"Миний үүрэг УИХ, Засгийн газрын түвшинд бодлогын дэмжлэг үзүүлэх"

Хуучирсан мэдээ: 2023.08.28-нд нийтлэгдсэн

"Миний үүрэг УИХ, Засгийн газрын түвшинд бодлогын дэмжлэг үзүүлэх"

"Миний үүрэг УИХ, Засгийн газрын түвшинд бодлогын дэмжлэг үзүүлэх"

Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өнөөдөр /2023.08.28/ нийслэлийн замын түгжрэлийг бууруулах таван гол бодлогын талаар мэдээлэл хийлээ.


Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар:

-Түгжрэлийн сайдтай болсон ч ажлаа хийхгүй байна. Ямар бодлоготой юм бэ гэж хүмүүс шүүмжилж буй. Эхний асуудал бол манай Үндэсний хороо юу хийж байна вэ гэдгийг танилцуулна. Миний хувьд энэ ажлыг 2022 оны есдүгээр сараас эхлэн гүйцэтгэж эхэлсэн. Үндэсний хороо бол цоо шинэ хороо биш. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, түгжрэлийг сааруулах, бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж эхэлсэн. Ерөнхий сайд олон талт үйл ажиллагаа хариуцдаг учраас Үндэсний хорооны хурлаар дагнан ажиллах боломжгүй учраас зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн. Ингэснээр түгжрэлд хамаатай сургууль цэцэрлэгийн асуудлыг 2022 оны хавар БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даргын ажлаа хариуцуулсан. Тэгээд хавсарга байдлаар бус яамгүй кабинетын сайд байх нь зүйтэй гээд намайг тохоон томилсон гэж хэлж болно.

Миний ажил үүргийг Засгийн газрын тухай хууль, Үндэсний хорооны дүрмээр тодорхойлсон байдаг. Засгаас төвлөрлийг сааруулах бодлогын өргөн хүрээтэй ажиллагаанд ажиллана. Нөгөө талдаа авто замын түгжрэлийг бууруулах бодлого зохицуулал дээр ажиллана гэсэн нэг зорилготой хоёр талтай ажлыг хариуцуулахаар зааж өгсөн.

Миний үүрэг УИХ, Засгийн газрын түвшинд нийслэл хотын үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх. Ерөнхий сайд надад тодорхой үүрэг өгч ажиллаж буй. Тухайлбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажилд анхаарлаа хандуулах үүргийг өгсөн. Гуравт, хотын удирдлага, яам хоорондын ажлыг уялдуулах асуудлыг хариуцаж байна. Улаанбаатар  хотод өнгөрсөн 30 жилийн хугацаанд яамдын оролцоо маш бага байсан. Үндэсний хөтөлбөр гэдгээрээ томоохон төсөлд л оролцож ирсэн байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Улаанбаатар хот руу бүх хүчээ хаяж ажиллаж байна. Хүмүүс намайг түгжрэлийн сайд гээд байгаа. Миний албан ёсны нэр бол Монгол Улсын сайд. Хотын дарга Д.Сумъяабазар Үндэсний хорооны нарийн бичгээр ажиллаж буй. Би хотын даргын орлогч, албан тушаал зэрэгцсэн дарга биш. Хотын дарга гүйцэтгэл тал дээрээ ажилладаг бол би УИХ, Засгийн газрын бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж, уялдаа холбоог нь хангах үүрэгтэй.

Өнгөрсөн хугацаанд Үндэсний хорооноос дөрвөн удаагийн ээлжит хурлыг хийсэн. Засгийн газрын таван удаагийн хуралдаанд асуудлаа шийдүүлж, шийдвэрүүдээ гаргасан.

Хавар, зун Засгийн газрын ээлжит хуралдаанаар намайг танилцуулга мэдээлэл хийж, 10 удаа хийсэн. Миний хариуцаж байгаа тусгай байгууллага байхгүй. Таван туслах байдаг. Үндсэн байгууллага маань нийслэлийн гол мэргэжлийн байгууллагуудыг түшиглэж буй. Би заримдаа нийслэлийн Замын цагдаагийн газартай өдөр тутам холбоотой ажилладаг. Иргэдийн санал хүсэлтийн дагуу энэ газартай хамтран ажилладаг.  Эрх зүйн зохицуулалтын ажил чухал байгаа. Түгжрэлийн эсрэг арга хэмжээний эцсийн шийдэл бол эдийн засгийн механизм. Хотын төвийн үнэ цэнэ, зогсоол, татварын арга  хэмжээ. Мөн захиргааны аргаар богино хугацаанд машины тоог цөөлөх боломжтой. Түгжрэлийн эсрэг бүх нийтээрээ соён гэгээрч, хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна.

