“BRICS”-ийн дээд хэмжээний уулзалт наймдугаар сарын 22-24-ний хооронд Өмнөд Африкт болсон. Уулзалтын өмнөхөн 22 улс гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор ирүүлжээ. Бүлэг дотор олон янзын, тэр дундаа өрсөлдөгч улсууд багтсан тохиолдолд бүлгийн оршин тогтнох чадварт нөлөөлнө гэж барууныхан үздэг.
Тэгвэл энэ удаагийн уулзалтаар “BRICS”-ийн бүлэг Саудын Араб, Иран, Арабын нэгдсэн Эмират, Аргентин, Египет, Этиоп гэсэн зургаан орноор бүл нэмэв. Энэ нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бүлэг анх удаа бүл нэмсэн тохиолдол боллоо. Хятадын дарга Ши Жиньпин “Гишүүнчлэлийг өргөтгөх нь түүхэн үйл явдал. Энэ бол хамтын ажиллагааны шинэ эхлэл. Энэ нь бүлгийн хамтын ажиллагааны механизмд шинэ хүч сэлбэхийн зэрэгцээ дэлхийн энх тайван, хөгжлийг улам бэхжүүлэх болно” гэжээ.
Этиопын ерөнхий сайд Абий Ахмед бүлэгт гишүүнээр элсэнээ агуу мөч гэж нэрлэв. Тэрбээр твиттер хуудсандаа “Этиоп улс дэлхийг хамарсан, цэцэглэн хөгжсөн дэг журмыг тогтоохын төлөө бүх хүнтэй хамтарч ажиллахад бэлэн байна” гэжээ.
Харин Ираны ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Мохаммад Жамшиди энэ алхамыг “Тегераны гадаад бодлогын хувьд түүхэн хөгжил, стратегийн амжилт” гэж тодорхойлжээ.
Дашрамд дурдахад, “BRICS” бүлэг 2009 онд байгуулагдсан бөгөөд Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсууд гишүүн нь юм.
Эх сурвалж: THE TELEGRAPH