"Х.Баттулгад холбогдох хэргийг тусгаарласныг би ойлгохгүй байгаа"

Хуучирсан мэдээ: 2023.08.28-нд нийтлэгдсэн

"Х.Баттулгад холбогдох хэргийг тусгаарласныг би ойлгохгүй байгаа"

"Х.Баттулгад холбогдох хэргийг тусгаарласныг би ойлгохгүй байгаа"

 Хууль зүйн сайд Х.Нямбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хоёулаа ярилцлагаа цаг үеийн асуудлаар эхлүүлье. Улаанбаатарт үерийн гамшиг нүүрлэж, олон иргэн амь, нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирлоо. Энэ бүхний буруутан нь нийслэл дэх газар олголт, түүнийг дагасан авлига хээл хахуулийн асуудал болох нь тодорхой. Тэгэхээр газрын авлигын асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юу. Жишээ нь, “авлига хороолол”-ыг нураах асуудлаар Ерөнхий сайд шүүгчдийн авлигыг хөндсөн. Та бүхний авлигалтай хийх тэмцэл үр дүнгээ өгч байна уу?

-Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр үүрэг чиглэл өгсөн. Өнөөдрөөс эхлээд нийслэл Улаанбаатар хотод газар олголтыг түр хугацаанд зогсоож, энэ хугацаанд Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д оруулж ирэхийг Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн болон надад даалгасан. “Авлига хороолол”-той холбоотой асуудлаар хэд хэдэн мэдээлэл харсан. 2007 оны үед Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар олгогдож, дараа нь Нийслэлийн Засаг даргын захирамжтай болоод,  зориулалт байршил нь өөрчлөгдөж, барилгын ажил нь эхэлсэн үе шатуудтай юм билээ. Дунд голын усны урсац, ай савд нөлөөлөхүйц шийдвэр хэдийд гарсан бэ гэхээр 2015 онд барилга хот байгуулалтын сайд болон Байгаль орчны сайдын хамтарсан тушаалаар Усны тухай хуулийг зөрчиж журамд өөрчлөлт гаргаж, уг журмаар 100 метрийг 50 метр болгож хэмжээг нь багасгасан. Үүнээс шалтгаалаад уг барилга баригдах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн юм билээ. Саяхан Засгийн газрын хуралдаанд уг асуудлыг ярилцаж Барилга хот байгуулалтын сайд Байгаль орчин аялал жуулчлалын сайд нар 2015 оны журмыг өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл, голын усны хамгаалалтын хэмжээг Усны тухай хуульд нийцүүлэн өөрчлөх шийдвэр гаргасан. Нөхцөл байдал ямар байна вэ гэвэл НЗД-ын гаргаж буй захирамж нь Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчны сайдын гаргасан, өөрчилсөн журамд нийцүүлээд нийслэл хотын иргэдийн амь нас эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс гаргаж буй захиргааны шийдвэр гэж ойлгож байгаа.

Мэдээж, мэргэжлийн байгууллагууд тус хорооллын барилга угсралтын ажил, голын ай сав руу түрж барьснаас шалтгаалж, дунд голын усны түвшин нэмэгдэн ойр орчимдоо аюул учруулсан уу, үгүй юу гэдгээр дүгнэлт гаргах байх. Дүгнэлтийг үндэслээд Нийслнлийн Засаг даргын захирамж хэрэгжинэ. Албадан буулгах, нураах захирамж шүү дээ. Харин барилга орон сууц захиалсан иргэдийн гаргасан санхүүжилтийг нөхөн олговор олгох асуудал яригдах ёстой. “Акуа гарден”, “S-outlets”-тэй холбоотой асуудал илэрхий шүү дээ.  Голын ай сав хальж, үер ус үүсгэсэн талаарх мэргэжлийн шинжээчид дүгнэлтээ гаргах байх. Ер нь нийтээрээ харж байлаа шүү дээ. Сэлбэ голыг гурван метр болгон хумьж байгаад байшин барьчихсан. Энэ асуудалд эргэж маргаад байх зүйлгүй байх. “Акуа гарден”-ийн хувьд анхнаасаа зориулалт нь усан парк байсан. Гэтэл өнөөдөр яагаад усан парк нь орон сууцны хороолол болчихсон юм бэ?

-Та энэ асуултыг хотын дарга нараас л асуух ёстой биш үү. Барилга барьсан хувийн хэвшлийнхнийг буруутгахаас илүү барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад эхлээд хариуцлага тооцохыг иргэд шаардаж байгаа шүү дээ? 

-АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаад явж байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж байгаа байх.  Дээрх асуудлыг Д.Сумъяабазар даргаас асуух хэрэгтэй. Надтай холбоогүй. Одоо хоёулаа эдийн засгийн том төсөл хөтөлбөрөө яръя.

“ОРОНА” ГРУППТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ САНХҮҮГИЙН ЗАГВАР БОЛОВСРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

-За тэгье. Францын ерөнхийлөгч Э.Макроны айлчлалаар хоёр улсын ураны төслийг идэвхжүүлэх асуудал яригдсан. Энэ тал дээр ахиц гарч байна уу. Одоо “Орона” групптэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил ямар шатандаа байна вэ. Та "Орона"-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг ахлаж байгаа хүний хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Францын ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар айлчлах үеэрээ “Монгол Улсын төрийн өмчит компани Монголд 1997 оноос хойш ураны салбарт хайгуул хийж, ТЭЗҮ боловсрууллаа. Багагүй хугацаа өнгөрсөн. Тиймээс цаашид хамтарч тогтортой олборлолт хийх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлаар танайх ямар байр суурьтай байна вэ” гэдэг зүйлийг илэрхийлсэн. Уулзалтын үеэр цаашид “Орона” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тал дээр ажлын хэсэг гарган ажиллахаар болж, миний бие ажлын хэсгийг ахалж  байна. Ураны салбарын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд хэдэн удаа мэдээлэл хийсэн. Бид цөмийн түлш үйлдвэрлэх гээд байгаа улс биш. Зүгээр л хөрсөнд байгаа шар нунтаг, хар нунтгийг гаргаж дэлхийн зах зээлд худалдаалах тухай асуудал юм. Энэ бол манайд туршилтын үйлдвэр, хайгуулын ажил нь хийгдсэн, ТЭЗҮ нь батлагдсан төслийг цаашаа явуулахад Монгол Улсын Засгийн газар энэ төсөл дээр ямархуу оролцоотой оролцох уу, хувь нийлэх үү, эсвэл хувь нийлэхгүй эзний татвар авах уу гэдэг санхүүгийн санхүүгийн загвар боловсруулах ажил яригдаж байгаа.

Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн явцын талаар танилцуулж тодорхой чиглэл авч, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй компанидаа “гэрийн даалгавар” -аа өгөх юм.

-Ураны төслийг хэрэгжүүлэх гэхээр улстөржилт их байдаг. Хууль эрх зүйн орчин талаас нь хэрхэн анхаарч байгаа вэ?

-Бас л төвөгтэй асуудал. Цөмийн энергийн хуулиар ураны ашигт малтмалтай холбоотой харилцааг зохицуулдаг. Ашигт малтмалын хуулиар мөн давхар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн давхардалтай. Би нэг зүйлд харамсаад байгаа юм. Өмнөх жилүүдэд цөмийн энергийн асуудал гэж шийдвэр гаргагч нарт ойлгуулж, цөмийн энергийн комисс гэх байгууллага давхардсан бүтцээр ажилласан явдал нь маш харамсмаар. Хар нунтаг буюу u308 гэдэг бүтээгдэхүүн цөмийн түлш биш. Цөмийн энергийн бүтээгдэхүүний түүхий эд нь. Энийг дэлхий дээр тав зургаан улс буюу НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн улс л дөрвөн дамжлага явуулж байж цөмийн түлш үйлдвэрлэдэг. Тухайн үед цөмийн энергийн комисс ажиллах ёстой. Гэтэл хаа хамаагүй ашигт малтмалын хайгуул олборлолттой холбоотой асуудлыг нааж авчраад давхардсан бүтэц гаргаад хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй эрх зүйн орчин бүрдүүлснийг бид засахаар ажиллаж байна.

-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад манай талаас ямар саналууд гарч байгаа вэ. Хэдэн жилийн дараа Оюутолгойн хөрөнгө оруулалт шиг "Орона"-д хамаг юмаа тавиад туучихлаа гэсэн асуудал гарахгүй гэсэн баталгаа байна уу?

