Нэмэлт: 22:14
АН-ын дарга Л.Гантөмөрийн дэвшүүлсэн дэд дарга нарыг ҮБХ-ны гишүүд дэмжлээ.
Нэмэлт: 20:50
Ардчилсан нам нэг тэргүүн дэд дарга, 15 дэд даргатай болохоор болжээ. Тэргүүн дэд даргад С.Баярцогтыг нэр дэвшүүлэв.
Нэмэлт: 16:10
Товлосон цагаасаа нэлээр хоцорсны эцэст АН-ын ҮБХ-ны хурал эхлэж, тус намын дарга Л.Гантөмөр гишүүддээ хандаж илтгэл тавьж байна. Тэрбээр "Ямар ч байсан нэг зааланд гишүүдээ суулгаж чадлаа. АН юунаас болж ялагдав, яагаад ийм байдалд хүрэв гэдгийг судалсан. Тэр шалтгаан өнөөдрийн хурлыг эхлүүлэхгүй байгаа юм. Маргаашийн сонгуульд ялагдах вий гэж айсандаа энэ хэрүүлийг хийж байна. Энд ҮБХ-ны хурлаа хийх, энд би даргын хувиар зогсох эхлэлийг тавьсан С.Баярцогтод баярлалаа. С.Эрдэнэ даргадаа талархъя. Намын тамгаа өгсөн Х.Баттулгад баярлалаа. ҮХНӨ, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хууль бол өнөөдөртөө ардчиллыг хамгаалах, маргаашдаа АН-ыг олонх болгох хууль юм шүү. Ийм хуулийг батлахад багагүй хувь нэмэр оруулсан УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүндээ талархах ёстой. Та нар зоригтой байсан, ухаалаг байсан. Хамгийн чухал зүйл бол АН-ын эрх чөлөөний үзэл санааг Монголын залуучууд, Монголын бизнес эрхлэгчдэд үзэл санаа, стратеги болж чадаагүй юм байна. Тиймээс монголчуудад хандсан тунхаг гаргана. Тунхаг дэрээ тулгуурлаад стратеги гаргана. Гучин жилийн турш ялагдахгүй стратеги гаргаж ирнэ. Бид өнөөдөр хангалттай олон дэд даргатай болчихлоо. Сонгуулийн ажил руугаа шууд орно. Тиймээс энэ хурал эв эеийг сахисан хурал болоосой. Энд байгаа 400 гаруй хүн бүгд дарга болж чадахгүй. Гэхдээ намын эвийг хангаж, сонгуульд бүрэн орж, ялж чадах баг эндээс сонгогдоно гэдэгт итгэж байна" гэв. Тэрбээр намын дүрмийн дагуу шинэ багаа танилцуулах аж.
Нэмэлт: 15.25 цаг
АН-ын ҮБХ-ны хурал 76.1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурал товлосон цагаасаа дөрвөн цаг шахуу сунжирч эхэлсний шалтгаан нь фракц хоорондын тохиролцоон. Тус нам 10 дэд даргатай байхаар тохирсон гэх мэдээлэл байна. Л.Гантөмөр дэд дарга нарынхаа тоог нэмсэн нь фракц болгондоо суудал бэлэглэж, эрх ашгийг нь эрх тэгш хангах бодлого баримталж байгаа бололтой.
Нэмэлт: 13.20 цаг
ҮБХ-ны хурлын талаар ҮБХ-ны гишүүдийн байр суурийг сонслоо.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Дүрмийн дагуу заалнаас нэр дэвших боломж байхгүй. Яагаад гэвэл намын дарга өөрийнхөө удирдлагын багийг гаргаж ирж буй учраас тэр юм. Мөн ҮБХ бол АН-ын шийдвэр гаргадаг байгууллага. Үүнээс цааш бидэнд цаг байхгүй. АН ажилдаа орох цаг болсон. Намын зүгээс өөрийнхөө хамаарах зүйлийг шийдээд явах ёстой. Цаашдаа ҮБХ-д шинэ салхи, шинэ хүмүүсийг оруулах зайлшгүй шаардлага байгаа.
АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.ОЮУНДАРЬ:
-ҮБХ-ны энэ удаагийн хурал маш ач холбогдолтой хурал болох гэж байна. 2023 оны хоёрдугаар сард дээд шүүх АН-ын даргаар Л.Гантөмөрийг сонгосон. АН-ын гишүүд АН гэсэн нэрийн дор үйл ажиллагаагаа нэгтгэж, хуралдах гэж байна. Энэ хурлаар дотоод зохион байгуулалтын ажлыг чамбайруулна. АН-д олон үзэл бодлын зөрүү бий. Гэхдээ нээлттэй, олон намаас бүрдсэн фракцтай учраас үзэл бодлоо илэрхийлж буй асуудал нь жирийн үзэгдэл. АН-д цаг хугацаа бага үлдсэн учраас энэ хурлаараа намынхаа дотоод бүтцийн асуудлыг идэвхжүүлнэ.
АН-ын даргын зөвлөх Н.АМАРЖИН :
-Нам нэгдээд, намын дарга томилогдон анхны Үндэсний бодлогын хорооны хурлаа хийх гэж байна. Шинэ салхи оруулж, эрүүл сэтгэхгүйгээр үзэл баримтлалаа оруулж үнэ цэнэтэй томилгоо хийгээсэй гэж хүсч байна. ҮБХ нэгдээсэй. Ялангуяа залуу үеэсээ сонголт хийгээсэй. АН хүчтэй байж Монголын төр явах ёстой. Аятайхан томилгоо хийгээсэй гэж хүлээж байна.
АН-ЫН УДИРДЛАГУУДЫН НЭРС ЭХНЭЭСЭЭ ТОДОРЧ БАЙНА
АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал улс төрийн хүрээний анхаарлын төвд байна. "Corporate" зочид буудалд 12.00 цагаас товлогдсон хурал одоогоор эхлээгүй байна. Тус хурлаар АН-ын дарга Л.Гантөмөртэй хамт сонгуульд намаа удирдаж орох багийг сонгох юм. Албан бус мэдээллээр АН-ын тэргүүн дэд даргаар Сангийн сайд асан С.Баярцогтыг томилж магадгүй гэх мэдээлэл байна. Түүнд Л.Гантөмөр Ерөнхий нарийн бичгийн дарга болох саналыг өмнө нь тавьж байсан аж. Харин С.Баярцогт энэ саналаас түдгэлзсэн бололтой. АН-ын генсекээр ажиллаж байсан Ч.Өнөрбаярыг хууль хариуцсан дэд дарга, хэвлэл мэдээлэл хариуцсан дэд даргаар НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа томилохоор тохиролцсон гэх. Мөн З.Энхболдын фоакциас И.Мөнхжаргал, Б.Жадамба, Ж.Баярмаа, Ц.Оюундарь нарыг дэд даргад дэвшүүлэхээр болжээ.
Х.Баттулгын зүгээс Тэргүүн дэд дарга болон намын Ерөнхий нарийн бичгийн даргад фракцийн хүнээ томилуулахаар шахалт үзүүлсэн гэх мэдээлэл бий. Түүний нэр дэвшүүлсэн С.Ганбаатарыг бусад фракциуд нь хүлээж аваагүй аж.
Тус намын Ерөнхий нарийн бичгийн даргад АН-ын бүлгийн зөвлөх Г.Эрдэнэбатыг томилохоор тохиролцсон боловч Х.Баттулга, З.Энхболд нарын эсэргүүцэлтэй Л.Гантөмөр тулсан гэх. Г.Эрдэнэбат бусад фракциудаас багагүй дэмжлэг авсан байна. Тиймээс өнөөдрийн ҮБХ-ны хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг хойшлуулахаар болсон гэх мэдээлэл байна. Гэхдээ хэнийг Ерөнхий нарийн бичгийн дарга болгох нь тус дүрэмд зааснаар Л.Гантөмөрийн эрх мэдлийн асуудал юм.
ҮБХ-ны гишүүдийг шинэчилж, тоог нэмэгдүүлсний дараа томилгоо явагдах аж.
Б.БАТ
Холбоотой мэдээ