Нэмэлт 15:43
ҮЭ-ийн холбооны дарга Ж.Мөнгөншагай:
-Манай ҮЭХ 7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үе үеийн уурхайчин хамт олон хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд 45 жил улс орон нутгийн төсөвт үнэтэй хувь нэмрээ оруулан ажилласаар ирсэн. Саалийн үнээ шиг ажилласан. Цар тахал болон нийгэм эдийн засаг хүндрэлтэй цаг үед Монгол Улсын нийт айл өрх, ААН байгууллагын цахилгаан, ус дулаан, хогны төлбөрийг 1.6 жил төлсөн. Үүний тулд 7000 гаруй уурхайчин зогсох, өвдөх эрхгүй тасралтгүй хариуцлагатайгаар хөдөлмөрлөсөөр ирсэн. Одоо ч бид хангалттай сайн ажиллаж байгаа. 2023 оны эхний зургаан сарын байдлаар улс орон нутгийн төсөв болон ашгийг 50 гаруй хувиар давуулан биелүүлээд байна. Гэтэл 7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтуудад саналын зөрүүтэй заалтууд үүссээр байхад Эрдэнэт үйлдвэрийн захиргаа хүлээж авахгүй байна. 2023 оны нэгдүгээр сараас эхлэн Үйлдвэрийн газрын захиргаанд албан бичгийг таван удаа хүргүүлсэн. Хуулийн хүрээнд хандсан боловч санаачилгыг хүлээж аваагүй. Ажил олгогчийн зүгээс хариу тайлбаргүй, идэвх санаачлагагүй хандаж байгаа нь зогсох эрхгүй хөдөлмөрлөж байгаа уурхайчин хамт олныг үл хүндэтгэсэн үйлдэл болсон. Үүнд бид харамсч байна. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хэсэгчлэн ажил хаялт зарлах үндэслэл бий болж байгаа учраас Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэс Монгол”-д хүргүүлээд байна. Иймд 2023 оны наймдугаар сарын 30-ны өглөөний 07:00 цагаас эхлэн нэг сарын хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн авто тээврийн цехийн уулын технологи тээврийн хэсэг, зорчигч тээврийн хэсэг ил уурхайн уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтыг зарлахаа үүгээр мэдэгдэж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооноос ажил хаялт зарлахаа мэдээллээ. ҮЭ-ийн холбооноос "Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны наймдугаар сарын 30-ны өглөөний 07:00 цагаас эхлэн нэг сарын хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтыг зарлахаа үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
Холбоотой мэдээ