Энэ жил дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэхдээ авто замын дор хонгилын системтэй хийлгэж байгаа учир ирэх оноос дахин зам хааж, газар шорооны ажил хийхгүй гэдгийг Хотын менежер М.Баяраа цахим хуудастаа онцолсон. Тодруулбал, хонгилын систем хийснээр гэмтэл гарсан үед авто зам эвдэхгүй байх сайн талтай байна. Тиймээс энэ удаад олон хоног хааж байгаа замуудад иргэдийг бухимдалгүй хүлээцтэй байхыг хотын захиргааныхан хүссэн билээ. Мөн дүүргэлт хийгдсэн байршлуудад авто замын болон явган замын нөхөн сэргээлтэд эко гэж нэрлэгддэг нүхтэй хавтанг ашиглахгүй байх, автомашины зогсоолыг бетондож хийхийг гүйцэтгэгч компаниудад нийслэлээс үүрэг болгосон талаар мэдээлж байв.
Тэгвэл Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны хангамжийн гол шугам, тоноглолд хийгдэх энэ зуны их, урсгал засвараар Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банк болон улс, нийслэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар 19 байршилд нийт 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах томоохон ажлууд хийгдэж дууссан байгаа аж.
Шугамуудын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явж байгаа бөгөөд графикт хугацаанаас нь өмнө зарим байршлуудыг шугам угсралтын ажлыг дуусгажээ.
Ажил хийгдэх хугацаанд хүний зорчих аюулгүй байдлыг хангуулах, нэг ажлаа явуулахын тулд ногоон байгууламж, зам талбайгаа эвдэж сүйтгээд орхиод явдаг байдлыг гаргуулахгүй байхад анхаарч ажилласныг хотын Ерөнхий менежер онцлов.
Тодруулбал, нэг байршил дээр гэхэд багадаа 3-4 удаа очиж ажиллаж асуудлуудыг дор бүр нь шийдэж байсны дүнд сунжирсангүй том ажлын ард гарч байна гэжээ. Одоо зам талбайн болон ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийлгэх аж.
Ямартай ч жил бүр зам хааж засвар шинэчлэлт хийдэг шугам сүлжээний ажил ирэх оноос жигдрэх нь.
Холбоотой мэдээ