Германы уул талаар жад барьж яваа нүцгэн хүний гэрэл зураг цахим сүлжээнд таржээ. Явган аялагчдын авсан гэрэл зургаас харвал мөнөөх нүцгэн, сэгсгэр үстэй хүн зүүн гартаа саваа, баруун гартаа өөр нэг хэрэглүүр барьжээ. Мөн тэрхүү хэрэглүүрээрээ чулуу үрж байгаа харагдана.
Жина Вайсс болон түүний найз Тоби нар өнгөрсөн Мягмар гаригт Харзын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялж явахдаа гар утсаараа зургийг нь авчээ. “Бид элсэн чулуун агуйд ирээд хүн чоно харсан. Тэр нэг агуйн аман дээр гартаа жад шиг урт модон саваа барьчихсан зогсож байсан. Тэр биднээс нүдээ салгаагүй боловч нэг ч үг хэлээгүй. Яг л түүхийн номон дээр байдаг чулуун зэвсгийн үеийн хүн шиг аашилж байсан” гэж Жина Вайсс хэвлэлд ярьжээ.
Уг хүнийг Германы эрх баригчид 2015 оноос хойш ажиглаж байгаа гэж “Bild” агентлаг мэдээлэв. Харин орон нутгийн гал түймрийн албаны нэгэн ажилтан хэлэхдээ “Ойд ямар ч ер бусын зүйл анзаараагүй. Энэ түүх утгагүй санагдаж байна. Зургууд нь хошигнол байх” гэжээ.
Германы нийт газар нутгийн 30 орчим хувь нь өтгөн ойгоор бүрхэгдсэн байдаг. Тиймээс ой модон дунд амьдардаг даяанч нарын тухай мэдээлэл орон нутгийн хэвлэлээр хааяа гардаг аж.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