“Эрдэнэс Тавантолгой”-н ажил удахгүй жигдэрнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н ажил удахгүй жигдэрнэ

Ерөнхий сайд С.Батболд 100 хувийн төрийн өмчит “ Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн  ажлын явцтай танилцлаа.  Тус компани нүүрснийхээ  анхны хөрс хуулалтаа хийж байхтай нь Засгийн газрын тэргүүн ийнхүү таарав.

Тус ордыг ашиглах тухай УИХ-ын шийдвэр гарснаас хойш  “ Эрдэнэс Тавантолгой” компани  хээрийн ангиа байгуулж, ам нээх баталгаажуулах өрөмдлөгийг хийж ,  шинэ хөрсөө хуулаад эхэлжээ. Оператар компанийг аравдугаар сарын 5 гэхэд шалгаруулж, анхны борлуулалтаа арваннэгдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр тооцож байгаа юм байна. Эрчим хүчний зориулалтаар ашиглах зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй уг уурхай анхны хөрс хуулалтаар 12-16 метрийн дороос “хар алт”-ны нөөцөд хүрэх бөгөөд хоёрхон сарын дараа баялаг маань үүцээ нээнэ хэмээн “Эрдэнэс МGL” компанийн ерөнхий захирал Б.Энэбиш танилцуулж байв. Эхний жилдээ нэг сая тонн нүүрс олборлох зорилт тавьж байгаа бөгөөд зах зээл нь тодорхойгүй байгаад санаа зовж буйгаа ч дурдаж байсан.

 Ерөнхий сайд мэдээллийг  сонссоны дараа “УИХ-аас Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах тухай шийдвэр гарч, үйл ажиллагааг Засгийн газар эхлүүлж байна. Иргэд Таван толгойгоос их юм хүлээж байгаа. Бид энэ ордоос  олох орлогоос иргэддээ хувь хишиг хүртээж, эрүүл мэнд  боловсролын салбарт хөрөнгө оруулна. 2011 он гэхэд энэ бүх үйл ажиллагааг ажил болгоод, тавьсан зорилтоо биелүүлэх ёстой. Хүний хөгжил сангийн хуулийн дагуу ямар хугацаанд хэдий хэмжээний, ямар үнийн дүнтэй хувьцаа эзэмшүүлэх ёстой  вэ гэдгийг ойрын хугацаанд тодорхой болгож танилцуулна.

Энэ орд нь олон улсын жишигт нийцсэн байх ёстой. Өмнийн говьд үйл ажиллагаа явуулж буй компаниуд бодлогоороо зангилагдаж, дэд бүтэц нь нэг нэгнээ нөхсөн хамтарсан уялдаа холбоотой байх хэрэгтэй.  Энэ бүгдийг нухацтай авч үзэн, цаашдын ирээдүйг нь харгалзсан орчин үеийн аж үйлдвэрийн, хот байгуулалтын төлөвлөгөө гаргаж Засгийн газарт танилцуулах үүргийг холбогдох албан тушаалтануудад өгч байна” гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой”   компанийн гүйцэтгэх захирлыг олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулах   юм байна.  Тендэрийн хуулийн дагуу хэвлэлүүдээр зарлал  яваад эхэлжээ. Эцсийн шийдвэр аравдугаар сарын 5-нд гарч, оператор компани ажилдаа орж, “Эрдэнэс Тавантолгой” жинхэнэ утгаараа ажилдаа орох болсон талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж