Өнгөрөгч зуны үерийн гол буруутан нь өнөөдөр "Авлига хороолол" болсон. Эрх баригчдын зүгээс тэрхүү хорооллыг нураахаа илэрхийлж буй бол эсрэгээрээ иргэдийн зүгээс үүнийг шүүмжлэх болсон билээ. Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн биеэр тус барилгын ажилтай танилцаж, арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгасан. Харин барилгын эздийн зүгээс уг барилгыг нураах ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй болохыг зарласан агаад "Эм Энд Жи Констракшн” ХХК-ийн зүгээс мэдээлэл хийхдээ барилгын явц, улсын комисс, холбогдох албаныхан гаргасан шийдвэрийн талаар мэдээлсэн юм.
Эндээс нийгмийг хоёр талцуулсан уг асуудалд хэн буруутай вэ гэсэн АСУУЛТ тавигдаж буй. Хэрэвзээ голын гольдролыг өөрчилж барилга барьсан нь буруу гэвэл тэдэнд зөвшөөрөл олгосон албан тушаалтнууд ч буруутай билээ.
Ингээд дээрх асуултын хариу болгож , 2022 оны тавдугаар сард Барилгын хөгжлийн төвийн Өндөр барилга, газар хөдлөлтийн урьдчилсан арга хэмжээ, тооцооны мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна. Тус хурлын үеэр зөвлөлийн гишүүдийн зүгээс хэд хэдэн санааг барилга баригдаж байх үед гүйцэтгэгч талд онцолж хэлж байжээ. Тухайлбал, барилга баригдсанаар газар хөдлөлтийн бүсэд байгаа эсэхийг шалгуулах, устай ойр байрласан байдал, түгжрэл үүсгэх гээд олон асуудлыг хэлж, саналаа дэвшүүлж байжээ.
…Тэгэхээр энэ олон өндөр байшингуудын доогуур чинь тектоникийн хагарал байна уу, үгүй юу. Байж магадгүй шүү. Голын сав дагуу газар учир. Техтонокийн хагарал нь байвал яг хаана байна, гэдгийг тодруулах хэрэгтэй. Байршлаа солих асуудал ч гарч ирж магадгүй. Өндөр байшинг заавал зайлуулна гэж байгаа шүү дээ.
…2-рт хорооллоос өглөө гараад явах, орой гэртээ харьж чадахааргүй их ачаалал үүсэхээр харагдаж байна. Орц гарцын тооцоо байна уу. Их олон орц гарцыг дурдсан. Энийг яг тооцсон тооцоо байна уу.
…2040 оных дээр ямар нэгэн байдлаар тусгасан байдал байхгүй. Тухайн талбай анх 2008 онд орон сууцны зориулалтаар олгогдсон. Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр хот төлөвлөлтийн мэдээллийн санд далангийн хойд талаар ногооноор тусгасан хэсэгт усны онцгой хамгаалалтын бүс гэж байгаа. Энэ нь Усны тухай хуулиараа үерийн далантай бол онцгой хамгаалалтын бүс гэж тогтоохгүй гэж заагдсан.
…Өндөр барилгын хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал байдаг. Бид энэ барилгад огт анхаарахгүй байна, хамгийн их халдлага гардаг бүс. Аюулгүй байдал талаас нь ямар арга хэмжээ авсан бэ. Мөн энэ барилгууд чинь хоорондоо их ойрхон байна, бүгд нурахгүй гэсэн тооцоо байна уу. Газар хөдлөлтийн үед цугларах газар гэж байдаг. Тэрийг хаана төлөвлөсөн бэ. Хэчнээн хүнийг хаана багтаах вэ?
…Инженер геологийн судалгааг 2 компани хийж байсан юм байна. Энэ компаниуд нь голын голидрол дах урсгалыг гидрологийн болон гидрогеологийн судалгааг хийж өгөх ёстой. Зоорийн давхар нь хэдэн метр байх нь архитектур төлөвлөлтийн даалгаварт байхгүй байна, би олсонгүй. Гараж нь хэдэн давхар байх нь тодорхойгүй байна. Суурь суух өндөр мэдэгдэхгүй байна. “0” төвшинээс доош зоорийн давхар хэр доор суух юм, талбай дээр хуримтлагдах ус болон хөрсний ус мөн барилга барихын тулд усаа шавхах хэрэгтэй, усыг нь их шавхаад хаях юм бол гидростатик даралт нь буураад барилга талбайгаа эвдэх гэх мэт асуудлаа хэрхэн шийдэх вэ. энэ асуудлаа шийдчих юм бол барилга барих явц чинь асуудалгүй байна гэсэн үг. Хөрсний уснаас хамгаалах хэрэгтэй энд шүүрлийн систем төлөвлөхгүй бол зоорь бүтэн усанд идэгдэх асуудалтай тулгарна. Бетоны ус нэвчилтийн зэргийг тавиагүй байна.
