Монгол улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад нэгдсэний 50 жилийн ойг тохиолдуулан "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛ – Хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар" сэдэвт олон талт уулзалт Дундговь аймагт зохион байгуулагдаж байна.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцууллаа.
Уулзалтаар өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа чиглүүлэгчээр, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцарэн, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн Н.Батхүү, МУ-ын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, БНХАУ-ын Монгол Дахь Элчин Сайдын зөвлөх Занг Янг нар панелистаар оролцон “Монгол дахь уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, хүнсний тогтолцооны асуудал” сэдвийн хүрээнд хэлэлцлээ.
Мөн "Экологийн бус нутгуудын бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, шалтгаан, үр дагавар, нөхөн сэргэх боломж сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Сүүлийн 80 жилд агаарын дундаж хэм 2,4 градусаар өсөж, цөлжилт, газрын доройтол 120,3 сая га талбай буюу нийт газар нутгийн 76,9 хувьд хүрсэн төдийгүй сүүлийн 20 жилд гамшигт үзэгдлийн давтамж 2 дахин өссөн нь бэлчээрийн мал аж ахуй, бэлчээрийн доройтолд тодорхой хэмжээгээр нөлөөлөөд байна. Тиймээс цөлжилт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээнд шаардлагатай бодит төсвийн тооцоог гаргаж төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах асуудлыг хариуцсан оновчтой бүтэц, зохион байгуулалтыг бий болгох, хөдөө аж ахуй, газар тариалан, бэлчээрийн зүй зохистой ашиглалт, хамгааллын чиглэлээр салбар дундын уялдаа холбоог сайжруулах, бэлчээрийн даацад тохирсон малын тоо толгойн зохистой менежментийг бүрдүүлэх, бэлчээрийн даацаас хэтэрсэн малд байгалийн бус бүслүүрийн онцлогт нийцүүлэн бэлчээрийн нөөц ашигласны болон усны нөөц ашигласны төлбөр тооцох эрх зүйн орчныг бий болгох зэрэг асуудлуудыг анхааран хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байгаа юм.