Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Баянгол, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажлын нийт 100 сая төгрөгийн үнэ бүхий ажлын тендерийг өнгөрсөн зургадугаар сард зарласан талаар бид мэдээлж байв.
Гэр хорооллын тэжээвэр нохдын үржлийг мэсийн аргаар хязгаарлах гурван багц ажлыг зургаан дүүргийн хэмжээнд 14 хоног хийх аж.
Харин нэгэнт эзэнгүй болсон, золбин нохдыг буудах, эсвэл унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаас өөр аргагүй болохыг Хотын ерөнхий менежер М.Баяраа өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн. Учир нь өнгөрсөн оны эхний зургаан сарын байдлаар нохойд хүн болон мал хазуулсан 3169 тохиолдол гарчээ. Энэ нь гэр хорооллын айл өрхүүд нохойгоо сул тавьдаг, гөлөгнүүдийг төөрүүлдэг зэргээс үүдэн золбин нохой, муур олшрох, улмаар олноор үржиж буйтай холбоотойг онцолсон.
Хотын Ерөнхий менежер М.Баяраагийн хэлснээр "Нэгэнт эзэнгүй болсон, золбин нохдыг буудах, эсвэл унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаас өөр аргагүй. Устгасан нохойн сэг зэмээр бордоо хийхээр хувийн хэвшилтэй хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа.
Эхний ээлжид эзэнтэй бүх нохойг бүртгэлжүүлэн, кодлохоор үнийн судалгааг хийж байгаа. Цаашлаад золбин нохой, муурт үржил хязгаарлах мэс ажилбар хийж эхлэхээр төлөвлөж байгаа.
Мөн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдвал эзэнтэй нохдын эздэд хариуцлага тооцох боломжтой болно. Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянгыг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас ирүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цагаан даваанд нохой унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа.
Буу барьж нохой устгах нь зохисгүй. Тиймээс тус үйлдвэрийг барих нь зүйтэй” гэж үзсэн гэсэн юм.
НОХДЫН ҮРЖИЛ ХЯЗГААРЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛСЭН
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй байдлаар багасгахаар “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг гурван багц болгон зарлаж шалгарсан газруудтай гэрээ байгуулан ажлыг нийслэлээс эхлүүлжээ. Нэгдүгээр багц Чингэлтэй, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айл өрхийн 700 тэжээвэр нохойд үржил хязгаарлах мэс ажилбарыг наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд энэхүү ажил Чингэлтэй дүүрэгт 14 хоног, есдүгээр сарын 8-ны өдрөөс Хан-Уул дүүрэгт 14 хоногийн хугацаанд хийгдэнэ.
Х️оёрдугаар багц Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, гуравдугаар б️агц Баянгол, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажил сонгон шалгаруулалтын шатанд байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын эхээр ажил эхлэхээр төлөвлөжээ.
Батлагдсан төсвийн хүрээнд 2023 онд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 3000 орчим нохойны үржил хязгаарлах ажлыг хийнэ. Энэхүү ажлыг хийснээр нохойны хяналтгүй үржлийг бууруулах, гудамж талбайд золбирох эзэнгүй нохойны тоог 20-30 мянгаар багасгаж иргэдийн аюулгүй амьдрах, зорчих нөхцөл бүрдэх аж.
Холбоотой мэдээ