БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Шинжаанд ховор айлчлал хийсэн тухай төрийн хэвлэлүүд мэдээлэв. Хятадын засгийн газрыг тус бүс нутагт хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж барууныхан буруутгаж байгаа ч Ши Жиньпин "хүчин зүтгэлтэй нийгмийн тогтвортой байдлыг" хадгалахыг албаныханд уриалсан байна.
Ши Жиньпин Бямба гаригт бүс нутгийн нийслэл Өрөмчид очиж, засгийн газрын ажлын тайланг сонсч, "Шинжаанд хийсэн олон ажлын амжилтыг бататгасан" илтгэл тавьсан гэж улсын телевизийн “CCTV” мэдээлэв.
Ши Жиньпин "нийгмийн тогтвортой байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарах ёстой. Мөн тогтвортой байдлыг ашиглан хөгжлийг баталгаажуулах ёстой" гэж мэдэгджээ.
Түүнчлэн Ши Жиньпин албан тушаалтнуудад "Исламын шашин шүтлэгийг цөөлөх явдлыг илүү гүнзгий сурталчилж, хууль бус шашны үйл ажиллагааг үр дүнтэй хянахыг уриалсан байна.
“CCTV”-ийн мэдээлснээр "Хятад маягийн шинэчлэлийн явцад бид эв нэгдэлтэй, эв найртай, баян чинээлэг сайхан Шинжааныг илүү сайн бүтээн байгуулах болно" гэж Ши Жиньпин тунхаглав.
Мөн энэ бүс нутагт дотоод, гадаадын аялал жуулчлалыг цаашид нээх ёстой гэж мэдэгджээ.
Хүний эрхийн төлөө тэмцэгчид, хилийн чанад дахь судлаачид болон уйгурын диаспорагийн гишүүд Хятадыг Шинжаанд хүчирхийлэл үйлдэж байна гэж буруутгаж байна. Тодруулбал, нэг сая гаруй мусульман хүнийг хорьж саатуулах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, албадан ариутгах, улс төрийн сургаалтад оруулах, соёл, шашны дурсгалт газруудыг нь устгах зэрэг багтана.
Хятадын засгийн газар баруун хойд бүс нутагт терроризм, исламын хэт даврагч үзлийн эсрэг олон жилийн турш кампанит ажил явуулж, олон тооны уйгур болон мусульманчуудыг баривчилжээ.
Өнгөрсөн жил НҮБ-аас гаргасан тайланд Хятад улсын Шинжаанд явуулж буй үйлдлүүд нь "хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" байж болзошгүй гэж үзсэн бөгөөд АНУ болон бусад орны хууль тогтоох байгууллагууд уг бодлогыг "геноцид" гэж дүгнэсэн. Гэхдээ үүнийг Бээжин үгүйсгэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