АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АН-ын ҮБХ-ны хурал ирэх Даваа гаригт болно. Энэ хурлаар танай нам дотоод зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, шинэ удирдлагуудаа сонгох байх гэсэн хүлээлт бий. Өөр ямар асуудал хэлэлцэх вэ?
-Энэ зун манай нам анхан дунд шатны гишүүдтэйгээ уулзах олон арга хэмжээг зохион байгууллаа. Гишүүдээ идэвхжүүлэх, намынхаа үзэл баримтлал, сөрөг хүчний байр суурийн талаарх мэдээллийг өгөх гэх мэт олон ажил хийлээ. Намрын чуулган эхлэхэд богино хугацаа үлдсэн. Намрын чуулганаар сонгуулийн жилийн төсөв олон чухал асуудал хэлэлцэгдэнэ.
Түүнтэй холбоотой ҮБХ-ны хурал зөвхөн дотоод зохион байгуулалт гэхээс илүүтэй, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх утгаараа төрийн ордонд хуралдах гэж байна.
-Аль ч намын хувьд Ерөнхий нарийн бичгийн дарга гол хүн байдаг. АН-ын “гал тогоог” барих лидерээр хэнийг нэрлэх вэ?
-Намын дүрмийн хувьд намын даргад онцгой эрх бий. Бид эвлэрлийн ажлын хэсгийн үр дүнд АН-ын ҮБХ-оо хуралдуулж, намын даргаа сонгож, Дээд шүүхэд бүртгүүлсэн. Энэ утгаараа анхан дунд шатны гишүүд дэмжигчидтэй уулзалт хийж олон талын мэдээллийг авч, тэдний байр суурийг нэгтгэн хурлаа хийх гэж байна. Намын дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох албан тушаалд нэрээ оруулж ирнэ. Бидний хувьд гол харж буй зүйл нь АН сонгуулийн жилд нягт зохион байгуулалттай бүтэц, бүрэлдэхүүний хувьд чадварлаг бүтэцтэйгээр сонгууль угтсан штабын үйл ажиллагааг явуулах хэмжээний бүтцийг томилно гэсэн хүлээлттэй байна.
ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТДАА СӨРӨГ ХҮЧНИЙ АЖИЛ ХИЙХ НЬ ЧУХАЛ
-Хоёр талд үйл ажиллагаа явуулж байсан Ардчилсан нам нэгдэж, даргаараа Л.Гантөмөрийг сонгосон. Гэхдээ өнөөг хүртэл Ардчилсан нам "нам гүм" байгаа шалтгааныг та юу гэж харж байна. Намын даргынхаа үйл ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай байгаа вэ?
-Бид энэ оны нэгдүгээр сарын 19-ны хурал дээр ч тэр, түүнээс хойших цаг хугацаанд намын даргын үйл ажиллагааг нягт дэмжиж ажиллаж ирсэн. АН-ын хувьд амаргүй цаг үеийг туулж байна. Дотоод гадаад олон хүчин зүйлээс улбаатай асуудлын ард гарч чадлаа. Намаа эмхлэн зохион байгуулах ажил бас амаргүй байна. Яагаад анхан, дунд шатны гишүүдтэйгээ уулзахыг чухалчлаад байгаа юм гэвэл АН цөөн тооны лидерүүдийн нам биш. 200-аад мянган гишүүн дэмжигчтэй том улс төрийн хүчин учраас гишүүдийн байр суурь, үзэл бодол намын бүхий л шийдвэрт тусах ёстой. Бид гишүүд дэмжигчиддээ зориулсан шийдвэрийг гаргах ёстой. Нөгөө талаасаа сөрөг хүчний дуу хоолой нийгэмд чухал байгаа нь үнэн. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил олон байна. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгээс ирэх намрын чуулганаар аравдугаар сарын 2-4-ны хооронд цар тахлын хуулийн хэрэгжилттэй холбоотой нээлттэй сонсгол явуулахыг холбогдох УИХ-ын тогтоол гарсан. Тэр хүрээнд ажлын хэсэг гарч, судалгаа хийгдэж байна. Нийгэм, иргэдээс намын гишүүдээс хүлээлт маш их байгаа. Мэдээж, эрх баригчдын байгаа байдал, хийж хэрэгжүүлж буй ажил хангалтгүй байгаа учраас тэр шүү дээ. Өөрөөр хэлбэл АН даргатай болоод "алаад өгнө"гэсэн хүлээлттэй байгаа. Тэр бол зүй ёсны хэрэг.