Өнөөдөр хотод 2.8 сая зорчилт хөдөлгөөн бүртгэгдэж буй. Улаанбаатарт 1.8 сая хүн буюу 64 хувь нь хувийн автомашинаар, 24 хувь буюу 697.56 автобусаар зорчиж байна. Автобусанд 520-540 мянган зорчигч картаа уншуулж үйлчилдэг. Үлдсэн хүмүүс бэлэн мөнгөөр зорчиж байна. Цаана нь 320 мянган хүн явган, дугуйгаар хөдөлгөөнд оролцож байна. Бидний бодлого тодорхой. Бид хувийн автомашин унахыг дэмжих бодлого явуулахыг дэмжихгүй. Бидэнд эхэндээ сонголт байхгүй байсан учраас хязгаарлах бодлого авах боломжгүй байсан.

Бүтэн жилийн хугацаанд Улаанбаатарт бүртгэгдэж орж ирдэг байсан машины тоо энэ жилийн эхний долоон сарын байдлаар 59 мянгад хүрсэн. Энэ тоо хуучин жилийн хугацаанд орж ирдэг байсан. Бид зарим бүртгэлтэй боловч ашигладаггүй машинуудыг бүртгэлээс хассан. Ирэх 2025 онд авто замын тэг зогсолт болно. Нийслэлчүүд 2030 онд 2 сая, 2040 онд 2.5 сая хүн амтай болно. Удахгүй Ерөнхий сайдад ажлаа тайлагнана.

Ирэх жил автомашины дугаарын хязгаарлалтыг хийхгүй.

Түгжрэл бууруулах хүрээнд Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийж байна. Гэр хорооллын 91 мянган хүүхдийг хотын төвд байрлах сургууль, цэцэрлэг рүү зөөж байна. Энэ жил нийт 5760 хүүхдийн суудалтай долоон сургууль, 2985 ор бүхий 11 цэцэрдэгийн барилга, 1620 суудал 1080 ор бүхий  бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор есөн барилгыг ашиглалтанд оруулахаар бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгдөн, эхнээсээ барилгын ажлууд эхлэсэн байна. Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар л гэхэд СХД, ХУД, БЗД, СБД, ХУД-д цэцэрлэгийн шинэ барилга болон өргөтгөлөөр нэмж байна. Ер нь түгжрэлийг бууруулахад,

  • Инженерийн арга ухаан
  • Соён гэгээрүүлэх арга
  • Албадлагын гэсэн гурван аргыг олон улсад хэрэглэдэг. Миний тухайд бүх салбарт хөрөнгө оруулалтын чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна.

Эцэст нь онцлоход. Монгол Улсын сайдаар ажилласан нэг жилийн хугацаанд  бодит үр энэ намраас нийтийн тээвэр, авто зам, гүүрэн байгууламж, нүхэн гарц, хот төлөвлөлтийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүнгүүд эхнээсээ нүдэнд харагдах хэмжээнд гарч ирнэ.  Түгжрэл богино хугацаанд арилахгүй, тодорхой хугацаа, зохицуулалтууд шаардлагатай байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины 48 хувь нь 16 болон түүнээс дээш жил болсон, жил ирэх бүр хуучин автомашины импорт улам нэмэгдэж байна. Энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын зургаан хувь нь торгуулиа төлөөгүй байна. Өдөрт бүртгэгдсэн ослын тоо болон жолооны эрхээ хасуулсан иргэдийн тоо, түүний хэд нь эргэж жолоо барьж байгаад баригдсан статистик тоо байна гэв.

"ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТӨСЛҮҮД ГАЦААНААС ГАРСАН"

Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.БАТЗОРИГ:

-Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сард батлагдсан 2022 оноос 414 тэрбум төгрөгийг ИТХ-аар оруулж баталсан. Үүнээс дөрвөн бүлэг 12 багц 289 төлөвлөгөөг төлөвлөснөөс 269.9 тэрбум төгрөгийг зарцуулсан. 2022 онд хийсэн ажлын үлдэгдэл ажлын санхүүжилт 2023 онд өнөөдрийн байдлаар 76.9 тэрбум байна. Нийт 345 тэрбум төгрөгийг өнөөдрийн байдлаар зарцуулсан. Дурдвал, нийтийн тээврийн парк шинэчлэлд 74.5 тэрбум, газар чөлөөлөлтөд 72.4 тэрбумыг төсөвлөснөөс нийт 55 тэрбум төгрөгийг зарцуулсан. Энэ онд 17 тэрбум төгрөг гарчихаад байна. Сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэхэд нийт 345 тэрбумын 20 хувийг зарцуулаад байна. Мөн гол ба туслах замын 13 байршилд бүтээн байгуулалт хийж 228 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2022 онд 48 тэрбум төгрөг зарцуулсан. Одоогийн байдлаар 17 тэрбумыг зарцуулаад байна. Бас RFID чип уншигчийг 161 байршилд байршуулж, 442.477 ширхэг цахим гэрчилгээг хийлгэсэн.

Дүүжин тээврийн төсөлд 60 сая еврогийн хоёр шугамын асуудал яригддаг. Шадар сайд С.Амарсайхан энэ төслийг хотын дарга байхдаа эхлүүлсэн. Би Франц улсын талтай уулзсан. Аялал жуулчлал, нийтийн тээврийн зориулалттай.