Хурлын тэмдэглэлийг бүрэн эхээр нь хүргэж байна /2022 оны тавдугаар сар, Барилгын хөгжлийн төв/:
Хуралд оролцсон гишүүд:
- Зөвлөлийн дарга Э.Ганзориг /Конструктор инеженер, зөвлөх инженер/
- Зөвлөлийн орлогч дарга Г.Тулга /Конструктор инеженер, зөвлөх инженер/
- Зөвлөлийн гишүүн Б.Лхагвасүрэн /Конструктор инеженер, зөвлөх инженер/
- Зөвлөлийн гишүүн Ц.Шарваа /Конструктор инеженер, зөвлөх инженер/
- Зөвлөлийн гишүүн Б.Энхболд /БХТ-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер/
- Зөвлөлийн гишүүн Д.Дашжамц /Барилгын инженер, академич/
- Зөвлөлийн гишүүн А.Цогтжав /Цахилгааны инженер, зөвлөх инженер/
- Зөвлөлийн гишүүн А.Цогт /Дулаан хангамж, ариутгах татуургын инженер, зөвлөх инженер/
- Зөвлөлийн гишүүн Д.Мягмар /Ус хангамж, ариутгах атуургын инженер, зөвлөх инженер/
- Зөвлөлийн гишүүн Ж.Наранцэцэг /Холбоо дохиолллын инженер/
- Зөвлөлийн гишүүн Ч.Отгонтөгс /Галын аюулгүй байдлын инженер, мэргэшсэн инженер/
- “Эм Энд Жи Констракшн” ХХК-ийн захиалгаар ХУД 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдах /25 давхар/ үйлчилгээтэй орон сууцны барилгын зургийн даалгавар.
- Э.Ганзориг: Бүгдэд нь энэ өдрийн мэнд. За эхний хэлэлцэх асуудал “Эм Энд Жи Консракшн” ХХК-ийн захиалгаар ХУД 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдах /25 давхар/ Үйлчилгээтэй орон сууцны барилгын зургийн даалгавар. Захилагчаас байна уу, танилцуулга хүргэх хүн нь товчхон, даалгавраа голчлон яриад танилцуулаарай. Тэрхүү хуралд оролцогчдоос усны гольдрол өөрчилж баригдсан уг барилгыг хэн эсэргүүцэж, хэн дэмжиж буйг доорх диолагиас харна уу?
Гүйцэтгэгч: Танилцуулга хүргэв. / Танилцуулга хавсралтаар/
Э.Ганзориг: За асуултдаа орцгооё. Хотоор батлагдсан уу?
М.Золбаяр: Батлагдсан, та араас нь энэ батлагдсан эскиз хараарай энэ байна шүү. Ерөнхий байршил нь энэ байна. Гүүр барьж байгаа компаний түр барилга байгууламжийн хэсэг байна. Энэ ерөнхий шинэ гүүр ингэж орж ирээд, нарны зам дагуу төмөр замын урд, Төмөр замаас хамгаалалтын зурвасыг аваад хийсэн байгаа. нийт барилгын хүчин чадал, хэмжээ, ногоон байгууламж, 22.5 хувь барилга байгууламж, 18 хувь ногоон байгууламж, 29 хувь зам талбай нийтдээ 1080 айл, дулаан далд зогсоол 300ш, ил зогсоол 215ш. Газар доогуур нэгдсэн зогсоол, араасаа орон сууцны байгуулалтууд. Барилгын нийт өндөр батлагдсан эскиз дээр 2.9м, зоорийн давхар орохоор 75м болоод байхаар нь ажлын зурган дээрээ шинэ газар хөдлөлтийн нормы дагуу зоорийн давхар ороод 75м байхаар төлөвлөж байгаа.
