-Энэ хүн хэн билээ?
-Ц.Дамдинсүрэнгийн охин шүү дээ.
-Ямар Дамдинсүрэн?
-Төрийн сүлд дууллын зохиогч?
-Аан. Тийм үү… гэж хэсэг оюутан залуус хоорондоо ярилцахыг Анна Дамдиновна Цендина сонсчээ. Тэрбээр “Залуус манай аавыг Төрийн сүлд дууллаар нь л мэдэж байна. Уг нь аавын минь хэд хэдэн том гавьяа бий” хэмээн яриагаа эхлэв. Тэрбээр нэгт, Монголын нууц товчоог орчин цагийн хэлэнд орчуулж, ард түмэндээ хүртээлтэй болгосон. Хоёрт, хуучны олон ном судрыг эрэн хайж, хадгалж, улсын номын сангуудад хүлээлгэн өгсөн. Гуравт, 1950-1960 онд монголчууд хэл соёлтой, утга зохиолтой, том эрдэмтэдтэй байсан гэдэг санааг гаргаж, тэмцэж байсан. Тэрний төлөө үндсэрхэг үзэлтэн гэж бурууmгагдаж явсан. Дөрөвт, шинэ крилл үсэг зохиосон гэж Анна Дамдиновна Цендина гэж аавынхаа тухай өгүүлсэн юм.
Цендина сүүлийн 15 жилийн турш өөрийн төрсөн нутаг, Монголдоо ирж зусдаг болсон гэнэ.
-Гоё цэцэг байна.
-Сайхан үнэртэж байна уу. Наймдугаар сарын 11-нд, монголч эрдэмтдийн хурлаар яг миний төрсөн өдөр таарсан. Найзууд маань надад баяр хүргэж, цэцэг бэлэглэсэн.
-Аавынхаа гэр музейд амьдрахад ямар санагдаж байна?
-Хэл зохиолын хүрээлэнгийнхэн энэ гэр музейг авч явдаг юм. Би Монголд 2010 оноос хойш жил бүр ирдэг ч гэртээ биш танилындаа, түрээсийн орон сууц эсвэл зочид буудалд байрладаг байсан. Харин Хэл зохиолын хүрээлэнгийхэн намайг өөрийн гэртээ байх боломж олгосонд маш их баяртай байгаа.
Гэртээ байх нь надад сайхан санагддаг. Энэ миний төрсөн гэр орон. Энд аавын бүх ном судрууд байгаа учраас ажлаа хийж чадаж байна. Бас хотын төвд бүх зүйлдээ ойрхон нь таалагддаг.
-Гэр музей болгох санаачилгыг анх хэн гаргасан юм бол?
-Аав 1986 онд хурлаар Москвад очоод бие нь муудсан. Бид аавыг Москвад эмнэлэгт хэвтэхийг зөвлөсөн ч аав зөвшөөрөөгүй. Тэгээд Монгол руугаа ниссэн. Онгоцноос буугаад шууд хоёрдугаар эмнэлэгт хэвтсэн юм билээ.
Удалгүй аав бурхан болсон. Тэгээд ном судар, гэр орныг нь цэгцлэх хэрэгтэй болсон. Би Монголд амьдардаггүй болохоор гэр рүүгээ буцах хэрэгтэй. Тэр үед олон хүн надад янз бүрийн санал тавьсан. Аавын ном судар, орон гэрийг худалдаж авах санал ч ирж байлаа. Зарим нь номын санд номыг нь тушаахыг зөвлөсөн.
Тэгээд бодож, бодож “Энэ бүгдийг аавын шавь нарт өгье” гэхэд шавь нар нь зөвшөөрөөгүй. Магадгүй янз бүрийн хэл ам, ярианаас айсан байх л даа. Тэгтэл академич Н.Содном гуай “Та нар гэр музей хийгээч” гэж хэлсэн. Мэдээж, аавын тэр их номыг би Орос руу аваад явах боломжгүй. Аваад хариуцаад явах хүн байдаггүй. Тиймээс улсад бэлэглэх нь зөв юм байна гэж шийдсэн. Тэгээд хотын даргаар Б.Алтангэрэл гэж хүнтэй өрөөнд нь уулзахад “Өөрсдийн өмчөө яах гэж улсад бэлэглэж байгаа юм бэ” гэж загнаж байсан юм. Үр хүүхэд нь өмчлөх ёстой гэж бодсон байх л даа. Харамсалтай нь, бид Монголд амьдардаггүй. Аавынхаа гэр, номыг зүгээр хаялтай биш. Тэгээд улсад өгсөн нь зөв шийдвэр байсан. Хэн нэгэнд өгсөн бол энэ их өв хөрөнгө зарагдаж, үрэгдээд дууссан байхыг үгүйсгэхгүй. Улс гэр музей байгуулаад хямгадаж, хариуцаад явж байна. Нэг талаасаа надад бас амар байна. Ах нар маань 1998 онд аавын 90 жилийн ойгоор гэртээ орж ирээд “Энэ манай шүүгээ байна” гээд л их гайхацгаасан. Би бол байнга ирдэг болохоор нэг их сонин санагддаггүй.
