Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.23/ болж, гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ:
-Өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар мэдээлэл технологийн ажил үйлчилгээг хувийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Өнгөрсөн зургадугаар сард "Mindgolia" уриан дор "ICT" экспо зохион байгуулагдсан. Олон нийтийн зүгээс экспогоос гаргасан санал санаачилга хэрэгждэг, үр дүнтэй байгаасай гэж хүсдэг. "ICT" экспогийн үеэр гурван чиглэлээр санал дүгнэлт гаргасан. Тухайлбал программ хангамжийн салбарт төр өөрөө битгий өрсөлдөөч, хувийн хэвшлээрээ ажлууд гүйцэтгүүлэх чиглэл бариач гэх саналыг дамжуулж хэлсэн. Тэмдэглэлээр Ерөнхий сайдаас төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр тогтоол санаачилж батлуулах үүрэг өгсөн.
Үүний дагуу өнөөдөр Мэдээлэл технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг холбогдох яамдаас санал авч, Засгийн газраас баталлаа.
Энэхүү тогтоолын төсөл гарснаар төсвийн байгууллага өөрсдийн цалин өгч ажиллуулж байгаа хүмүүсээрээ шинэ программ хангамжийг хөгжүүлэхгүй байх шийдвэр гарч байна гэсэн үг. Төсвийн байгууллагууд худалдан авалтаа зарлаад шаардлагатай лицензүүдээ төсөвтөө суулгаж, хувийн хэвшлүүдээр гүйцэтгүүлэх боломжтой. Тухайлбал, цахим аймаг, цахим хот байгуулна гэдэг нэртэй хөтөлбөр улсын төсөвт батлагдсан тохиолдол их байсан. “Цахим аймаг” хөтөлбөр юу хийсэн бэ? гээд ороод үзэхээр 30 компьютер худалдаж авсан гээд сууж байдаг. Үүнд хэн ч санал зөвлөмж гаргадаггүй бөгөөд үр дүнгүй зардал гаргаснаас болоод өнөөдөр төрийн системүүд хоорондоо холбогдохгүй байгаа юм. Тэгэхээр дээрх тогтоолын төслийн хүрээнд төр зөвхөн ажлын даалгавраа гаргаад, системтэй холбоотой санал дүгнэлт авдаг болох юм.
Түүнчлэн цахим хөгжлийг дэмжих дөрвөн хууль баталсан. Хуулийн хүрээнд 68 тогтоол шийдвэр гарах ёстой. Тогтоол шийдвэр журмууд 80 хувьд хүрсэн.
Өөрөөр хэлбэл шаардлагатай Засгийн газрын тогтоолууд эхнээсээ батлагдсан. Өнөөдөр Засгийн газраас гаргасан уг тогтоол нь хууль давсан шийдвэр биш. Хуулийн хүрээнд гарч байгаа.
Холбоотой мэдээ