Д.Дашжамц: Өндөржилтийн зураг хамгийн түрүүнд хийгдэх ёстой. Хэмжээний асгаас хийх юм бэ. Гэх мэт судалгаа чинь геологийн судалгаагаар чинь гараад ирнэ. Тэр хавийн шороо асгаасыг дахин ашиглаж болох уу. Тэр хавиар их хэмжээний шороо, асгаас, хог байдаг. Энийг сайн тооцоолж байж төвшинг нарийн гаргана. Хоёрт, хорооллоос өглөө гараад явах, орой гэртээ харьж чадахааргүй их ачаалал үүсэхээр харагдаж байна. Орц гарцын тооцоо байна уу. Түрүү их олон орц гарцыг дурдсан. Энийг яг тооцсон тооцоо байна уу.
М.Золбаяр: Энэ хэсэг зүүн тал руу гараад шинэ гүүрний баруун тал руу холбогдоно. Хоёрдох хэсэг нарны замаас соёмботой хөшөө рүү орсон төмөр замын гармын замруу холбогдоно. Баруун талдаа мөн урагшаа хойшоо баруун тийшээ гэж холбоглоно.
Д.Дашжамц: Наад замууд чинь угийн ачаалал өндөртэй замууд гэтэл ийм их хэмжээний айлууд нэмэгдээд ирэхээр багтаамж, урсгалын тооцоог тооцон уу? Гэж асуусан. Тооцоогүй бол үгүй л гэж хариулахад болно. Энэ талын тооцоо судалгааг тооцож үзэх хэрэгтэй.
М.Золбаяр: Ойлголоо, заавар зөвлөмжийг дагаад даалгаварт тусгая.
Д.Дашжамц: Шулуун явж буй зам руу айлууд хажуу талаас нь орох гээд тэнд түгжрэл үүснэ. 3-рт геофизкийн судалгаа хийлгээгүй юм байна тийм үү?
М.Золбаяр: Одоохондоо хийлгээгүй байгаа.
Д.Дашжамц: Тэгэхээр энэ олон өндөр байшингуудын доогуур чинь тектоникийн хагарал байна уу, үгүй юу. Байж магадгүй шүү. Голын сав дагуу газар учир. Техтонокийн хагарал нь байвал яг хаана байна, гэдгийг тодруулах хэрэгтэй. Байршлаа солих асуудал ч гарч ирж магадгүй. Өндөр байшинг заавал зайлуулна гэж байгаа шүү дээ.
М.Золбаяр: Одоохондоо үндсэн геологийн судалгаа гарсны дараа одон орон геофизикийн үндэсний судалгааны төвөөр барилгын талбайн судалгаа хийлгэх захиалга хийгдсэн байгаа. зургийн даалгавар дээр талбайн судалгааг мөн ашиглана.
Д.Дашжамц: Геофизикийн судалгаа гэхээр ганцхан тэднийх биш л дээ. Геофизик хийдэг үндсэн мэргэжлийн инженер геологийн компаниудаар хийлгэх хэрэгтэй. Тэд нар чинь барилга мэдэхгүй улсууд шүүдээ. Тэгээд барилга мэддэг мэтээр яриад байгаа болохоос биш. Саяхан л хурал дээр тийм шүүмжлэл гарсан учраас би хэлээд байгаа юм. Инженер геологийн компаниуд нь геофизик хийдэг компанудад хандахгүй ганцхан газар хэмждэг хүмүүст хандаад байх юм. Улаанбаатарт үерээс болоод олон хүний амь эрсдэж байсан тул үерийн ус болон газар доор усны түвшин ойртой хэсэг дээр барилга баригдах учир үер болон газар доор усыг хэрхэн яаж зайлуулах тал дээр яаж анхаарах вэ? Нарийвчилсан менежер геологийн судалгааг заавал хийлгэх хэрэгтэй. Барилгын талбай дээр даацын гүнд тодорхойлох, усны түвшинг тодорхойлох, шавхалт хийх талаар сайн тодорхойлох.
Г.Тулга: Надад 5 асуулт байна. 1-рт даалгаврын 25-д авто машины жинг 2.5-4 тн гэсэн байна. Норм дээр 3 тн хүртэл бол ачаагаа ингэж авна, 3-16 бол ингэж авна гэсэн байгаа. Харин 2:5-4тн гэж заахаар ачааллаа яаж авах вэ? 2-рт нисдэг тэрэгний талбай дээр буух онгоцыг нэг марк заагаад бичсэн байна. та нарын заасан онгоц онцгой байдлын хэрэглэж байгаа онгоцноос арай өөр байна лээ. Тэр онгоц буухгүй юм уу, онцгой байдалтай юу гэж зөвшилцсөн юм бэ? 3-рт даалгавар дээр орон сууцны өрөө тасалгаанд ачаалах жинг 150кг гэж заасан байна, угна бол норм дээр байгаа. Дээр нь динамикийн итгэлцүүр 1.2 гээд заачихсан байна лээ. Энэ ямар учиртай юм бэ? 4-рт архитектураас хүн байхгүй болохоор асууж байгаа юм шүү. 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөн дээр энэ хэсгийн төлөвлөлтийг юу гэж заасан байгаа бэ?. Орон сууцны зориулалттай байгаа эсэхийг шалгах. 5-рт нарнын тусгалыг шалгасан зураглал дээр цэцэрлэг байхгүй байна.Цэцэрлэг өөрөө нарны тусгалын хангамжийг хамгийн их шаарддаг барилга. Одоо байгаа байрлал зайгаар харахад цэцэрлэгт нарны тусгал нь хангалттай харагдахгүй байна, хойд ангиу нар үзэхээргүй байна. Үүн дээр хийсэн тооцоо судалгаа байвал үзүүлээч?
М.Золбаяр: Авто машины жингийн хувьд багцаагаар авсан. Эндээс гарах даалгавар дээрх шаардлагаар засъя. Нисдэг тэрэгний хувьд буухгүй зөвхөн кабин буухаар төлөвлөж байгаа.
Г.Тулга: Тэгвэл энд онгоцны марк зааж өгсөн нь ямар учиртай юм бэ?
М.Золбаяр: тэрийг буухгүй учраас хасчихъя. 3-р асуултын динамик илтгэлцүүрийн асуудлыг мөн адил хасчихъя.
Г.Тулга: Орон сууцан дээр онцгойлж үзэх төлөвлөлт байхгүй бол тэр угаасаа хэрэггүй шүү дээ.
М.Золбаяр: 2040 оных дээр ямар нэгэн байдлаар тусгасан байдал байхгүй. Тухайн талбай анх 2008 онд олгогдохдоо орон сууцны зориулалтаар олгогдсон. Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр хот төлөвлөлтийн мэдээллийн санд далангийн хойд талаар ногооноор тусгасан хэсэгт усны онцгой хамгаалалтын бүс гэж байгаа. Энэ нь усны тухай хуулиараа үерийн далантай бол онцгой хамгаалалтын бүс гэж тогтоохгүй гэж заагдсан. Мэдээллийн сан шинэчлэгдээгүй байна гээд төмөр замаас хамгаалалтын бүс тогтоогоод далантайгаа тулгаад төлөвлөөрэй гээд даалгавар гарсан. Нарны тусгалын хувьд манайх 3 цэцэрлэг одоогоор төлөвлөсөн байгаа. Сая архитектур төлөвлөлтийн даалгавар дээр энэ бүхэл бүтэн хорооллын хэмжээнд баригдах байгууламж учир хорооны барилга, өрхийн эмнэлгийн барилга төлөвлөх талаар яригдсан. Тэгэхээр яваандаа нарны тусгал тусгал хангахгүй байгаа цэцэрлэгийн барилгаа өрхийн эмнэлгэ, хорооны барилга болгож магадгүй. Хойд хэсгийн ангиуд хэрвээ нар үзэхгүй гэвэл урдуур нь анги нэмж нормын дагуу төлөвлөнө.
Г.Тулга: Цэцэрлэг дээр нарны тусгал тооцож үзээгүй байгаа юм байна тэ?
М.Золбаяр: Энэ дээр бол таны хэлсэнчлэн хойд талын ангиуд хангахгүй байгаа.
Э.Ганзориг: Сургуулийн байгууллагын төлөвлөлт байна уу?
М.Золбаяр: Байгаа, 100 хүүхдийн сургууль төлөвлөсөн байна.
Э.Ганзориг: Сургууль нь үнэгүй улсын сургууль байх уу?. Хувийн төлбөртэй сургууль байх уу?
М.Золбаяр: тэрийг одоогоор шийдээгүй байгаа. манай захиалагчийн зүгээс 1 цэцэрлэгийн хороо, өрхийн эмнэлэгтэйн улсад хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаа. Бусдыг нь шийдээгүй байна.
Э.Ганзориг: Хэрвээ хувийн үнэтэй сургууль байвал оршин суугчид нь хүүхдүүдээ дагуулаад өөр чиглэл рүү явна.
М.Золбаяр: Тухайн үедээ сургууль ашиглалтанд орох үед улстай тохирох байх.
