Автомашин ачдаг компанийн ажилтан маргаан дэгдээж, машинаа ачуулахгүй гэсэн жолоочийн биед халдаж, заамдаж буй бичлэг өнөөдөр /2023.08.24/ цахим хуудаст нийтлэгдэж, олны бухимдлыг төрүүлээд буй. Бусдын эд хөрөнгөд халдахаас гадна, харилцааны соёлгүй, дээрэнгүй хандаж буй тухайн этгээдийн бичлэгийг тавьсан иргэн ачигч компанийн ажилтан иргэнийг сүрдүүлж байгааг мөн хэлсэн. Энэ талаар дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй бөгөөд журмын дагуу Замын хөдөлгөөний удирдлагын төвийн холбогдох хэлтэс тус ачилтын компанид хариуцлага тооцно.
Өнгөрсөн зургадугаар сард мөн ачилтын компанийн ажилтан машинаа ачуулахгүй гэсэн иргэн рүү хутга гарган сүрдүүлсэн үйлдэл гаргасан бөгөөд тус компанийн үйл ажиллагааг зогсоосон.
Иргэдийн зүгээс ачилтын компаниуд ёс зүйгүй авирладаг бөгөөд бусдын биед халдаж, хүч хэрэглэх тохиолдол цөөнгүй байдгийг хэлж буй.
ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАВАЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР АЖИЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО
ЗХУТ-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн дарга С.Бямбасүрэн өмнө нь хэлэхдээ "Гэрээ байгуулж ажилладгийн хувьд буруутай үйл ажиллагаа гаргасан ажилтан болон харьяа компанийн өмнөөс иргэдийг бухимдуулсан явдалд уучлалт гуйж байна.
Ёс зүйн алдаатай үйлдэл гаргасан автомашин ачилтын компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Уг асуудлаар цагдаагийн хэлтэс мөн зөрчлийн хэрэг нээн шалгадаг. Хууль, дүрэм журмын дагуу ёс зүйн алдаа гаргасан ачилтын компанид хариуцлага тооцно.
Эрх бүхий байгууллагын шалгалтын шийдвэр гарсны дараа, дараагийн арга хэмжээг авч ажиллана. Мөн нийт гэрээт компаниуддаа заавал мөрдөх хуулийн хэрэгжилтийг хангаж, ёс зүйтэй ажиллахыг анхааруулж байна. Эдгээр дүрэм, журмыг зөрчвөл гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдье.
Манай байгууллага өнгөрсөн онд зөрчил гаргасан автомашиныг зөөн шилжүүлэх үйл ажиллагааг, гэрээ хийх эрхийг шилжүүлж авсан. Тус эрхийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн зургаан дүүрэг, 15 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, хэрэгжилтийг хянан ажиллаж байна.
Иргэдээс автомашин ачилттай холбоотой гомдол тогтмол ирдэг. Эдгээр гомдлыг цаг хугацаанд нь хариу өгч бүрэн шийдвэрлэсэн. Өмнөх оны мөн үеэс өргөдөл, гомдлын тоо буурч байгаа. Манай байгууллага гэрээт компаниуддаа ёс зүйн өндөр шаардлага тавьж байгаа" гэсэн юм.
Цахим хуудаст нийтлэгдсэн бичлэг дээрх асуудлыг Зөрчлийн хэрэг нээн шалгах аж.
Холбоотой мэдээ