Улаанбаатар хотод түгжрэл үүсгээд байгаа томоохон хүчин зүйлүүдийн нэг нь их, дээд сургуулиудын төвлөрөл. Иймд нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар ШУТИС-ийг Шархад руу, АШУИС-ийг Амгалан руу, СУИС-ийг Сэлбэ рүү, МУБИС-ийг ХМК руу нүүлгэвэл түгжрэлийг бууруулахад шууд нөлөөлнө гэж хэлсэн. Тэгвэл их, дээд сургуулиудыг нүүлгэх хэрэгцээ шаардлагыг эрдэмтэд тооцоо, судалгаанд үндэслэн ийнхүү тайлбарлалаа.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга, доктор М.БУЯНДЭЛГЭР:
“Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хувьд богино, дунд, урт хугацааны судалгаа гаргасан. Судалгаагаар шалтгаануудыг тодорхойлсны нэг нь их, дээд сургуулийг нүүлгэх юм. Гурван дэд төв рүү их, дээд сургуулийг нүүлгэж, эргэн тойронд хоёр км радиуст байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг их, дээд сургуулийнхаа лицей болгох боломжтой. ШУТИС-ийг Шар хад дэд төв рүү нүүлгэе гэж байгаа. Тэнд дөрвөн га газар дахин төлөвлөлтийн хүрээнд чөлөөлсөн. Эргэн тойрон дахь долоон сургуульд 22 мянган хүүхэд сурч байна. Энэ хүүхдүүд арван жилээсээ их, дээд сургуулийн хөтөлбөрөөр хичээллэвэл 22 мянган хүүхдийн боловсролын чанар сайжирна.”
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн математикийн тэнхимийн дэд профессор, доктор Б.УУГАНБАЯР:
“Түгжрэлийн учир шалтгааныг дотор нь задалж үзэхэд Бага тойруу дахь төвлөрлийг сааруулах нэн шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Үүнийг шийдэх арга нь дэд төвүүд юм. Дэд төвүүдийг ажиллуулж, амилуулахын тулд ажлын байр бий болгох ёстой. Ажлын байрыг бий болгох зорилгын нэг хувилбар нь төрийн өмчит их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэх юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын дундаж хурд 9-13 км/цаг байгаа бөгөөд энэ байдлаараа байвал 2030, 2040 онуудад зургаан км/цаг буюу тэг зогсолт руу шилжих төлөвтэй байгаа тул бид зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай. Их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэн шилжүүлснээр замын хөдөлгөөний түгжрэл 25 хувиар буурах тооцоолол бий. Тэрчлэн 7000 ажлын байр шууд бусаар нэмэгдэн, Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг орчим хувиар өсөх тооцоолол гарсан.”
Эдийн засагч, доктор Б.ЭНХ-АМГАЛАН:
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Улаанбаатар хотыг хөгжүүлэх, түүний дагуул хотуудыг хөгжүүлэх зорилтод их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэх гол шалтгаан огтлолцож буй. Мөн эдийн засаг талаас нь авч үзвэл 40 мянга гаруй оюутан дэд төвүүд рүү шилжин суралцсанаар хамгийн наад зах нь нийтийн хоолны салбарт үр ашиг бий болно. Тодруулбал, өдрийн эргэлтийн хэмжээг хамгийн багаар бодоход 150-200 сая гаруй төгрөг, сараар нь тооцоолж үзвэл 4-4.4 тэрбум төгрөгийн үр ашгийн өгөөжтэй байх юм. Тухайн дүүргийн эдийн засаг эрчимжээд ирэхтэй холбоотойгоор шинээр барих барилгын тоо, түрээсийн орон сууцуудын эрэлт, татварын орлого нэмэгдэх боломжтой. Татварын орлого нэмэгдсэнээр тухайн дүүрэгт тулгарч байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зэрэг илүү олон боломж нээгдэнэ”.
"ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХЭД ИХ СУРГУУЛИУДЫГ НҮҮЛГЭХЭЭС ӨӨР ГАРЦ ОЛОХ ХЭРЭГТЭЙ"
Харин дээр нэр дурдагдсан сургуулийн оюутнуудын зүгээс дараах байр суурийг илэрхийллээ.
МУИС-ийн оюутан Л.Алтаннамар: Хотын түгжрэлээс болоод их, дээд сургуулиудыг нүүлгэхээр болж байгаа гэж ойлгож байна. Хотын зах руу нүүлгэсэн ч адилхан л түгжрэл үүснэ. Чанарын ялгаа байхгүй. Түүний оронд авто машины гаалийн онцгой татвараа тэглээд тээврийн хэрэгсэл эзэмшигчийн, зам ашигласны татвар хураамжаа 50-60 дахин нэмчихвэл хотын зах руу их, дээд сургуулиудаа зөөх шаардлагагүй болно. Харин их, дээд сургуулиудаа төвөөс холдуулчихаад барилга барих гэж байгаа бол түгжрэл, бөглөрөл, нягтаршил дээд цэгтээ хүрнэ.
МУИС-ийн оюутан Г.Батнаран: Манай улсад байгаа машины тоо хэмжээ замын түгжрэл үүсгэж байгаа гол шалтгааны нэг мөнөөс мөн. Энэ нь зарим газарт ялангуяа хотын төв хэсэгт олон мянган хүн, аж ахуй нэгж бөөгнөрчихсөн байгаатай холбоотой. Хаашаа ч харсан өндөр өндөр байшин барилгууд. Дээд сургуулиудыг нүүлгээд хотын түгжрэл арилахгүй. Хуучин машины тоог бууруулахад илүү анхаарч ажиллавал түгжрэл аяндаа буурчих биз.
МУБИС-ийн оюутан Ж.Мөнхжин: Манай улс шиг нийтийн тээврийн аюулгүй байдал нь муу улс бараг л байхгүй байх. Хотын зах руугаа оюутнуудаа гаргалаа гээд түгжрэл буурахгүй. Тэр оюутнууд хотын зах руу хичээлдээ явж болох ч бүгд хотын төвөөр дайрч гэртээ харина. Заавал хотын төв, зах гэдэг тал өнцгөөс хараад байгаа нь их сонирхолтой.
ХААИС-ийн оюутан Б.Тэлмэн: Миний мэдэхээр хоёр жилийн өмнөөс зарим их, дээд сургуулийг Эрдэнэт, Дархан аймаг руу нүүлгэн шилжүүлнэ гээд яригдаж л байсан. Одоо ч гэсэн ярьсаар л байх шиг байна. Гэхдээ хотын зах руугаа нүүлгэхээр болсон юм байна. Энд нэг их чанарын ялгаа алга. Нүүлгэх ажил хийтлээ багадаа таван жил болох биз. Гол нь хотын төв, зах аль нь байсан ялгаагүй түгжирсээр л байх болно. Харин түүний оронд хотоо тэлэх ажил хийвэл яадаг юм.
ШУТИС-ын оюутан Л.Мандах: Энэ хэдэн өдөр их сургуулиудыг нүүлгэх тухай асуудал нэлээн шүүмжлэл дагуулаад байх шиг байна. Миний хувьд ялангуяа ШУТИС-ын оюутнуудын эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байна. Бид ямар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд шиг үнэгүй сурч байгаа биш. Мөнгөө төлөөд сурч байгаагаас хойш түүндээ тохирсон орчин нөхцөлд, тав тухтай хичээллэх хэрэгтэй гэж бодож байна.
Холбоотой мэдээ