ОХУ-аас 2022 оны хоёрдугаар сарын 24-нд хөрш Украинд түрэмгийлснээр олон хүний амьдралыг үүрд өөрчилсөн. Дайнд амь үрэгдсэн орос, украин цэргийн тоо 500 мянгад хүрээд байгааг олон улсын эх сурвалжууд мэдээлж байна. Тэгвэл эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах дайнд өнгөрсөн долдугаар сарын 15-ны байдлаар Украины 262 тамирчин амь үрэгджээ. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа эх орныхоо төлөө амиа өгсөн авъяас, эр зоригтнуудыг онцолж байна.
2015 оны Украины каратэгийн цомын аварга Серхи Березняк Оросын түрэмгийлэгч хүчний эсрэг тулалдаж байгаад амь үрэгдсэнийг наймдугаар сарын 22-нд мэдээлэв. Тэрээр фронтод байлдааны даалгавар гүйцэтгэж яваад амь үрэгдсэн байна. Харьков мужийн Валка хотын уугуул тэрбээр жирэмсэн эхнэр, хоёр хүүхдээ ардаа үлдээжээ. Березняк дайнд явахаасаа өмнө тив дэлхийн олон тэмцээнд оролцож, олон медаль, аваргын ялалтаар нэрээ дуурсгасан нэгэн байв. Мэргэжлийн спортын карьераа дуусгасны дараа Березняк каратэгийн клуб байгуулж, янз бүрийн насны олон тоо аваргыг бэлтгэсэн. 2010-аад оны дундуур тэрээр төрөлх хотдоо нь каратэгийн клуб нээн ажиллуулж эхэлсэн байна.
Үүний зэрэгцээ 2016 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Микола Яремчук өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Краматорскийн ойролцоо тулааны үеэр амь үрэгдсэн юм.
Украины шилдэг туялзуур сэлэмчдийн нэг Денис Борейко өнгөрсөн долдугаар сарын 4-нд Днеприйн нутаг дэвсгэрийн хамгаалалтад тулалдаж байгаад амь үрэгджээ. 34 настай Борейко өсвөр үеийнхний дэлхийн аварга, Европын аварга, олон улсын зэрэглэлийн спортын мастер байв. Тэрээр 2022 оны гуравдугаар сард буюу дайн эхэлмэгц Украины Зэвсэгт хүчинд элсчээ.
Унадаг дугуйн спортын мэргэжлийн тамирчин, 28 настай Костя Денека өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд Украины Бахмут хотын тулааны үеэр бөмбөгдөлтөд өртөн нас барсан. Бахмут хот нь Оросын түрэмгийллийн эсрэг Украины эсэргүүцлийн гол тулааны талбаруудын нэг байв. Тус хотод олон мянган цэрэг амь үрэгдэж, гэмтэж шархтсан юм.
Бахмутын ойролцоох тулалдаанд уран гулгагч Дмитрий Шарпар, 10 катлоны аварга, ирээдүйн олимпийн найдвар 22 настай Володимир Андрощук нар мөн амь үрэгдсэн.
Ийнхүү Украины шилдэг тамирчид дайнд амь үрэгдсээр байхад ирэх 2024 онд Парис хотноо болох Олимпийн наадамд Оросын тамирчдыг оролцуулахгүй байхыг Киев шаардаж байна. Оросын тамирчдыг эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпийн наадамд оролцуулах нь дайныг дэмжсэнээс ялгаагүй гэдгийг тэд онцолжээ. Тэгвэл Олон улсын олимпийн хорооноос Орос, Беларусийн баг, тамирчид ирэх жил Парист болох Олимпийн наадамд оролцох албан ёсны урилга хүлээж авахгүй гэдгийг өнгөрсөн долдугаар сард мэдэгдсэн юм. "Дэлхийн спортын тэмцээний шударга байдлыг хамгаалах, нийт оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Олон улсын спортын холбоо, спортын арга хэмжээг зохион байгуулагчдад Орос, Беларусийн тамирчид, албаны хүмүүсийг олон улсын тэмцээнд урьж, оролцуулахгүй байхыг зөвлөж байна" гэж тус холбоо мэдэгдэлдээ дурджээ.
Спортынхноос гадна урлагийн авъяастнууд ч Оросын түрэмгийллийн эсрэг дайнд цэргүүдтэй хамт мөр зэрэгцэн тулалдаж яваад нэр төртэйгөөр амиа алдсан. Тухайлбал, Одессагийн дуурь бүжгийн эрдмийн театрын балетчин Ростислав Янчишен байлдааны үүргээ гүйцэтгэж яваад фронтод амь үрэгдсэнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд мэдээлжээ. Янчишен 10 гаруй жил Одессын дуурийн балетчин байсан. Оросоос Украин руу довтлоход тэрээр шууд Украины зэвсэгт хүчинд элссэн байна. Түүнийг ухаалаг, хүмүүжилтэй, өндөр боловсролтой хүн байсныг театрынхан нь дурсчээ.
Холбоотой мэдээ