Одоо бид ҮБХ-ын хурлаас бүтэц бүрэлдэхүүнийг богино хугацаанд асуудалгүй шийдчих байх. Холбогдох анхан дунд шаттайгаа ажиллах, иргэдийн санал бодлыг сонсох, УИХ-д эрх баригчдын оруулж ирж буй хууль тогтоомжид санал өгөх, дээрх дурдсан Ковид, Нүүрсний сонсголд хүчтэй сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх гэх мэтчилэн ажлуудад анхаарахыг хүсч байна. Нийт гишүүд, дэмжигчдээ мөн уриалмаар байна. Энэ асуудалд АН-тай хамтарч ажиллаад, мэдээллээ өгч, хамтдаа сөрөг хүчний ажлыг хийгээсэй гэж уриалмаар байна. Ямар ч байсан бид урагшаа алхмаа хийж чадсан. Олон сорилтын ард гарсан.
-Та АН-ын ҮБХ-ны гишүүн. Танай намын даргыг МАН томилсон гэх хардлагад ямар тайлбар өгөх вэ?
-АН ямагт нээлттэй, ардчилалтай, дотоод байгаа асуудал нь нээлттэй, ил тод байдаг нам. Эрх баригчдын зүгээс АН-ын үйл ажиллагаатай холбоотой асуудал өмнө нь байсан уу гэвэл байсан. Яагаад вэ гэвэл улсын захиргааны байгууллагаас тамга олгодог ч юм уу, Дээд шүүхээр шалтаглаад хэн нэгнийг бүртгэхгүй байх гэх мэтийн улс төрийн өрсөлдөгчөө намнах оролдлого хийгдсэн. Гэхдээ бид дотоод асуудлаа эрх баригч намаа шийдүүлнэ гэж байхгүй. Тийм боломж байхгүй. Яагаад гэвэл АН-ын эрх барих дээд байгууллага ҮБХ өргөн бүрэлдэхүүнтэй хуралдах гэж байна.
АН лидер олонтой. Хувь хүмүүсийн байр суурь хурц илэрхийлэгдэх байх. Тэр “галыг” давна гэдэг амаргүй даваа.
-МАН-д үе солигдож яваа. Харин АН-д үе солигдож чадаж байна уу. Танай намын залуусыг өлгийдөө өтөллөө гэж иргэд шүүмжилдэг шүү дээ?
-АН-ын үүсгэн байгуулагчдын үе шувтарч дараа дараагийн үеийн залуус гарч ирж байгаа цаг мөч ирсэн байна. Энэ цаг үе мөн АН-ын үнэмлэхүй ялагдсан цаг үетэй давхцаад, байгууллагын төлөвшлийн хувьд сонирхолтой цаг үе дээр ирж байна. Үе хоорондын шилжилт амаргүй байдаг юм байна. Энэ оны нэгдүгээр сарын 19-нд Л.Гантөмөр даргыг намын даргаар сонгосноор анхны 70-аад оны даргатай боллоо. Өнгөрсөн хугацаанд АН-д маш олон залуус элслээ. Яалт ч үгүй нийгэмд сөрөг хүчний дуу хоолой чухал байгаа. Нийгэмд өөрчлөлт авчрахыг зорьж байгаа хүмүүст АН гэдэг цор ганц сонголт байна. Тиймээс үе хоорондын шилжилт амжилттай хийгдэж байна. Олон залуус шинээр орж ирж байгаа. Гагцхүү нийгэм дэх танигдалтын асуудал бий. АН ялагдсан байгаа энэ цаг үед тэдгээр залуус нийгэмд хангалттай танигдаж чадахгүй байна. Түүнээс биш АН ямагт боловсон хүчин ихтэй, манлайлагчид олон байсан. Манай үед ч гэсэн манлайлагч нар олон байгаа. Өрсөлдөөн их байна.
-Таныг Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин гэдгээр олон хүмүүс мэднэ. Тэр утгаараа АН-тай салшгүй холбоотой байх. Тиймээс цаашдын улс төрийн карьераа хэрхэн харж байна вэ?
-Миний хувьд АН-ын мянга мянган залуу гишүүдийн адил удам залгасан ардчилагч. Аав ээж, ах эгч нар ардчиллын анхдагч байсан түүхтэй. АН-д партизаны хүүхдүүд олон байдаг. Яг тэдэнтэй адилхан замаар хүүхэд цагаасаа хойш АН-ыг сонгож, 2000 онд АН-д элссэн. Тэр цаг хугацаанаас хойш бие даасан улс төрөө хийгээд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байна. Ийм замналтай хүмүүс манай намд олон бий. Яагаад гэхээр бид өмнөх үеийнхээ ардчиллын төлөөх тэмцлийг үргэлжлүүлж зарим талаар хүрч чадаагүй үр дүнд нь хүрэхийн тулд, нэгэн түүхийг бүтээхийг тулд ардчилалтай амьдралаа холбоод явж байна. АН-ын тухайд гэвэл ҮБХ-ны хурлаар бүтэц зохион байгуулалтын асуудал яригдана. Уг хурлын араас дэргэдэх байгууллагын хурлууд, зарим нэг сонгууль явагдана гэсэн хүлээлттэй байгаа. Зарлагдаад явахад нь шийдвэрээ гаргаад явна.
Холбоотой мэдээ