Одоо нийт 1240 нийтийн тээврийн хэрэгсэл байгаагаас 85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Хуучин мөрдөж буй стандартаараа ашиглалтаас гарсан гэсэн үг. Тиймээс нийтийн тээврийн салбарт цоо шинэ стандарт тогтоохоор ажиллаж байна. Мастер төлөвлөгөө, автобусны парк шинэчлэл, авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт дөрвөн гол өргөн чөлөөнд нэмэгдүүлж чөлөөлөх, чиглэлийн ухаалаг зохицуулалт, жолооч нарын хандлага үйлчилгээ гээд  энэ салбарыг сууриар нь хөгжүүлэх ажлууд эхнээсээ хийж байна. Парк шинэчлэлийн тухайд БНСУ-д үйлдвэрлэсэн их багтаамжийн 600, дунд оврын 50, 160 цахилгаан гээд нийт 810 цоо шинэ автобус нийслэлчүүдэд үйлчилж эхэлнэ.

Мөн олон төрөлт нийтийн тээврийн суурийг тавихаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, иргэд машинаасаа татгалзах боломжийг бүрдүүлж өгөх нь чухал. Нийтийн тээврийн нэг төрөл болох  BRT болон дүүжин тээврийн төслүүд гацаанаас гарсан.

  • Гол болон холбоос замууд дээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотод авто зам 2016 оноос хойш 2022 оны хооронд Нийслэлд 169.1км авто зам, 2.7 км гүүрэн байгууламж зам барьсан ч хоорондоо холбогдоогүй байсан. Энэ ажилд онцгойлон анхаарч 30 гаруй км замын шинэчлэл болон засварын ажил өрнөж байна.

Нийслэлд түгжрэл хамгийн их үүсдэг дөрвөн байршилд гүүрэн байгууламж бүхий нүхэн гарц барихаар төлөвлөж эхний байршлын барилгын  ажил эхэлчихсэн явж байна. Гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд ашиглалтад орвол төлөвлөж буй нүхэн гарцуудын уулзвар дээрх хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадвар 20-40 хувиар сайжруулна. Гэрлэн дохион дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувиар буурах тооцооллыг мэргэжлийнхэн гаргасан. Мөн Зайсангийн гүүр энэ есдүгээр сарын сүүлчээр ашиглалтад орно. Энэ оны 10-11 дүгээр сард Туулын гүүрийг хүлээж авна. Энэ зун нийслэлд барьсан замуудын хөрөнгийн эх үүсвэр болох 187 тэрбум төгрөгийг улсын төсвийн тодотголд оруулж, шийдвэрлэснээр  зам, гүүрийн ажлууд тасралтгүй үргэлжилж байна.

  • Зам дэд бүтцийн том төсөл Сэлбэ сэргэлт төсөл дээр Ц.Даваасүрэн сайдын хамт мөн шинэ тойрог замын төсөл дээр С.Бямбацогт сайдын хамт яам агетнлаг хоорондын уялдааг хангахаар бодлогын зохицуулалт хийн ажиллаж байна.

Төлөвлөлтөөр удирддаг хот байх ёстой. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөн дээр анхаар ажиллаж байна. Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийг ахлан батлуулж байсан хотод элэгтэй гишүүний  хувьд нийслэлийн хөгжлийн төлөвлөгөө тун чухал гэж үзсэн. Хотын дарга бол Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга юм. Түгжрэлийн эсрэг тэдний ажил нэг чиглэлтэй. Нийслэл хотоо тэнцвэртэй зөв хөгжүүлэх явдал. Ялгаа нь, бодлогын түвшинд буюу хотын удирдлагын ажилд УИХ, ЗГ-ын түвшинд бүх талын дэмжлэг үзүүлэх, бас Ерөнхий сайдаас тусгайлан өгсөн тодорхой ажил үүргийг (жишээ нь, нийтийн тээврийн парк шинэчлэл гэх мэт) хариуцан ажиллах,  яамд хооронд холбох юм.

  • Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд ипотекитйн гурван хувийн зээлд 178 зээлдэгч хамрагдаад байна.
  • Түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай багц хууль, замын хөдөлгөөний танхайрлыг бууруулахаар зөрчлийн хуулийн төсөл дээр онцгойлон анхаарч ажиллаж байна

Бусад ажлуудын тухайд Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах чиглэлээр мэргэжлийн байгууллага, зөвлөхүүдийн судалгаанд үндэслэж, замын хөдөлгөөн зохион байгуулалт, удирдлагын шинэ систем RFID-ийн дэд бүтцийн ажлууд (161 уулзвар) хийж дуусаад, Төрийн албаны болон нийтийн тээврийн хэрэгслүүдээс эхлээд цахим гэрчилгээжүүлэх ажил ид үргэлжилж байна. Энэ ондоо багтаад дуусгана. Ингэснээр хотын 450 мянган машины давхардсан тоогоор 2.8 сая хөдөлгөөнийг анх удаа ухаалаг системээр зөв бүртгэж, хянаж зохицуулах боломжтой болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж