ОХУ-ын зарим мужид шатахууны хомсдол үүсчээ. Түүхэнд байгаагүй үнийн өсөлтөөс болж Аи-95, Аи-92 төдийгүй дизель түлш ч тасарсан байна. Оросын "Известиа" хэвлэлд мэдээлснээр Краснодар Край, Астрахань, Волгоград, Новосибирск, Рязань, Самара, Халимаг гэх мэт газарт шатахуун тасалджээ. Цаашилбал, Орост эзлэгдсэн Крым ч шатахууны хомсдолд ороод байна.
"Аи-95 түлш өнгөрсөн сард тасалдсан. Одоо харин зарим шатахуун түгээх станц Аи-92, дизель түлшгүй болж эхэллээ" гэж Крымд үйл ажиллагаа эрхэлдэг "Мосрегионгаз" компанийн захирал Герман Колотов хэллээ. Төмөр замын ачаа тээвэр удааширснаас болж энэ асуудал үүссэн гэж тэр үзэж байна. Учир нь Оросын төв хэсгээс шатахуун тээвэрлэдэг галт тэрэгнүүд ердийнхөөсөө хэдэн долоо хоногоор хоцорч ирэх болжээ.
Дизель түлшний хомсдолын талаар тариаланчид ч бас гомдол гаргах болсон байна. Оросын өмнөд бүс нутгуудаар дизель түлш тасалдсаныг "Грузавтотранс" ачаа тээврийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Матягин баталжээ. Бизнес эрхлэгчид хэрэглэгчиддээ түгээгүүр эвдэрсэн гэж зориуд худал хэлж байгаа аж.
Төмөр замын тээврийн саатлаас гадна боловсруулах үйлдвэрийн хуваарьт засвар болон нүүрсний экспортыг зүүн зүг рүү чиглүүлж байгаа нь шатахууны хомсдолын шалтгаан болжээ. Шатахууны экспорт ч бас нэг шалтгаан гэдгийг "Freedom Finance Global" байгууллагын шинжээч Владимир Чернов хэллээ.
Эргэн сануулахад, өнгөрч буй зуны саруудад ОХУ-д шатахууны үнэ хэд хэдэн удаа дээд цэгтээ хүрсэн. Санкт-Петербургийн олон улсын барааны биржийн наймдугаар сарын 21-ний мэдээнээс харахад Аи-92 түлш 62100 рубль, Аи-95 түлш 70200 рубль, дизель түлш 66600 рублийн үнэтэй байна.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