-Та аавынхаа хэдтэйд төрсөн бэ. Ах нар нь сайн уу?
-Би 1954 онд төрсөн, одоо 69 настай. Тэр үед аав Аав 47 настай байсан байх. Гурван ахтай, айлын ганц охин учраас их эрх танхи өссөн. Манай том ах надаас 17 насаар ах байсан. Одоо том хоёр ах маань бурхан болсон. Нэг ах маань Петербургт амьдардаг.
-Аавынхаа шавь нартай уулздаг уу. Том эрдэмтний охин гээд хүмүүс танд хөл алддаг байх даа?
-Намайг Монголд ирэхээр хүмүүс их сайхан угтаж авдаг. Бараг л Монголын маань бүх эрдэмтэд танина. Харин би заримдаа хүн таньдаггүй. Шинжлэх ухааны академийн удирдлагууд, Хэл зохиолын хүрээлэнгийнхэн маань байна. Бараг хамаатан садан шиг минь болж, надад сайхан хандаж, тусалдаг. Монгол Улсын их сургуулийнхан бас их тусална. Аав, ээж маань их энгийн хүн байсан. Ээж том эрдэмтний эхнэр гэж гэдийж, их зан гаргадаггүй хүн байсан.
-Авга нараа мэддэг үү. Тэд таныг таньдаг биз дээ?
-Цөөн хүмүүс бий. Дорнод аймгийн Матад суманд, Чойбалсанд амьдардаг юм. Цэнхэрмандал суманд аавын дүүгийн хүүхдийнх нь хүүхдүүд амьдарч байгаа. Хааяа уулздаг юм.
-Та Москвад Эдийн засгийн их сургуулийн Дорнодын сонгодог судлалын институтэд багшилдаг хэвээрээ биз дээ. Аргагүй, том эрдэмтний охин болохоор та монголоор маш сайн ярьдаг юм байна. Харин төвөд хэлийг хаана, хэзээ сурсан юм бэ?
-Монголын түүх, соёлыг судалъя гэвэл түвэд хэл мэдэх зайлшгүй шаардлагатай. Төвөд хэл мэдэхгүй бол хол явахгүй. Монголд төвөд хэлтэй хүн тун цөөн болжээ. Би үүнийг их гайхаж байна. Ном судар үзэж, таниж мэдэх хүмүүс цөөн болж. Орчин цагийн хандлага тийм байна. Ажлын байртай салбаруудыг түлхүү дэмжиж байна. Хуучин төвөд хэлний анги гэж байсан. Тэрийг хаачихсан. Ингээд бодоход маш харамсалтай. Тийм учраас төвөд хэлтэй хүмүүс лам нар л болж. Шашин, шинжлэх ухаан хоёр тэс өөр салбар шүү дээ.
ОХУ-д монгол, төвөд хэлний ангийг нээсэн. Би бол хуучин Шинжлэх ухааны академиасаа гарч, Эдийн засгийн их сургуулийн Дорнодын сонгодог судлалын институтэд багшилж байгаа. Манай оюутнууд сая Монголд ирсэн. Тэд монгол хэлийг маш их сонирхож, Монголын фанатууд болж байна. Их сургуулийнхаа дарга нарыг сайшаамаар байна. Дорно дахины соёл, хэлний ангийг нээж байна. Манай ангийг төгссөн хүүхдүүд бүгд монгол судлаач болохгүй ч ганц хоёр хүүхэд салбартаа ажиллаж байна. Одоохондоо гайгүй ээ. Цаашаа юу болохын бүү мэд.
-Та багаасаа л монгол хэлээр ярьдаг байсан уу?
-Би их зөрүүд охин байсан. Манай ээж анхнаасаа охинтой болохыг хүсдэг байсан тухайгаа надад хэлсэн. “Чи анхны хүүхэд маань болж төрсөн бол би дахин нэг ч хүүхэд төрүүлэхгүй байсан” гэж ярьдаг байсан. Манай ах нар бүгд Монголд орос сургуульд сурч, том ах алтан медальтай төгссөн.
Тийм болоод ч тэрүү монгол хэлээр сайн ярьж чаддаггүй байсан. Харин намайг монгол сургуульд оруулна гээд Хөгжим бүжигт оруулж, гурван анги дүүргэсэн. Тийм учраас би монгол хэлээр сайн ярьдаг.
Хөгжим бүжгийг төгссөн ангийнхан маань хэдэн жилийн өмнө уулзсан. Би төгөлдөр хуур тоглодог байсан. Миний багш бол Банди гэж дуучны эхнэр Григорьева гэдэг орос хүн байсан. Гэхдээ би гурван жил сурч байгаад, гэр бүлээрээ Орос руу явсан. Ленинградад орос сургуульд сурсан чинь би оросоор бичиж чадахгүй. Ярианы хэл байсан. Аав тэнд “Монголын рамаяна”-г судалж байсан. Тэр ажлаар очиход нь ес, 10 дугаар ангиа тэнд төгссөн.
-Анзаарахад, та их алиа хошин хүн юм.
-Манай аав их шогч хүн байсан. Тэр занг нь би дууриасан. Харин гадаад төрхийн хувьд ээжтэйгээ илүү адилхан.
