ОХУ-ын Африк дахь ажиллагааг “Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин удирдаж байсан. Түүнийг онгоцны ослоор амь үрэгдсэнээс хэдхэн цагийн дараа ерөнхийлөгч Путин Африктай харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Тэрбээр “BRICS”-ийн дээд хэмжээний уулзалтад цахим хэлбэрээр оролцохдоо “ОХУ бол хүнс, шатахуун нийлүүлэх найдвартай түнш. Украин дахь дайнаас болж үнийн өсөлтөд ихээхэн нэрвэгдсэн Африк тивтэй ОХУ олон талт харилцаагаа хөгжүүлэхийг хүсч байна” гэж хэлжээ.
“Вагнер” бүлэг нь Африк дахь барууны нөлөөг сааруулах Оросын кампанит ажлыг удирдаж, жихадист террористуудтай тэмцэж буй орнуудад дэмжлэг үзүүлдэг байсан.
Пригожин нас барсан тул Кремль Африкийн удирдагчидтай шууд харилцаа холбоо үүсгэх төлөвтэй байгааг шинжээчид хэллээ. ОХУ-аас Африкийн орнуудад эрчим хүчний 30 гаруй төсөл хэрэгжүүлж байгааг Путин онцолсон. Мөн Оросын шатахууны нийлүүлэлт нь Африкийн засгийн газруудад үнийн өсөлтийг барихад тусална гэжээ.
Оросын түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хийг Африк руу экспортлох хэмжээ сүүлийн хоёр жилийн хугацаанд 2.6 дахин нэмэгдсэн аж.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин дайны гэмт хэргийн улмаас баривчлагдах эрсдэлтэй байгаа тул “BRICS”-ийн чуулганд биечлэн оролцоогүй. Олон улсын эрүүгийн шүүхээс түүнийг баривчлах тушаал гарсан тул зарчмын хувьд Өмнөд Африк түүнийг баривчлах үүрэгтэй ажээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