-Дэлхийн ураны салбар санхүүгийн хоёр схемээр явдаг юм билээ. Нэгдүгээрт, тухайн эзэн улс хувь эзэмшдэг. Нөгөөх нь огт хувь эзэмшдэггүй рояалти буюу эзний татвараар гарч буй бүтээгдэхүүн болгоноос нь авдаг хоёр загвар байдаг юм билээ. Казакстанд сая энэ чиглэлээр очиж үзлээ. Тэднийх 51:49 гэсэн харьцаагаар хөрөнгө оруулагч тал нь 51 хувиа эзэмшээд, Казакстанчууд 49 хувиа зээлээр буюу манай Оюутолгойн загвараар явдаг. Тэрэн дээр удаан хугацаанд зардлаа өсгөсөн хөрөнгө оруулалтаа хүүлсэн асуудлууд гарсан юм билээ. Харин Канад, Австрали загварын улс орнууд хувь эзэмшихгүйгээр гарч байгаа нунтаг болгоноос татвараа аваад  явдаг. Бид дээрх асуудлаар Засгийн газар дээр танилцуулга хийж чиглэл авах гээд үзэж байна.

"НҮҮРСНИЙ СОНСГОЛЫН ЭХНИЙ ХУРАЛДААНЫГ МЯГМАР ГАРИГИЙН 11.00 ЦАГТ  ТОВЛОСОН"

-Иргэдийн хамгийн их хүлээлттэй байсан нүүрсний хэрэг Т.Аюурсайхан, Б.Ганхуяг гэдэг хоёр хүнээр туг дахиад өнгөрч байна гэх шүүмжлэл их байна. Нүүрсний хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа гэж та хариулах байх. Гэхдээ дуулиантайгаар дэлгэгдсэн нүүрсний хэрэгтэй холбоотой хэрэг өнөөдөр хэрхэж байгаа нь мэдэгдэхгүй байгаа нь танай Засгийн газар авлигатай тэмцэж байгаа нь үнэн үү гэж эргэлзэхэд хүргэж байх шиг. Нүүрсний гэх дуулиант хэрэг, сонсгол юу болж байна вэ?

-Дөнгөж сая “наймдугаар сарын 29-ны үдээс өмнө түр хорооны ирц бүрдэхээр байна. Хуралдааныг 11.00 цагт товлоё” гэсэн мессеж ирсэн. Тиймээс наймдугаар сарын 29-ны 11.00 цагаас эхлэн эхний хуралдаанаа хийнэ. Бид эхний хурлаар ажлынхаа удирдлага зохион байгуулалтаа ярина. Ажлын төлөвлөгөөгөө гаргаж, шинжээчээ томилох шалгуур үзүүлэлтээ гаргана. Шинжээч нараа сонгон шалгаруулж авна. Хоёр дахь хурлаа ойрмогхон зарлаад явна.

-Сүүлийн үед нүүрсний хэргээс болж Засгийн газар хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь нүүрсний сонсгол хийж, нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцохыг ярьж байхад нөгөө хэсэг нь өмгөөлж байгаа гэх мэдээлэл гарах болсон. Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын хувьд нүүрсний хэрэг цаашид хэрхэх юм бэ, хариуцлага яригдах уу, та бодитой хариулт өгөөч?

-Сонсголыг явуулахыг хориглосон зүйл байхгүй байна. Улс төрийн дарамт шахалт алга байна. Сонсгол болдгоороо болно.

-Өнгөрсөн хугацаанд болсон зүйлсийг эргээд харахаар Т.Аюурсайхан нарын гурван гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, Б.Ганхуяг шоронд хоригдсон байна. Өөрөөр нүүрсний гэх тодотголтой хэрэг ямар нэг байдлаар шийдсэн, хариуцлага тооцсон юмгүй замхраад өнгөрөх нь гэсэн хардлага иргэдийн дунд их байна?

-Шүүхийн асуудлыг шүүхээс асуух ёстой. Цагдаагийн байгууллага, АТГ энэ оны арванхоёрдугаар сараас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгана гэдэг нь хэргийн нотлох баримт эд хөрөнгө битүүмжлэх, гэм буруугийн асуудалтай холбоотой баримт сэлтийг бүгдийг нь цуглуулаад шүүх рүү өгчихөж байгаа юм. Шүүх яагаад шийдэхгүй байгаа юм бэ гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуух нь зохимжгүй. Шүүхийн хараат бус байдал гэж байна.  Шүүх хэргийг хэдийд ямар төлөвлөгөөтэй шийдэх гэж байгааг шүүхээс асуух ёстой.

"Х.БАТТУЛГАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ НЬ ТУСГААРЛАЖ, Т.БАДАМЖУНАЙН ХЭРГИЙГ ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛСНИЙГ ТОДРУУЛНА"

-Дуулиан шуугиантай эхэлсэн ШУВУУ ажиллагааны талаар асууя. Засгийн газраас зарласан ШУВУУ ажиллагаа Т.Бадамжунайг баривчилснаар шоу болоод үлдлээ. Ингэж хэлэхийн учир шүүх та нарын барьсан ШУВУУГ торноос нь суллачихсан шүү дээ?

-Мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал. Мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Т.Бадамжунай гэдэг хүний хэргийг шийдүүлсэн. Шүүх хэргийг шийдэхээс өмнө тухайн хүнийг хорьж байгаад гэм буруугийн асуудлыг хэлэлцэх үү, хилийн хориг гаргаж байгаад шийдэх үү гэдэг дээр шийдвэр гаргаж байгаа гэж ойлгож байгаа.

-Нэгэнт ШУВУУ ажиллагаагаар Т.Бадамжунайг авчирсан, тухайн үед түүнийг баривчилсанд хамгийн их бухимдсан хүн нь Х.Баттулга гэдэг хүн гэж та хэлж байсан. Т.Бадамжунай болон түүнтэй холбоотой хэрэг ер нь юу болж байна вэ. Таны хэлсэнчлэн бухимдаж байсан, өөр олон хэрэгт “цоллогддог” Х.Баттулга гэдэг хүн өнөөдөр сонгуульдаа, улстөрдөө бэлтгээд явж байна?

-Тэр хэрэг дээр Х.Баттулгад холбогдох хэргийг нь тусгаарлаж Т.Бадамжунайн хэргийг шүүх рүү шилжүүлсэн байна лээ. Би тэр хэсгийг нь ойлгохгүй байгаа. Мөрдөн шалгах байгууллагаас энэ хэсгийг тодруулъя гэж бодож байгаа.

-Х.Баттулга гэдэг хүнийг ил далдаар олон хэрэгт холбоотой гэж ярьдаг боловч түүний ойрын хүмүүс нь хариуцлага хүлээгээд, буруутай болоод л хоцроод байдаг. Энэ хүн гэм буруутай эсэхийг нь шалгаж тогтоох талаар хуулийн байгууллага ер нь ажиллаж байгаа юу?

-Хууль зүйн яаманд  “China energy”-ийн төсөл явж байгаа. Энэ асуудалд Х.Баттулга гэдэг хүний ярьсан мухар төмөр замын асуудал яригддаг. 2008 оноос хойш Монгол Улс Гашуунсухайтын боомтыг төмөр замаар холбож хилээр нүүрсээ гаргая гэдэг зорилт дэвшүүлсэн. Түүхийг эргээд сануулахад, 1995 оноос Монгол Улс анх нүүрс экспортолж эхэлсэн. 2004 оноос эхлээд одоогийн Цагаанхад үүсч, Гашуунсухайт-Ганцмодны боомт илүү хөгжиж эхэлсэн. Тэгэхдээ, “нүүрсийг авто замаар зөөх нь ашиггүй, төмөр замаар зөөвөл нэг тонн тутамдаа тээврийн зардлыг бууруулж чадна,  энэ чинээгээрээ Хятадын зах зээлтэй өрсөлдөнө гэдэг” бодлоготой.

2008 онд хувийн сектор төмөр зам барих гэж байхад тухайн үеийн Зам тээврийн сайд байсан Х.Баттулга гэдэг хүн “төмөр зам баривал танк орж ирнэ” гэж яриад зогсоосон. Дараа нь Хүнс хөдөө аж ахуйн сайд болоод төрийн өмчийн хороог өөр дээрээ нэгтгэж байгаад бондын 300 сая ам.доллараар болохгүй гэж байсан замаа өөрөө тавина гэж тавиулаад далан үлдсэн.

Дараа нь  “Бодь компани” гүйцээсэн ч  харамсалтай нь мухар төмөр зам үлдсэн. Мухар төмөр замыг цаашаа яаж, хэрхэн холбох уу гэдэг асуудал 2015 оноос хойш асуултын тэмдэг байлаа. Сая Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалын хүрээнд ойлголцолд хүрч, хэлэлцээр явагдаж байна. Ирэх оны нэгдүгээр улирлын эхний хагаст багтаагаад холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байна.

-Саяхан эдийн засгийн чуулга уулзалт боллоо. Гаднын олон хөрөнгө оруулагчид цуглаж, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулж, тэдний дүрмээр тоглох ёстойг санууллаа. Таны хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон асуудалд анхаарч ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Хөрөнгө оруулагчдаа үргээхгүй, хохироохгүй байх эрх зүйн орчин бүрдэж байна уу. Бас хариуцлагын асуудал юу болж байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг Эдийн засгийн хөгжлийн яам, Хууль зүйн яам хамтарч боловсруулаад УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Энэ намрын чуулганаар орно. Эрүүгийн цагдаа, прокурор дээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Одоогоор 50 гаруй хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж