Онгоцоор нисэхэд паспорт, тасалбараа л шалгуулдаг байсан бол нэмээд жингээ мэдүүлэх шаардлагатай болжээ. Тодруулбал, Өмнөд Солонгосын “Korean Air” авиа компани сүүлийн хэдэн долоо хоногт зорчигчдыг онгоцонд суухын өмнө жинг нь асуудаг болов.
Гэхдээ энэ журам нь хэн нэгний бие галбирыг шүүх гэсэн санаагүй. “Korean Air” бол онгоцныхоо жингийн мэдээллийг үе үе мэдүүлэх шаардлагатай авиа компаниудын нэг юм. Гимпогийн олон улсын нисэх онгоцны буудлаас наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ныг хүртэл, Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас есдүгээр сарын 8-19-ний хооронд нисэх зорчигчдод энэ шалгалт хамаатай. Гэхдээ тухайн зорчигчийн хувийн мэдээллийг нууцлах бөгөөд дараа нь Өмнөд Солонгосын Газар, дэд бүтэц, тээврийн яаманд мэдээлнэ.
Зорчигч жинлүүр дээр гишгэх үед мэдээлэл нь өөрт нь ч, компанийн ажилтнуудад ч харагдахгүй. Хэрвээ зорчигч хүсэхгүй бол жингээ шалгуулахгүй байж болно.
Энэхүү шаардлагыг агаарын тээврийн компани бус засгийн газраас тавьдаг. Жингийн мэдээлэл цуглуулах нь онгоцны түлшний хэмжээ болон жингийн хуваарилалтын зохицуулалт хийхэд хэрэгтэй байдаг аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