Монголын улс төрд их тулааны өмнөх нам гүм ноёрхжээ. Өнгөцхөн харвал улс төрийн үйл явдал бага, өвөлжин, хаваржин томоохон луйврын хэргүүдийн дуулианд бөмбөгдүүлсэн нийгэм түрдээ “амхийсэн” дур зурагтай намрын өдрүүд үргэлжилж байна. Гэвчиг, цаанаа МАН-МАН-тай, АН-АН-тай “иргэний дайн” хэдийнэ эхлүүлснийг олон нийтийн сүлжээнд сэвэгдэж буй сэдвүүд гэрчлэж буй.
Энэ намрын улс төрийн халуурал оргилдоо хүрч, улс төрд сонгууль угтсан субботник улам эрчимжинэ. Нэг хэсэг нь төв талбайгаас, нөгөө хэсэг нь Төрийн ордноос энтертаймент үзүүлнэ. Эрх ашиг нэгдсэн нь тосоо гартал тэврэлдэж, салсан нь цусаа гартал зодолно. Улстөрчид маань улсаа хөгжүүлэхгүй ч, иргэдээ уйдаахгүй улс төрийг үзүүлэх биз.
1.
Цагаан байрны гол зөрчил нь НҮҮРСНИЙ ХУЛГАЙ. Монголын хамгийн том санхүүжилттай, нүүрсний мафийг Л.Оюун-Эрдэнэ нэр устай зарлаж, сүүлэн дээр нь гишгэчихсэн. Үүнээс болж МАН дотроо “иргэний дайн”-д бэлдэж буй гэх мэдээлэл сэвэгдэх болсны ард хэн нэгний ашиг сонирхол байгаа нь лавтай.
Л.Оюун-Эрдэнэ нэг талаасаа анд нөхдийнхөө авлигын хэрэгтээ тэмцэхээс өөр аргагүйд хүрсэн. Хэрэвзээ, амалснаасаа ухарвал Ардын нам ирэх сонгуульд өвдөг шороодно. Нөгөө талаасаа Л.Оюун-Эрдэнэ энэ далимаар нам дахь “власть”-аа өөртөө авахыг хүснэ. Алийн болгон эрх мэдлээ Д.Амарбаясгалантай хуваалцах билээ. Гэхдээ түүний цэвэрлэгээнд хамгийн их саад болж мэдэх хүмүүс бол нүүрсний хулгайн хэргийн гол сэжигтнүүд.
Үндсэндээ, сонгуулийн субботникт хамгийн түрүүнд өртөж, цаашлаад хууль, шүүхийн хаалга татаж мэдэхээр болсон анд нөхдөө авраад засгаа унагах уу, засгийн бодлогоо дэмжээд анд нөхдөө шоронд илгээх үү гэсэн хэцүү сонголттой Л.Оюун-Эрдэнээс илүү тулах хүн бол Д.Амарбаясгалан.
Харин нүүрсний хулгайчдын явуулгаар сандал, суудлаасаа салах үгүй нь Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд улс төрд хэр чанагдаж, ямархуу лидер болсны шалгуур болох биз.
Үүрдийн дайсан, үүрдийн нөхөр гэж Монголын улс төрд хэзээнээсээ байгаагүй. Энэ “жам”-ыг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр тойрохгүй ч байж мэднэ. Биологийн ч, улс төрийн ч ид насан дээрээ яваа тэднийг Ардын нам гэх бохир институци нь хүссэн ч, эс хүссэн ч зам салахад хүргэх биз.
Дээр нь тэдний нөхөрлөлийг зөрчил болгож, зөрчил дээр цучил нэмэх ах нар нь цагаан байрнаасаа анхааралтайгаар ажиглаж суугаа. Авлигатай тэмцэх таван Ш ажиллагаанаасаа болоод Л.Оюун-Эрдэнэ цагаан байрны “загалмайлсан эцгүүд”-ийнхээ дургүйцлийг өөр дээрээ авчирсан. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн суудал ганхах төдийд тэд амаа ангайгаад суухгүй нь лав.
Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өдөр тутмын улс төрд оролцохгүй болсон ч тэр намдаа ч, улс төрд “номер нэг”-ээ хадгалахыг хүсэх нь мэдээж. Мөн л биологийн болон улс төрийн жинхэнэ ид насан дээрээ яваа түүнийг Монголын улс төрөөс тийм ч амархан шахан гаргаж чадахгүй болов уу. Хэдий Л.Оюун-Эрдэнийн мэдэлд АТГ ирсэн ч шүүх, прокурор Ерөнхийлөгчөөс яваагүй нь ойлгомжтой.
