэрхий бага байгаа аж. Улс хоорондын худалдааны тэнцэл ижил байж гэмээнэ өөрсдийн мөнгөн тэмдэгтээр худалдаа хийх нь утга учиртай. Энд нэг жишээ дурдахад, ОХУ саяхан Энэтхэгт их хэмжээний газрын тос нийлүүлж, рупигээр наймаалцсан. Гэвч ОХУ өдгөө Энэтхэгээс бараа худалдаж авахаас бусад тохиолдолд зарцуулж, хөрвүүлэх боломжгүй бөөн рупитэй сууж байна.
Харин хятад юанийн хувьд хөрвөх чадвар хангалтгүй юм. Хятадын эдийн засгийн өсөлт сайнгүй байх тусам ирээдүйд гарах эрсдэлийг мэргэжилтнүүд таамаглаж байна. ОХУ геополитикийн хувьд ам.доллараас татгалзсан нь юанийн ханшид нэмэлт түлхэц болсон ч Хятадын хөрөнгийн хяналт тодорхой хэмжээнд саад учруулсаар байна. Тус улс юанийн своп шугамыг олшруулсан нь өөрийн мөнгөн тэмдэгтийг худалдаа, олон улсын нөөцөд эргэлтэд оруулахад тус дөхөм болжээ.
Үндсэндээ төв банкуудын валютын нөөцөд ам.долларын эзлэх хувь буурсан боловч зах зээл дэх бодит хэрэглээ нь өөрчлөгдөөгүй хэвээр. Ам.долларын өрсөлдөөнд евро хоёрдугаар байранд яваа мэт санагдаж магадгүй юм. Гэхдээ ачир дээрээ еврогийн давамгайлал зөвхөн Европ тивд ажиглагдаж байна.
Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтын үеэр ам.долларыг орлож болох зарим нэг сул хувилбарыг танилцуулжээ. Тодруулбал, “BRICS”-ийн орнуудын мөнгөн тэмдэгтээс гадна алт, криптовалютыг нэрлэсэн. Гэвч хүмүүс алтны стандарт руу буцахыг тэгтлээ хүсэхгүй гэж шинжээчид үзэж байна. Эрсдэл өндөртэй учир криптовалют бүр бүтэшгүй хувилбар аж.
Зөвхөн “BRICS”-ийн гэх тусдаа валют бий болгох асуудал ч яригдсан. Гэвч үүний тулд олон хүчин зүйл шаардлагатай. Одоогийн гишүүн таван орон эдийн засгийн хувьд өөр хоорондоо томоохон ялгаатай учир тусдаа валюттай болох нь үнэхээр хөнгөн хийсвэр санаа юм.
Ам.долларын ханш уналтынхаа зам руу орсон гэсэн баттай нотолгоо олж харахгүй байгаагаа эдийн засгийн шинжээчид хэлж буй. Ямар ч валют ам.долларыг орлох валют болох нэн тэргүүний статустай болоогүй байна. Гэхдээ мэдээж дэлхийн эдийн засаг, геополитикоос хамаарсан сорилтууд ам.долларт тулгарсаар байна. Ам.доллар нь 80 жилийн турш дэлхийн эдийн засагт давамгайлсан. Үүнийг дагаад барууны орнууд дэлхийн засаглал, санхүүгийн асуудалд хүчтэй нөлөө үзүүлдэг. Тиймээс хөгжиж буй орнуудын бүлэг энэ асуудлыг шийдвэрлэхээр хичээж байна.
Эх сурвалж: AL JAZEERA, ISS AFRICA
Холбоотой мэдээ