Нийслэл 500 тэрбум төгрөгийн бонд гарах зөвшөөрөл авахаар холбогдох бичиг баримтыг Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагад гардууллаа. Өмнө нь, үүнээс бага дүнгээр бонд гаргаж байсан ч эрх олгосондоо дүндээ тулгаж 500 тэрбум төгрөгийн бонд гаргахаар бичиг баримтаа бүрдүүлсэн аж. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.
Бондын мөнгийг яг юунд зарцуулах талаар албан ёсоор мэдээлээгүй байна. Энэхүү бондыг арилжааны банкны хүүгээр буюу 15 хүртэлх хувийн хүүтэй байхаар тооцсон гэж мэдээлж байсан юм. Бондын эх үүсвэрийг нийслэлийн авто замын түгжрэлийг сааруулах “Сэлбэ сэргэлт” төсөлд зарцуулна. Дээрх төсөл нь Дамбадаржаагаас дунд гол дагуу “ТЭЦ-IV” хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 44 км авто зам, тохижилтийн ажлыг өрнүүлэх аж. Нийт өртөг нь 1.4 их наядаар хэмжигдэж буй бөгөөд эхний ээлжинд 187 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Нийслэл жилдээ 1,9 их наядын орлого олдог. Тиймээс 500 тэрбумын бонд босгоход санхүүгийн хувьд хүндрэл үүсэхгүй гэж албаныхан тайлбарлаж буй юм.
МАН-ын зүгээс 2016 онд бондыг өр гэх сурталчилгааг хийж, улсаар нь өрөнд оруулсан гэж сурталчилгаа хийж байсан бол өдгөө бондын өрийг бондоор дарах байдлаар хойшлуулах арга хэмжээ авдаг болсон. Түүгээр зогсохгүй нийслэл, аймаг тодорхой хязгаар бонд гаргахыг хуулиар зөвшөөрсөн юм. Ийнхүү энэ ажлын эхлэл болгон нийслэл өөрийн гэсэн бонд гаргах зөвшөөрлөө авахаар ханджээ.
Холбоотой мэдээ