Б.Энхболд: Надад 2 асуулт байна.1. Эдэлбэр газрын хэмжээ 30%-аас доошгүй нь ногоон байгууламж байна гэж байгаа, яг хэдэн хувь нь байна. Хоёрт, барилга бүтцийн харьцаа 0.4% гэж байдаг. Тэр нь яг хэдэн хувьтай гарсан бэ?
М.Золбаяр: ногоон байгууламж 18%, бүрхэцийн харьцаа 22 хувь байхаа.
Э.Ганзориг: өөр асуулт байна уу?. Байхгүй бол саналдаа оръё.
Б.Энхболд: ногоон байгууламжийн 18 хувиа 30 хүртэл нэмэгдүүлж болох уу?
М.Золбаяр: Болно, явган хүн, дугуйн замын 29.5 хуиас мөн нэмэгдүүлэх боломжтой.
Э.Ганзориг: гадна зогсоолын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
М.Золбаяр: Далд зогсоол 415ш, ил 200ш байгаа, нормын шаардлагыг нилээн дөхүүлсэн байгаа.
Э.Ганзориг: Дөхүүлнэ гэсэн заалт байхгүй, биелүүлэх л ёстой.
Б.Энхболд: би дахиад нэг асуулт асууя. Хамгийн зүүн талын барилга, гүүр 2-н дундуур 110 квт-н өндөр хүчдэлийн шугам явж байгаа. эндээс өндөр барилгын чинь зай хэр байгаа вэ?. Шаардлага хангаж байгаа юу?
М.Золбаяр: 110-н шугам гүүрний нөгөө талаар явж байгаа байхаа. Энийг сайн тодруулъя.
Б.Энхболд: Тэгээрэй сайн тодруулах шаардлагатай байх. Тэгээд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байрлал болохоор тэрийг маш сайн анхаараарай.
Ц.Шараа: Энэ барилгууд төмөр замаасаа хэр зайтай вэ?. Араар нь галт тэрэг хөдөлгөөнд ороход барилгуудад хэр хэмжээний нөлөө үзүүлэх вэ. Энэ талаар судалж үзсэн үү?
М.Золбаяр: Төмөр замаас 40м зайтай байгаа. Төмөр замын динамик тооцох заалт манай норм дээр байхгүй байхаа. Байвал бид тооцоондоо оруулаад явна аа.
Г.Тулга: Байлгүй яахав.
Б.Лхагвасүрэн: Өндөр барилгын хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал байдаг. Бид энэ барилгад огт анхаарахгүй байна, хамгийн их халдлага гардаг бүс. Аюулгүй байдал талаас нь ямар арга хэмжээ авсан бэ. Мөн энэ барилгууд чинь хоорондоо их ойрхон байна, бүгд нурахгүй гэсэн тооцоо байна уу. Газар хөдлөлтийн үед цугларах газар гэж байдаг. Тэрийг хаана төлөвлөсөн бэ. Хэчнээн хүнийг хаана багтаах вэ?
М.Золбаяр: Газар хөдлөлтийн үеийн онхолдолтийн тооцоогоор тооцож байгаа.
Б.Лхагвасүрэн: Энэ талын аюулгүй байдлыг хэрхэн тооцоолсон бэ. Тэр чигээрээ зоорийн давхар байна, хамгийн эрсдэлтэй обьект. Хамгаалалт хэрхэн хийсэн бэ. Дотор тавих машины шаардлага ямар байгаа вэ. Барилга хоорондын зай бага байна. Газар хөдлөлтийн үед нурахгүй гэх тооцоо байна уу. Нурвал энэ хүмүүс чинь хаана зогсох вэ, хаашаа зугтаах вэ. Хариулт байхгүй гэж үзэх үү. Ямар нэгэн аюулгүй байдлын арга хэмжээ аваагүй гэж ойлгох уу.
М.Золбаяр: Шаардлагын дагуу даалгавартаа тусгаж өгье.
Д.Мягмар: Зоорийн байгуулалтаа гаргаад өгөөч, техникийн өрөө нь хаана байрласан бэ?
Гүйцэтгэгч: Орон сууц болгоны доор байрласан.
Д.Мягмар: Орон сууц болгоныхоо доор байрлахыг захиалагч хүссэн үү?
М.Золбаяр: Тийм, нэгдсэн банкны өрөө төлөвлөсөн. Орон сууцнуудын доор хуваарилах узелүүд байгаа. ус дулаан дамжуулах төв мөн төлөвлөсөн.
