Жуулчид эртний амфитеатрт тэнүүчилж буй мэрэгчдийн зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсний дараа Ром хотын захиргаа Колизейн эргэн тойронд тархсан хархтай тэмцэх арга хэмжээ авч байгаагаа Бямба гаригт мэдэгдэв.
Хотын хог цуглуулах албаны дарга Сабрина Альфонси “Adnkronos” мэдээллийн агентлагт хэлэхдээ, Италийн хамгийн их зочилдог аялал жуулчлалын газруудын нэгийг тойрон жуулчдын амар тайван байдлыг хангахын тулд “харх барих ажиллагаа” Баасан гарагийн шөнө эхэлжээ.
Харх барих ажиллагаа ирэх долоо хоногт үргэлжилнэ гэж хотын захиргаанаас мэдэгдэл хийж, Колизей орчмын ногоон байгууламж, хархнууд түгээмэл байдаг ус зайлуулах сувгийг цэвэрлэж, хавх тавина.
Тус хотод долоон сая орчим буюу нэг оршин суугч тутамд 2.5 харх байдаг гэж мэдэгдэлд дурджээ.
Альфонси хэлэхдээ, энэ зун мөнхийн хот руу ирэх жуулчдын тоо ихсч, хэт халсны дээр хог хаягдал ихэссэн нь мэрэгч амьтдын тархалтыг дэмжсэн байна.
Хотын захиргаанаас гэрэлтсэн Колизейн арын дэвсгэр дээр цэвэрлэгээний ажилчид хуванцар, ус, ундааны лааз болон бусад хог хаягдлыг цуглуулж байгаа зургийг нийтэлжээ.
Ром хот олон жилийн турш үүсээд буй хогны хямралтай тэмцэж, овоолсон хогийг гудамжинд, дүүрсэн хогийн савны дэргэд байнга хаядаг.
2000 жилийн өмнө баригдсан Колизей нь Ромын эзэнт гүрний хамгийн том амфитеатр байсан бөгөөд гладиаторуудын тулаан, цаазаар авах ажиллагаа, амьтдын агнах зэрэгт ашиглагддаг байжээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