Энэтхэгийн “Chandrayaan-3” хөлөг өчигдөр саран дээр амжилттай газардсаныг тус улсын Сансрын судалгааны байгууллагын тэргүүн С.Соманат зарлалаа. Ийнхүү АНУ, Хятад, хуучин ЗХУ-ын дараа саран дээр амжилттай газардсан дөрөв дэх улс Энэтхэг болов. Өдгөө Энэтхэг даяар ард иргэд баярлан хөөрч, ёслолын буудлага буудуулан, гудамжинд бүжиглэцгээж байна.
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өдгөө Өмнөд Африкт зохион байгуулагдаж буй “BRICS”-ийн чуулга уулзалтад оролцож буй. Тэрбээр хөлөг саран дээр амжилттай газардсаны дараа “Энэ бол мартагдашгүй мөч. Энэ бол гайхалтай. Энэ бол шинэ Энэтхэгийн ялалтын уухай” гэж хэлжээ.
“Chandrayaan-3” сансрын хөлөг сарны гадаргуу болон газардагчийн хөл, сүүдрийг харуулсан гэрэл зургийг хуваалцжээ. Хөлөг сарны гадаргуу дээр 14 хоногийн турш байрлаж, ажиллана.
Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын саран дээр газардах оролдлого бүтэлгүйтэж, тэргүүлэх физикч нь эмнэлэгт хүргэгдсэн. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Путин Кремлийн цахим хуудсаар дамжуулан Нарендра Модид захидал илгээж, Энэтхэгт баяр хүргэжээ. “Энэ бол сансар огторгуйн хайгуулын томоохон дэвшил. Мэдээж Энэтхэг улс шинжлэх ухаан, технологийн салбарт гайхамшигтай ахиц дэвшил гаргаж буйн нотолгоо” гэж Путин хэлсэн байна.
НАСА-ийн администратор Билл Нелсон ч бас Энэтхэгт баяр хүргэлээ.
Энэ удаагийн газардалт нь Энэтхэгийн саран дээр газардах хоёр дахь оролдлого юм. “Chandrayaan-2” хөлөг 2019 онд нислэгийн тойрог замд амжилттай орсон ч газардах төхөөрөмж нь сүйрсэн. “Chandrayaan-3” хөлөг саран дээр газардах үед дэлхий даяар долоон сая хүн “Youtube” шууд дамжуулалтын амьсгаа даран үзжээ.
“Chandrayaan” гэдэг нь хинди, санскрит хэлээр сарны тээврийн хэрэгсэл гэсэн утгатай үг юм.
Энэ үйл явдал нь Энэтхэг улс цаашид Ангараг, Сугар гариг руу ч аялах боломжтой гэсэн итгэл найдварыг өгчээ. Сансрын судалгааны байгууллагын тэргүүн С.Соманатын хэлснээр тус улс ирэх сараас нарыг судлах ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна.
“Chandrayaan-3”-ыг хөөргөхөд 6.15 тэрбум рупи буюу 74 сая ам.долларын зардал гарчээ. Энэ нь 2013 онд дэлгэцнээ гарсан Холливудын бүтээл “Таталцал” хэмээх сансрын сэдэвт киноны зардлаас ч бага дүн ажээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