Ч.Отгонтөгс: Зоорийн давхар чинь нийтдээ 400 орчим машины зогсоолтой юм байна. Нийт хэдэн м.кв талбайтай байгаа вэ? Нормын дагуу галын таславчуудыг хийх ёстой. Энийг хэрхэн бүсжилж, тооцож хийсэн бэ? 2-рт нэгдсэн техникийн өрөөнүүд хийнэ гэж байна, бие даасан гарцтай байх ёстой. Мөн таславчаас хамааран 2-3 гарцтай байх ёстой. Энэ гарцуудыг хэрхэн тооцож хийсэн бэ?. Төмөр замаас хэдэн м-н зайтай байхыг нормод хэрхэн зааж өгсөн байдаг вэ? Норм дээрээ юу гэж заасан байдаг, яаж хийх ёстой байдаг, таславчийг хэрхэн хийх ёстой байдаг талаар асуух гэсэн юм. та бүхэн нарийн судалж хийсэн байх.
Гүйцэтгэгч: пандусыг 2 урсгалаар /100-с дээш/ № гэж тооцсон, 3 пандус гарахаар хийсэн. 3500м.кв-р галын таславчийг 3 хуваан хийсэн. Таславч болгоноос 2 орц гарцыг гаргахаар төлөвлөсөн. Орон сууцны шатыг утаа дамжихгүйгээр таслан шууд гадагш гарахаар 2 гарц хийсэн. Цахилгаан шатны хонгилыг нормоороо 100м дотор зоорь руу буухыг зөвшөөрдөг тул буулгасан.
Э.Ганзориг: Техникийн давхарт юу юу төлөвлөсөн бэ?. Нэлээд том харагдаж байна. шатны хонгилоос өөр өрөө байх шиг байна.
М.Золбаяр: Лифтний моторын өрөө болон сэнсний өрөө байрлаж байгаа.
Э.Ганзориг: Өөр өрөө байхгүй юм уу. Тэгээд ийм том байна уу?
М.Золбаяр: Өөр өрөө байхгүй. Сэнснүүд техникийн давхартаа давхцаад байдаг тул засвар хийхэд зориулж чөлөөтэй байдлаар төлөвлөсөн.
Э.Ганзориг: Өөр асуулттай гишүүн байна уу, байхгүй бол саналдаа орьё.
Д.Дашжамц: Төслийн даалгавруудыг дахин шинэчлэх хэрэгтэй юм шиг байна. архитектур төлөвлөлтийн даалгавар дээр хэчнээн машины багтаамжтай, гарцуудын нэмэлт тооцоог гаргаж, мэргэжлийн хүмүүсээр хийлгэх хэрэгтэй. Ийм асуудлыг тусгамаар байна. Инженер геологийн судалгааг 2 компани хийж байсан юм байна. Энэ компаниуд нь голын голидрол дах урсгалыг гидрологийн болон гидрогеологийн судалгааг хийж өгөх ёстой. Зоорийн давхар нь хэдэн метр байх нь архитектур төлөвлөлтийн даалгаварт байхгүй байна, би олсонгүй. Гараж нь хэдэн давхар байх нь тодорхойгүй байна. энийг тодрхой бичиж өгөх. Суурь суух өндөр мэдэгдэхгүй байна. “0” төвшинээс доош зоорийн давхар хэр доор суух юм, талбай дээр хуримтлагдах ус болон хөрсний ус мөн барилга барихын тулд усаа шавхах хэрэгтэй, усыг нь их шавхаад хаях юм бол гидростатик даралт нь буураад барилга талбайгаа эвдэх гэх мэт асуудлаа хэрхэн шийдэх вэ?. энэ асуудлаа шийдчих юм бол барилга барих явц чинь асуудалгүй байна гэсэн үг. Хөрсний уснаас хамгаалах хэрэгтэй энд шүүрлийн систем төлөвлөхгүй бол зоорь бүтэн усанд идэгдэх асуудалтай тулгарна. Бетоны ус нэвчилтийн зэргийг тавиагүй байна. бүтцийн даалгавар дээр ч байхгүй байна. Ус нэвчилтийн зэргийг заавал тусгаж өгөх хэрэгтэй. Өндөржилт, геодизи, картограммын тооцоог хийлгүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Асгаас хөрс гэдэг чинь урсаад яваад өгнө. Өөрөө урсацтай голын голидролтой учир үндсэн чулуун шавхарга нэлээд доор байна. ус нэвчих давхарга чинь их зузаан байх хэрэгтэй. Энийгээ даалгавруудад тусгаад гүйцэтгэх хэрэгтэй. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар усны мэргэжилтнээс асууж зөвлүүлэх. Өвөл хөлдөөд, усанд автахгүй байх талаар анхаараарай. Даалгавруудад барилгын зэргүүдийг өөр тавьсан байна. тус тусдаа хийгээд нийлүүлсэн юм шиг эдгээрийг сайн анхаарах хэрэгтэй.
