Ж.Батсуурь: Эрх баригчдад харах нүд, сонсох чих алга

Хуучирсан мэдээ: 2023.08.24-нд нийтлэгдсэн

Ж.Батсуурь: Эрх баригчдад харах нүд, сонсох чих алга

Ж.Батсуурь: Эрх баригчдад харах нүд, сонсох чих алга

АН-ын ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ирэх Даваа гаригт болох Үндэсний бодлогын хорооны хурлын талаар ярилцлаа.


-АН-ын ҮБХ-ны хурал энэ сарын 28-ны өдөр болно. Хэвлэлээр таныг Л.Гантөмөр даргаас түрүүлж амбицлан ҮБХ-г хуралдуулах шийдвэр гаргасан гэх мэдээлэл явсан шүү дээ?

-Тийм зүйл байхгүй. Тэр зүгээр хувь хүмүүс гаргасан зүйл. Л.Гантөмөр дарга ҮБХ-г хуралдуулах, хэлэлцэх асуудлын жагсаалтыг ирүүлсэн. Тэр дагуу хэлэлцээд баяр наадам, зуун жилийн ой таарсан учраас тухайн үед хурлыг хойшлуулсан. Энд ямар нэгэн маргаан байхгүй. Нээлттэй ардчилсан нийгэмд хүмүүс өөрийнхөө сонссоноор янз бүрийн чимээ шуугиан гаргадаг. Тэр бидэнд хамааралгүй асуудал.

-ҮБХ-ны хурлаар дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгохоор яригдаж байна. Үүнээс өөр ямар асуудал яригдах вэ?

-АН-ын ҮБХ бол хамгийн том байгууллага. Дээр нь Их хурал байгаа. Их хурал тэр болгон хуралдаад байдаггүй. ҮБХ-ны хурлаар шийдэж болох бүх асуудлыг бид хөндөнө, ярина. Намын дарга өнгөрсөн зургаан сарын хугацаанд орон нутгаар явах, бүсийн зөвлөгөөн хийх, АН-д үүсээд байсан фракц бүлэг клубуудтэй уулзах, намын дэргэдэх олон нийтийн байгууллага, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, ахмадын холбоо гэдэг бүх байгууллагатай уулзсан. “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг асуудлаа оруулж яваа байх. Онцгой бүрэн эрх нь Л.Гантөмөр даргад бий. ҮБХ-ны хурлаар асуудлаа оруулж, бүгдээрээ ярилцаад шийдвэрээ гаргана. Ямар нэгэн маргаан үүнд байхгүй.

-АН-д лидерүүд олон байгаа. Таны хувьд Ерөнхий нарийн бичгийн даргад хэнийг дэмжих вэ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг МАН томилно гэдэг яриа гарч байгаа шүү дээ?

-Чи, би эсвэл ямар нэгэн хүн хэлэх боломжгүй. Яагаад гэхээр намын дүрэмд “Намын даргын онцгой бүрэн эрхийн хүрээнд” гэж заасан. Намын дарга тэр өдрийн хурлаар хэнийг оруулж ирүүлэх, ямар туршлагад үндэслэх, хэнийг тавибал АН-ын гал тогоог хурдан сайжруулж чадах уу? гэх мэтчилэн асуудлыг гаднаас нь ярих, би хэлэх нь зохимжгүй. Жишээ нь, Ерөнхий сайд танхимын сайд нараа оруулж ирдэг шүү дээ. Тэгэхэд, мянга гаднаас яриад  нэмэргүйтэй адил. Бидний хувьд намын шинэчлэгдсэн дүрмийн дагуу явж байгаа.

ҮБХ-НЫ ХУРЛААР Л.ГАНТӨМӨРИЙН ЗҮТГЭХ ХҮЧ “МОТОР” НЬ ЗАНГИЛАГДАНА 

-Таны хувьд Л.Гантөмөр даргатай хэр ойр ажиллаж байна вэ. Нийгмийн зүгээс Л.Гантөмөр даргыг намаа эмхлэх, цэгцлэх тал дээр удаашралтай ажиллаж байгааг шүүмжлэх нь бий. Та ямар байр суурьтай байна вэ?

-Аливаа ажлыг гаднаас нь харахад амархан байдаг. Би Л.Гантөмөр даргыг боломжийн хэмжээнд ажиллаж байгаа гэдгийг наймдугаар сарын 1-нд өгсөн ярилцлагаараа маш тодорхой хэлсэн. Бүх ажил  нь бэлэн, хэвийн явж байгаа ялчихсан намын дарга болоогүй шүү дээ. Хоёр сонгууль дараалан ялагдчихсан, байр савгүй, санхүүгийн хүнд нөхцөлд, олон үзэл санааны зөрүүн дээр дарга болсон. Тиймээс энэ болгоныг нэг зүг рүү харуулах ажлыг өнгөрсөн зургаан сарын хугацаанд хийлээ. Маш сайн ажилласан. Миний хувьд ажил хийх боломжийг нь хангаж өгч байгаа юм. Дээр нь ҮБХ-ны хурлаар Л.Гантөмөрийн зүтгэх хүч, “мотор” нь зангилагдах гэж байна шүү дээ. Дэд дарга, тэргүүн дэд дарга тодорхой болно. Миний хувьд анхан дунд шатанд намын ажлыг хийж байсан туршлагатай. Мөн АН-ын УИХ-ын бүлэгт ажиллаж байгаа болон “Эв нэгдлийн ажлын хэсэг”-ийг анхнаас нь ахалж, Их хурал хийлээ. Энэ бүгдэд нэг зүг рүү харж, Л.Гантөмөр гэх хүний ажиллах боломжийг хангахын тулд бүрэн зүтгэж ажиллана. Зэрэгцээд хоёр толгойтой юм шиг явахгүй. АН-ын ҮБХ бол их хурал гэсэн үг. Намын дарга бол Засгийн газар гэсэн үг шүү дээ. Тиймээс их хурал руу хууль дүрэм боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэх гэж буй хуулиудын хэлэлцүүлгийг хийх, ҮБХ-ны гишүүдийн чадамжийг сайжруулах, сургалт ёс зүйн асуудлыг чангатгах гэх мэтчилэн ажил хийе гэвэл аль ч шатанд хийж болдог. Бидний хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд зарим лидерүүдийн хувь хүний онцлогоос болж хэцүү байдалд байсныг бүгдээрээ л мэдэж байгаа. Энэ хэцүү байдлыг эв, зорилго, хүч зангидаж байж даван туулна. Л.Гантөмөр даргын хувьд гурван ч удаа УИХ-д сонгогдож, Засгийн газрын гишүүн хийж байсан, дүүрэгт намын ажлыг идэвхтэй ахалж байсан учраас бидний хувьд туршлага дутах зүйл байхгүй.

-Хаврын чуулган завсарласнаас хойш үер усны  гамшиг тохиож иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирсон харамсалтай явдал боллоо. Иргэдийн зүгээс эрх баригчид, авлигачид буруутай гэдэг асуудлыг хэлж байна. Та сөрөг хүчний гишүүний хувьд юу гэж харж байна вэ?

-Ард түмэн нэн сэтгэл ханамжгүй байна. Үер усны гамшиг тохиолдож байна гэдэг нь хот төлөвлөлт ямар байна вэ?, бүтээн байгуулалт, эрх баригчдын дураараа аашилсан шийдвэр ямар олон хүний амь нас, эд хөрөнгө сүйдэх үү? гэдгийг анхааруулсан зүйл болж байна. Бид сөрөг хүчин учраас алдаа завхарлыг арилгах, эрх баригчдын шийдвэр гаргах түвшний авлига хээл хахууль, дур зоргоороо байгаа байдлыг шүүмжилж ирсэн. Ялангуяа энгийн иргэний эрх ашиг хохирдоггүй байх ёстой. Хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой. Хүнлэг ардчилсан нийгмийг байгуулна гэж Үндсэн хуульдаа заасан. Гэтэл хаана байна вэ? Өвөл нь утаанд багтай, зун нь завьтай явах ёстой юу. Бороо, цасанд зам тэг зогсч байна. Энэ болгоны цаана хүний эрх зөрчигдөж байгаа. Энэ асуудлыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд чадлаараа л хэллээ, ярилаа.

Гэхдээ, эрх баригчдад харах нүд сонсох чих байхгүй байна. Энэ бүхэнд ард түмэн дүнгээ тавина.

Бидний хувьд “дүн тавина” гэхээс илүү хүний эрхийг зөрчилгүй байлгах тал дээр анхаарна. Одоо найр наадмаа зогсоогоод намартаа бэлдэж хичээж ажиллах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж