Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дутагдлыг нөхөхийн тулд энэ мэргэжлээр суралцах оюутнуудын төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргаснаа өнгөрсөн долоо хоногт зарлав. Өөрөөр хэлбэл, Монголын ирээдүй, хойч үеийг бэлтгэх багш мэргэжлээр суралцах оюутнууд цаашдаа үнэ төлбөрргүй суралцана гэсэн үг. Мэдээж багш мэргэжлээр суралцах оюутнуудын тоо буурсан, багшийн хомсдолд орсон ийм цаг үед багш мэргэжлээр суралцах хүмүүсийн тоог нэмэхийн тулд сургалтын төлбөрийг төрөөс даах нь нэг талдаа зөв боловч нөгөө талдаа үнэгүй боловсрол цаашдаа үнэ цэн бэлдэж чадах уу гэсэн асуулт үлдээж байна. Үнэндээ, Монголын боловсролын салбарт реформ хийх шаардлага нэн тулгамдсан асуудал болсон. Учир нь, их, дээд сургуульд суралцагчдын тоо буурч, хэрэгцээтэй, чухал салбарууд ажилтангүй, хомсдолд ороод байна вэ гэдэгт бодитой дүгнэлт хийх цаг болсныг анхааруулж байна. Яагаад жил бүр төгсч байгаа оюутнууд хэрэгцээтэй салбарт, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байна вэ. Монгол Улс хамгийн олон их, дээд сургуультай. Хүн амынх нь тоотой харьцуулбал их, дээд сургуулийн тоо хэтэрсэн үү гэхээс цөөдөөгүй.
2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсрол олгодог 79 байгууллагад 38 мянга гаруй суралцагчид 1960 орчим мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж байсан.
Энэ олон хувийн болон төрийн өмчит их, дээд сургуулиуд жил бүр элсүүлж байгаа, төгсгөж байгаа оюутнуудын тоотой харьцуулахад хэрэгцээтэй ажлын байрууд хомсдолд орохооргүй. Гэвч яагаад багш, сувилагч гээд нэн хэрэгцээтэй мэргэжлээр суралцахгүй, дипломтой худалдагч нар олшроод байгаад дүгнэлт хийж, дээд боловсрол олгож буй сургуулиудынхаа сургалтын чанарыг сайжруулж, босгыг өндөр болгох нь нэн тэргүүний ажил болоод байна.
Их, дээд сургуулиудыг чанаржуулах, хувийн сургуулиудыг цэгцлэх асуудал олон жил яригдаж байгаа ч өнөөдөр ч өөрийн гэсэн байргүй, боловсрол эзэмшүүлэх стандарт хангасан сургуулиудын тоо хэр олон байна вэ гээд бодоод үзье. Их, дээд сургуулиудын чанарыг шалгадаг ганц зүйл бол ажлын байранд хэр олон оюутнууд нь тэнцэж, ажилгүйдлийн түвшинг жинлэж байна вэ гэдгээс харагдана.
2021 онд ажилгүйдлийн түвшин 8,1 хувь, 2022 онд 6,9 хувь байсан бол 2023 оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 5,8 хувьтай байна.
Магадлан итгэмжлэгдсэн болон магадлан итгэмжлэлийн үйл ажиллангаа явагдаж байгаа сургалтын байгууллагын жагсаалтыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс гаргажээ. Үүнд албан ёсоор бүртгэлтэй 69 их, дээд сургууль бүртгэлтэй байгаа юм.
Магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
Боловсролын яамны зүгээс их, дээд сургуулиудыг нэгтгэх ажлыг үе шаттай хийж байгаагаас гадна өнгөрсөн зургадугаар сард их, дээд сургуулиудын чанарыг үнэлгээг хийж байгаагаа зарласан. Энэ хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагад гүйцэтгэлийн үзүүлэлтэд нь суурилж чанарын үнэлгээ хийх бөгөөд чанарын үнэлгээг "Times Higher Education" байгууллагатай хамтарч хийн, үр дүнг намар зарлана гэж мэдэгдэж байв.
Чанарын үнэлгээг:
- сургуулиудын чансаа
- хөтөлбөрийн эрэмбэ
- нийгмийн сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд, нийгмийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж байгааг үнэлэх нөлөөллийн эрэмбийг зарлана.
Энэ гурван чиглэлээр үнэлгээ хийх бөгөөд мэдээлэл цуглуулж, үнэлснээр эрэмбэ тогтоож суралцагч нар сургуулиа, хөтөлбөрөө сонгох боломж олгоно гэж байв. Гэвч өнөөдөр энэ судалгааны тайлан хэрхсэн, шинхээр элсч буй оюутнуудад энэ судалгааны дүнгээ танилцуулж, мэргэжлээ сонгох боломж олгож чадалгүй хичээлийн шинэ жилтэй золгож байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 51-д “Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго нь иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурласан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх,ш хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон байдаг. Гэтэл өнөөдрийн дээд сургуулийн чанар хэрэгцээнд тулгуурлаж чадахгүй маш олон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг ч ажлын байран дээр тэнцэхгүй, эсвэл эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй, сонирхолгүй байгаагаас үүдэж ажлын талбарт “тэнцэхгүй” байх, дээд боловсролын дипломтой ч худалдагч хийж байгаа нь боловсролын чанартай холбоотой гээд хэлэхэд хилсдэхгүй болсон.
Хөдөлмөрийн зах зээлийн судалгаанаас үзэхэд /Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа 2021/:
- хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны ажлын байрны захиалга 87 хувь, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын 57,9 хувь, бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарын ажлын байрны захиалга 36 хувиар өссөн бөгөөд техникийн салбарын хувьд энэ үзүүлэлт хамгийн өндөр хувь эзэлж байжээ.
- ажил мэргэжлийн ангиллын хувьд “энгийн ажил мэргэжил”, “Мэргэжилтэн”, “үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох үйлчилгээний ажилтан”, “худалдаа үйлчилгээний ажилтан” бүлгийн ажил мэргэжлийн захиалгын 68,3 хувийг эзэлж байна.
Мөн тус судалдаанд ажил олгогчид ажил хайгчийн мэргэжлийн ур чадвар гэхээс илүүтэй хувь хүний зөөлөн ур чадварыг хамгийн чухал үзүүлэлт гэж үздэг хандлага хэвээр төдийгүй бие даан ажиллах чадвар, найдвартай, хариуцлагатай байдал, эерэг зөв хандлагатай байдал, харилцааны ур чадвар, цаг ашиглах чадварыг хамгийн ихээр чухалчилж үзсэн байна. Харин мэргэжлийн хувьд төдийлөн өндөр шаардлага тавихгүй ч ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдлэг, ёс зүйтэй байх, шинэ санаа гаргах чадварыг илүүд үзэж, боловсролын түвшний хувьд тодорхой хэмжээний боловсрол эзэмшсэн байх шаардлагыг тавьдаг гэж хариулжээ.
Тиймээс их, дээд сургуулиудын мэргэжил олгох, давхардахгүй байх, мэргэжлийн мэдлэгтэй боловсон хүчнийг бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд дээд сургуулийн боловсролын шинэчлэлийг зөв хийж, хомсдож байна гээд төлбөрийг нь төрөөс даагаад байх бус зөв менежменттэй болгоход нь төр анхаарах хэрэгтэй байна. Ижил төрлийн мэргэжил олгох боловсролын систем нь нээлттэй байж болох ч чанартай, мэдлэгтэй, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нь илүү чухал бөгөөд ирээдүйдээ оруулах том хөрөнгө оруулалт болох юм.
Холбоотой мэдээ