Хойд Солонгос улсаас өнөө өглөө "Чоллима-1" нэртэй шинэ загварын пуужинг ашиглан "Маллигёнг-1″ тагнуулын хиймэл дагуул хөөргөх оролдлого хийсэн нь бүтэлгүйтжээ. Энэ нь Пёньяны тагнуулын хиймэл дагуул хөөргөх хоёр дахь бүтэлгүй оролдлого болов. Гэхдээ Хойд Солонгосоос мэдээлснээр, ирэх аравдугаар сард дахин хиймэл дагуул хөөргөхөө эрх баригчид амлажээ.
"Чоллима-1" пуужингийн хөөргөлтийн нэг, хоёрдугаар шат хэвийн байсан ч яаралтай тэсэлгээний системд алдаа гарсны улмаас хөөргөх амжилтгүй болсон гэж Хойд Солонгосын албан ёсны мэдээллийн төв агентлаг мэдээллээ.
Сөүлийн албаныхны мэдээлснээр пуужин үүрийн 03:50 цагт Хойд Солонгосын баруун хойд хэсгийн Тунчан-ри бүсээс хөөрсний дараа хойгийн баруун эргээс олон улсын усан дээгүүр нисч байсныг илрүүлсэн гэж мэдэгджээ. Тус бүсэд сансрын хөөргөх гол төв байрладаг. Тэнд Хойд Солонгос өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр анхны тагнуулын хиймэл дагуул хөөргөх оролдлого хийсэн нь бүтэлгүйтсэн.
Хойд Солонгосын пуужин тавдугаар сарын 31-нд тагнуулын хиймэл дагуул зөөвөрлөх пуужин хөөрснийхөө дараа удалгүй далайд унасан. Пёньян бүтэлгүйтлээ хурдан хүлээн зөвшөөрч, пуужин хөөргөх үе шатуудын дунд хүч алдсанаас далайд унасан гэж мэдэгдсэн. Энэхүү пуужингийн сэгийг Өмнөд Солонгосын тал олж авсан бөгөөд хиймэл дагуулын тоноглол нь тагнуул хийх чадамжгүй байсныг онцолжээ.
Өнгөрсөн 2022 оноос хойш Хойд Солонгос 100 орчим пуужин туршсан байна.
ЭХ СУРВАЛЖ: MILITARY TIMES
Холбоотой мэдээ