Эрчим хүчний үнэ, батлан хамгаалахын зардлын өсөлт, Covid-19 цар тахлын нөлөөгөөр Японы эдийн засаг улам шахалтанд орох болсон. Төрөлтийн түвшин бууралт болон хүн амын хөгшрөлт нь хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой байдалд заналхийлж байна. “Recruit Works Institute” судалгааны байгууллагаас мэдэгдсэнээр, Япон улсын ажиллах хүчний хомсдол 2030 он гэхэд 3.41 сая, 2040 он гэхэд 11 сая хүн болох аж.
Эдийн засгийн өсөлтөд садаа болж буй өөр нэг чухал хүчин зүйл бол жендэрийн тэгш бус байдал. Хүйсийн тэгш оролцоотой нийгэм нь инноваци, эдийн засгийн өсөлтөд хүргэдэг болохыг судалгаанаас харж болно. Гэтэл Япон улс “Их-7”-ийн орнуудын дундаас хүйсийн тэгш байдлаараа сүүл мушгидаг. Ялангуяа удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт хамгийн доод зэрэглэл рүү ухарчээ.
Ерөнхий сайд Фүмио Кишида саяхан төрөлтийн түвшинг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон. Мөн 2030 он гэхэд Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд дахь удирдах албан тушаалтай эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 30 ба түүнээс дээш хувь хүргэхээ амлажээ. Одоогоор энэ нь 11.4 хувьтай байна.
Хуулиар тогтоосон манллайллын квотын дагуу компаниуд дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлнэ. Гэхдээ ийм оролдлогыг Япон олон удаа хийгээд бүтэлгүйтжээ.
Жендэрийн хэм хэмжээний ойлголт Японы нийгэмд гүн гүнзгий шингэсэн байдагтай энэ нь холбоотой. Японд эртнээс нааш эрэгтэй хүнийг өрх гэрээ тэжээх, тэргүүлэх үүрэгтэй, эмэгтэй хүнийг эхнэр, асран хамгаалагчийн үүрэгтэй гэж үзсээр ирсэн. Хүүхдүүдэд ч эдгээр хэм хэмжээг багаас нь зааж өгдөг. Тэдэнд зориулсан ном, телевизийн хөтөлбөрүүд нь охид, хөвгүүдийн хэлэх үг, зан үйлийг байнга харуулдаг.
Энэ итгэл үнэмшил, үнэт зүйлс нь ажил олгогчдын сонголт, байгууллагын соёлд ч нөлөөлж байна.
Эдийн засагчид 1945-1991 оныг эдийн засгийн гайхамшиг тохиосон жилүүд гэж нэрлэдэг. Энэ үед япон эмэгтэйчүүд удирдагчийн карьераас тусгаарлагдмал байв.
Японы өнөөгийн нийгмийг эрчүүд давамгайлсан орчин гэж харсаар байна. Эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой асуудал дээр хүртэл эрчүүд давамгайлж байна. Тухайлбал, “Их-7”-ийн орнууд жендэрийн эрх тэгш байдлын талаар хуралдахад Япон цор ганцаараа эрэгтэй төлөөлөгч илгээжээ.
Өндөр цалинтай албан тушаалд дэвших эсэх нь хүйсээс бус хэн олон цагаар, компанидаа тууштай ажиллахаас хамаарна. Тиймээс жендэрийн хэм хэмжээ япон эмэгтэйчүүдэд ихээхэн дарамт учруулдаг. Судалгаанаас харахад, 2021 онд япон эрчүүдийн дөнгөж 14 хувь нь л аавын чөлөө авчээ. Харин Шведэд 90 хувьтай байна. Мөн японд эрчүүд өдөрт ердөө 41 минутыг гэрийн ажилд зарцуулдаг аж. Энэ нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнуудын дунд хамгийн бага үзүүлэлт юм.
Ажлын байранд ч эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзэгдэл байсаар… Токиогийн Олимпийг зохион байгуулах хорооны дарга асан Ёширо Мори 2021 онд жендэрийн эрх тэгш байдлыг хөндсөн үг хэлснийхээ төлөө олон улсад шуугиан тарьж, улмаар албан тушаалаасаа огцорч байв. Тэрбээр “Эмэгтэйчүүдийг хэт их ярьдаг, дээд түвшний уулзалтад оролцохыг нь зөвшөөрчих юм бол хэт их цаг авдаг” гэж хэлжээ.
Японы засгийн газар өмнө нь төрөлтийг нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг сайжруулах санаачилгын хүрээнд эмэгтэйчүүдийн удирдах зөвлөлд квот олгох, хүүхэд асрах газруудыг нэмэгдүүлэх, хүүхэд асрах чөлөөг нэмэгдүүлэхэд голлон анхаарч ирсэн. Гэсэн ч эдгээр арга зорилгодоо хүрч чадаагүй. Үнэн хэрэгтээ сүүлийн үеийн санаачилгууд жендэрийн тэгш бус байдлыг улам хурцатгажээ. Тэр бүү хэл зарим эмэгтэйг ядууралд хүргэсэн гэх мэдээлэл ч бий.
Сингапур улс саяхан жендэрийн тэгш байдлын үндэсний үнэлгээг хийжээ. Тус улсын засгийн газар эмэгтэйчүүд, залуучууд, , хувийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид болон олон нийтээс санал, хүсэлтийг нь цуглуулсан. Эндээсээ жагсаалт, тайлан гаргасан бөгөөд үүнийгээ бодлогын түвшинд хэрэгжүүлэх аж. Патриархын дэг журмыг шүүмжлэхээс илүүтэй зөвшилцлийн үндсэн дээр шийдвэр гаргах нь хамгийн зөв арга болж байна.
Сүүлийн үеийн судалгаанаас харахад, Японы залуу үе уламжлалт жендэрийн ойлголтод дургүй болж эхэлжээ. Тэд Японы нийгэмд буглаж бугшсан патриарх эрх мэдлээс өөр мэргэжил сонгох замаар өөрчлөгдөж байна.
Жендэрийн эрх тэгш байдал болоод түүний нийгэмд үзүүлэх нөлөөллийг хүний эрх, эдийн засгийн үүднээс авч үзэх шаардлагатай. Япончууд жендэрийн тэгш байдлын талаарх нийтлэг ойлголтоо өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Энэ нь Японы нийгэмд өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөгдөөгүй эсвэл хуулийн хүрээнд хамгаалагдаагүй байгаа жендэр, олон янз байдлын бусад төлөөллийн эрх, цаашилбал, улс орны эдийн засгийн өсөлтийн асуудал яригдана.
Эх сурвалж: THE CONVERSATION
Холбоотой мэдээ