Г.Тулга: Надад хэд хэдэн санал зөвлөмж байна. 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөгөөр энд юу төлөвлөгдсөн юм бэ, тодруултал хойшлуулмаар байна. Хэрвээ бусад гишүүд хойшлуулахгүй энэ хурлаараа явна гэх юм бол бүтэцтэй холбоотой 2 санал байна. Нэгт, 19-р зүйл дээр рам холбоостой карказ гэсэн байна, зураг дээр бол цутгамал ханатай юм шиг байна. Энийг хасах хэрэгтэй. Хоёрт, Төмөр замтай холбоотой асуудал. Ачаалал ба үйлчлэлийн норм дээр нийтлэг өгөгдлөөр тавигдах ерөнхий шаардлага дээр онцгой гэж үзэх төмөр замын динамик ачааллыг холбогдох техникийн нөхцөлд нийцүүлж эсвэл зургийн даалгаварт ачааллыг оруулж тооцно гэсэн заалт байгаа. Тиймээс түүний дагуу төмөр замаас ирэх динамик ачааллыг оршин суугчдын тухлаг байдлыг хангах талаар зааж өгч оруулах шаардлагатай. Гуравт, бүтцийн даалгаварт 75 метр 25 давхарт бариулна гэсэн мөртлөө, бидэнд ирүүлсэн энэ архитектурын зурагт техникийн давхар ороод 27давхар буюу 81метр орчим болоод байна. Дөрөвт, Энэ асуудалтай холбоотойгоор шинэ газар хөдлөлтийн нормыг оруулах хэрэгтэй. Уг нь бол тавих шаардлагагүй л дээ. Гэхдээ оруулчихвал та хэдийн хоорондын ойлголтын зөрүү гарах байх. Тавт, Орон сууцны хороололд цэцэрлэг төлөвлөж байгаа нь нэг талаасаа сайн юм шиг боловч, тэр засварт байгаа цэцэрлэгийн барилга дээр эрүүл ахуйн болоод нарны тусгалын шаардлага хангахгүй байна. Зүүн болон баруун цэцэрлэг дээр нарны тусгал чинь сайн тусахгүй байна. Үүнээс үүдээд хүүхдүүд Д витамины дутагдалд оро зэрэг асуудлаар хойч үеэ тэгж хорлоод яахав. Энийг явцдаа нарийвчлаад төлөвлөлтөн дээрээ сайн анхаарна биз. Зургаад, Мөн зөвлөмжийн чанартай хэлэхэд дээвэр дээрх тэр тэмдэглэгээ чинь нисдэг тэрэг буухад тэмдэглэгээ шүү. Хэрвээ захиалагч гэнэтхэн нисдэг тэрэг буулгахаар болчих тохиолдолд зориулалтаа сайн ярьж төлөвлөх хэрэгтэй. Иргэний эсвэл онцгой байдалд тохируулан анхнаас нь сайн төлөвлөх хэрэгтэй. Дараа нь бөөн асуудал шүү.
Б.Лхагвасүрэн: Хийцийн хувьд сая ярьсан. Миний зүгээс та нар аюулгүй байдал тал дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй. Бусад улсын норм дүрмийг уншаад сөхөөд өөрсдийн ажил дээрээ буулгах тал дээр анхаараарай. Санал гэвэл энэ барилгын өргөн уртын харьцаа арай их байх шиг байна. Энийг голоор нь хуваавал зүгээр харагдаж байна, гэхдээ тооцооны инженер өөрөө бодож үзнэ биз дээ. Барилгын даацын 2 хананы хоорондох зай 7.5-с хэтрүүлмээргүй байна.
