Япон улс өчигдрөөс /2023.8.24/ сүйрсэн атомын цахилгаан станцаас нэг сая метр тонн гаруй цацраг идэвхт усыг далайд асгаж эхэлсэн нь бохирдол, аюулгүй байдлын асуудлаар олон нийтийг түгшээж байна. Японы засгийн газраас Фүкүшима атомын цахилгаан станцад болсон дэлбэрэлтийн дараа цөмийн тогоог хөргөсөн усыг шүүж цэвэршүүлсэн гэж баталж, Олон улсын атомын энергийн агентлагаас далайд асгахыг зөвшөөрсөн.
Фүкүшимагийн усыг шүүх процессоор цэвэршүүлснээр зөвхөн нэг цацраг идэвхт изотоп болох тритиумыг бүрэн арилгаж чадаагүй боловч зохих хэмжээнд хүртэл бууруулсан гэж Токио мэдэгдэж байна.
Гэвч цацрагийн бохирдолтой усыг Номхон далайд шийдвэр нь нэлээдгүй маргаан дагуулсан бөгөөд Японы иргэдээс авхуулаад Хятад, Өмнөд Солонгосын эсэргүүцэлтэй тулгарчээ. Улмаар энэ долоо хоногийн эхээр Япон, Өмнөд Солонгост эсэргүүцлийн жагсаал болж, далайд бохирдсон усыг асгаснаар далайн бүтээгдэхүүнд ноцтой хор учруулна гэж дургүйцлээ илэрхийлэв.
Тэгвэл олон нийтийг ятган сэнхрүүлэхийн тулд АНУ-аас Япон улсад суугаа Элчин сайд Рахм Эмануэль өчигдөр хэлсэн үгэндээ, Фүкүшимагийн загасыг идэж, аюулгүй гэдгийг нь батална гэжээ.
Тэрбээр наймдугаар сарын 31-нд Фүкүшимад очих бөгөөд хотын даргатай уулзаж, зоог барих, далайн хүнсний захаар зочлох, ойролцоох далайгаас барьсан загасыг идэх гэнэ.
Рахм Эмануэль өмнө нь Чикаго хотын дарга, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед Тамгийн газрын дарга байсан хүн бөгөөд Фүкүшимагийн усыг далайд асгахыг дэмжиж буй хүмүүсийн нэг. Япон улс 2022 онд 634 мянган тонн далайн бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 387,3 тэрбум иен /2,6 тэрбум ам.доллар/ болсон байна. Гэхдээ далайн бүтээгдэхүүн нь тус улсын дэлхийн худалдааны ердөө нэг хувийг бүрдүүлдэг.
Япон өөрөө далайн бүтээгдэхүүний дэлхийн хамгийн том хэрэглэгчдийн нэг хэрэгцээнийхээ тал хувийг импортоор хангадаг.
ЭХ СУРВАЛЖ: FORTUNE
Холбоотой мэдээ