“Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин онгоцны ослоор нас барсан гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд гарсан. Москвагаас Санкт-Петербург чиглэлд нисч явсан түүний хувийн онгоц осолдсоноор хөлгийн багийн гурван гишүүн, долоон зорчигч бүгдээрээ нас баржээ. Болсон явдалтай холбоотойгоор дэлхийн улс орнууд байр сууриа илэрхийлж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ мэдээг сонсоод “Гайхаагүй” гэжээ. “Яг юу болсныг би мэдэхгүй. Гэхдээ би гайхахгүй байна. Ард нь Путин байхгүй үйл явдал Орост бараг байхгүй. Гэвч хариултыг нь хэлэхүйц хангалттай их мэдээлэл надад алга” гэж тэр хэлэв.
Мөн АНУ-ын Үндэсний аюулгүйн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриенне Ватсон хэлэхдээ “Хэрвээ үнэн гэдэг нь батлагдвал хэн ч гайхахгүй байх. Украин дахь дайн хөлсний цэргүүдийг Москва руу жагсахад хүргэсэн. Ийм зүйл болох л байсан мэт санагдаж байна” гэжээ.
Украины ерөнхийлөгчийн туслах Михайло Подоляк энэ үйл явдлыг “Үнэнч бус байсан хэн бүхэнд үзүүлж буй Кремлийн дохио” гэж тодорхойлсон. “Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос хоёр сарын дараа Пригожин ба түүний командлалыг устгасан нь 2024 оны сонгуулиас өмнө Оросын элитүүдэд өгч буй Путины дохио. Болгоомжил! Үнэнч бус байдал=Үхэл” гэж Подоляк цахим сүлжээндээ бичжээ.
Харин Эстонийн ерөнхий сайд Кажа Каллас “CNN” агентлагт ярилцлага өгөхдөө “Путин өрсөлдөгчдөө устгана. Энэ нь түүнээс өөр үзэл бодол илэрхийлэхийг оролдсон хэнийг ч айлгах болно” гэжээ.
Польшийн Гадаад хэргийн сайд Збигньев Рау хэлэхдээ “Путины эрх мэдэлд заналхийлсэн хүмүүс жамаараа үхнэ гэж байхгүй” гэв.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