ЖДҮ, жаран тэрбумын хэргээр шалтаглан У.Хүрэлсүх өрсөлдөгчдөө цэвэрлэсэн. Тэгэхээр нүүрсний хулгайн хэрэг Л.Оюун-Эрдэнийн эрх мэдлээ бататгах, намаа цэвэрлэх энэ намрын улс төрийнх нь гол хөзөр гэж харагдаж, хардагдаж байна.
2.
Ирэх Даваа гаригт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдана. Намын дүрмийн дагуу Л.Гантөмөр “гал тогоо”-ны хүнээ танилцуулна. Гол өрсөлдөөн намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал дээр өрнөх болсон. Өнгөрсөн өвөл намын даргаар сонгогдсон хэдий ч дөрвөн сарын өмнө албан ёсоор тамга тэмдгээ авсан Л.Гантөмөр анх удаа намаа зангидаж сонгуульд орно. Тэгэхээр түүний хувьд ч, АН-ын хувьд ч маш хариуцлагатай, эгзэгтэй сонгууль тохиож байна гэсэн үг. Хэрэвзээ, сонгуульд ялагдвал Л.Гантөмөрийн болоод АН-ын карьер дуусна. АН улс төрийн нэг түүх болж үлдэнэ.
Намын генсек бол нам дотроо гол хүн байдаг. Тиймээс намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал дээр АН-ын фракциуд реакцилаад удаж байгаа билээ. Экс Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэт л С.Ганбаатар, А.Адъяасүрэн нарыг дагуулаад ил цагаан улс төр хийх болсон нь Л.Гантөмөрийн “тогооны хүн”-ээр өөрийнхөө хүнийг тавих гэсэн зорилготой. Энэ зэргийн жүжгийг экс Ерөнхийлөгч Х.Баттулга гарамгай найруулна.
С.Баярцогтыг намдаа гол хүн болох вий гэхээс Х.Баттулга үргэлж айж ирсэн. Гэхдээ С.Баярцогт улс төрийн замналаа бодсон ч Л.Гантөмөрийн тогооны хүн болохгүй биз. Ийм зэргийн албан тушаалаас татгалзах хор нь гарсан улстөрч.
Л.Гантөмөрийн хувьд арай гэж нэгэн дээвэр дор багтсан намаа ахиад хагарал, талцал руу нь түлхчихгүйн тулд мэдрэмжтэй, бодлоготой байхаас өөр аргагүй нөхцөлд ажиллаж байгаа. АН-ынхны хувьд МАН шиг “толгой хагарсан ч малгай дотроо” байж чаддаг хүмүүс биш. Хэрүүл, талцалаа хавиар нэг цацаж, намынхаа асуудлыг Монголын зовлон болгож хувиргадаг.
Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэ “хайчин гал” дунд, Л.Гантөмөр “хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага” шиг л байна.
Л.Гантөмөрийг солино гэдэг Л.Гантөмөрийг түншсэн л үг. С.Баярцогттой хагаралдуулах, АН-ыг байнгын талцал хэрүүлтэй байлгах сонирхол Х.Баттулгад ч бий. Хэрэвзээ Х.Баттулга шинэ нам байгуулах зорилготой байгаа бол эхлээд АН-ыг хэн ч, юу ч биш болгохыг хүснэ. Х.Баттулга эрх мэдэлд хүрэхийн тулд эх орноо ч зарахаас сийхгүй болохыг ганц нүүрсний хулгайн хэргээс нь тодорхой харчихна биз.
3.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ 126 гишүүнтэй байх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилж өгсөн. Тиймээс цээжээ бяц нүдсэн горилогчид төв талбай дээр намаржиж, өвөлжих байх. Өнгөрсөн өвлийн жагсаалаас Төрийн ордонд орохын тулд Төрийн ордоноо “буулгаж” ч мэдэхээр хүмүүс цөөнгүй харагдсан. Уран, усан цахилгаан станцыг улс төржүүлэх гадаадын гар хөлүүд намрын улс төрийн хачир болох биз.
Аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад айлчилж, хөрөнгө оруулалтын том гэрээ байгуулна. Тиймээс Монголын эрх ашгийн эсрэг монголчуудыг нь санхүүжүүлээд тавьчих хэмжээний улс төрийг гэр дотроос, гэрийн гаднаас өрдөж магадгүй. Гэм нь гэрээ л битгий шатаачихаасай билээ.
Холбоотой мэдээ