Д.Мягмар: Усны хэсгийн даалгаврыг уншлаа, засах зүйлс их байна. Өндөр барилга дээр бүсчлэхгүй гээд бичсэн байна. Энэ захиалагчаас өгсөн санал уу. Үйлчилгээ нь 200-300 хүн гээд байна, энэ цэцэрлэгээ хэлээд байна уу, давхруудаа хэлээд байна уу? Энийгээ тодорхой бичих хэрэгтэй байна. Үйлчилгээний зориулалтаа тодорхой ялгаж бичээгүй учраас дараа нь ашиглалтад оруулахад захиалагч болон зургийн талуудын хооронд асуудал үүсдэг. Тодорхой ийм зориулалтын үйлчилгээнд тааруулан ийм тооцоогоор ингэж хийсэн гэх баримт нотолгоог хийх хэрэгтэй. Зургийн даалгавартаа онцгой өрөө, материалуудын захиалагч өөрөө хүссэн зүйлээ сайн тусгах хэрэгтэй.
Г.Тулга: Усны чиглэлийн мэргэжилтнүүдээс энэ далан нь Улаанбаатарыг уснаас хамгаалж байдаг. Энд барилга барихад энэ хавийн хүмүүстээ аюултайгаас гадна далангийн хэмжээ багассан учир эргээд Улаанбаатарын хэмжээнд үерт автуулах боломжтой болж байгаа хэрэг юм. Тийм учраас гидрологийн судалгаанд ач холбогдол өгөөрэй.
Ж.Наранцэцэг: Надад хэлэх саналгүй байна.
Э.Ганзориг: Үг үсгийн алдаа, утга зүйн асуудлуудын сайн хянах хэрэгтэй. Төмөр бетон цутгамал хана дулаалгатай юм уу?. Дулаалгагүй юм уу?. Тэрийг тодорхой бичих. Гамшгийн үеийн гарцын тоо багадна. Нэг гарцаар гамшгийн үед гарахал хэцүү, болохгүй. Зоорийн давхар нийт барилгын өндөрт орж байгаа учир зоогийн давхар луу өндрийн дагуу бүх ханийг тасралтгүй буулгах хэрэгтэй. Шинэ нормоос хөшүү нь 25%-аас бага гэдгээ бариулаарай. Давхрын тоо чинь газраас дээш 25, нэмээд зоорь. Гэтэл давхрын өндрийг зоорьноос авсан бол давхрын өндөр болоод, тоо чинь хэтрээд байна. нормоор 75 метр болоод 25 давхар, энэ 2 хоёулаа зэрэг биелэгдэх ёстой. Давхар хасах хэрэгтэй байх. Босоо ачааллаар динамик хэлбэлзэл хийх байх. Гэхдээ энэ нь газар хөдлөлтийн ачаалалд нэг их өөрчлөлт оруулахгүй байх. 65 метртэй 2 салган дундуур нь 1 заадас гаргавал, энэ бол зүгээр зөвлөмж шүү, хатуу шаардлага биш. Фазын зөрүү, агшилт суналт, газар хөдлөлт гэх мэт зүйлсээс хамаарах олон асуудал уг нь байдаг ч манайхан бичдэггэүй. За өөл саналтай гишүүн байхгүй ол шийдвэртээ оръё. Хурлаар дахин оруулах уу, ажил хэргийн шугамаар шалгах уу?. Гишүүд саналаа хэлээрэй.
Гишүүд: Хурлаар дахин орох шаардлагагүй гэдэг дээр гишүүдийн олонх санал өгөв.
Э.Ганзориг: За тэгэхээр та нар гишүүдээс өгсөн санал зөвлөмжийн дагуу зургийн даалгавраа засварлан нарын бичгийн даргад хүлээлгэ өгч, гишүүдэд цахим захидлаар шалгуулах. Гишүүд шалгаад болсон, дэмжье гэсэн үед хурлын протоколыг албажуулна. Бид шийдвэрт эндээс гарсан санал, зөвлөмжийг оруулна. Дахин хурлаар оруулах шаардлагагүй, за өөр асуулт байхгүй бол хурлыг өндөрлөе.
…."Авлига хороолол"-ыг нураах эсэх шийдвэр гарсан ч одоогоор хууль эрх зүйн хувьд боломжгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тухайн барилгад хяналт тавих, зөвшөөрөл олгох гээд төрийн зүгээс гаргаж байсан шийдвэрүүд өнөөдөр ч чухал баримт. Бид энэ удаад 2022 онд "Авлига хороолол"-той холбоотой Барилгын хөгжлийн төвийн Өндөр барилга, газар хөдлөлтийн урьдчилсан арга хэмжээ, тооцооны мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмцэглэлийг бүрэн эхээр нь хүргэж байгаа бөгөөд дүгнэлтийг уншигч та бүхэнд үлдээе.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