Ээж монгол хэлний ангиа төгсч, угсаатны зүйч болсон. Ленинградад алдартай анторпологийн музейд ажиллаж байсан. Монголд ирээд нэг хэсэг төв музейд ажиллаж байсан.
-Таныг монгол судлаач болоход ээж нь их нөлөөлсөн бололтой?
-Би өөрөө зурдаг байсан. Одоо ч зурахгүй л дээ. Том ахын эхнэр барималчин хүн байсан учраас Ленинградын төв хүүхэлдэйн театрт дагалдангаар оруулсан юм. Би тэнд ажиллах их дуртай. Нэг их удаагүй ч хүүхэлдэйтэй холбоотой гараараа л юм хийдэг хүн болно гэж боддог байлаа. Үнэндээ манай аав гарын ур дүйтэй хүн байсан. Юм засах хоббитой. Цаг засах маш дуртай хүн байсан. Тэрийг жаахан дууриасан юм шиг байна лээ. Тэгсэн ээж намайг “Монгол хэлний ангид сургана” гэхэд нь би “Үгүй ээ. Аав шиг хуучин ном судар үзэж, ширээний ард суугаад дэмий” гэлээ. Яасан юм бүү мэд ээж нэг жилийн дотор намайг ухуулж, ойлгуулаад 10 ангиа төгсөхөд “Би монгол түвэд хэлний ангид орно” гээд итгэчихсэн байсан. Тэгэхэд аав ээж хоёр Ленинградад байсан. Би их сургуулиа төгсөөд Москвад радиод ажилд орсон. Танил буриад авгай дурсаж ярихад “Аав манай Аня хулиган” гэж хэлж байсан гэдэг юм. Намайг тийм эрдмийн ажил хийнэ гэж бодоогүй байх. Тийм учраас нэг их монгол судлал руу шахаж түлхээгүй ээ.
Манай аав 1983 онд Сочид амралтаараа очиход нэг өгүүлэл бичиж, намайг орчуул гэсэн. Тэгээд би энэ яагаад ингэж байгаа юм бэ гэж шалгаахаар энэ бас нэг юм хийж болох нь ээ гэж үнэлж байсан.
Тэр үед хятадаас монгол руу нэвтрүүлэг хийдэг байсан. Би “Энх тайван дэвшил” гээд Өвөрмонгол руу нэвтрүүлэг цацдаг радио станцад ажиллаж байлаа. Тэнд олон монгол хүн томилолтоор ажиллаж, хуучин хөтлөгч, орчуулагчдыг сайн таньдаг байсан. Тэнд ажиллаад байхад аав “Чи нэг жоохон ном хийгээч ээ. Ба ба ба.. гээд” гэдэг. Гэхдээ ажил их байсан. Би эчнээгээр аспирантурт орсон. Москвагийн дэлхийн утга зохиолын хүрээлэнд сурч, дорно дахины хэлтэст эчнээгээр сурсан. Дөрвөн жип суралцаж төгсөхөд 1990-ээд он болж, радио ч нурлаа. Тэгээд би Дорно дахины хүрээлэнд ажилтан болж, судалгааны ажилд эргэлт буцалтгүйгээр орсон.
-Одоо харамсдаггүй биз дээ?
-Манай ажил их гоё. Хөгширч ирээд харахад миний насны эмээ нар тэтгэвэрт гарчихаад хэнд ч хэрэггүй болчихсон, гэртээ суугаад дэмий юм ярьж, дэлгүүр хэсч байна. Манай ажил чи залуу, хөгшин байхаас үл хамаарч үргэлж хийх юмтай байна. Би одоо ч ажлаа хийгээд явж байна.
Би энд аавын музейн доторх материалуудыг хэвлэх, хүнд хүртээлтэй болгох талаас нь ажиллаж байна. Нэлээд юм хийсэн. Энэ музей дотор аавын цуглуулга гэж нэлээд монгол төвөд судрууд байдаг. Түүний гарчгийг бид хийсэн.
Аавын эрдэм шинжилгээний бүх бүтээлийг есөн ботиор криллээр гаргасан. Тэр бас их амаргүй ажил байсан. Зарим бүтээлээ аав илтгэл тавиад хаячихдаг байсан ч юм бий. Бас “Зуун билиг” номыг криллээр буулгаж гаргасан. Хуучин судруудыг хөрвүүлэхийн тулд ядахдаа ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед би энд байгаа ховор судруудыг зургаар хэвлэх бодолтой байгаа. Хүнд хүртээлтэй болгоё. Хажуугаар нь өөрийнхөө ажлыг хийж байна.
-Аавын чинь цуглуулгад ховор ном их байдаг байх. Харин үрэгдэж, алга болсон нь хэр их гэхээс биш.
-Манай аав хар багаасаа ном судар цуглуулж эхэлсэн. Цуглуулсан номоо нэг бус удаа хураалгаж байсан. Сүүлд хөдөөгүүр явж лам нарын нууж дарсан хуучны ном судар их цуглуулсан. Хуучны ховор судар янз бүрийн хүний гарт орж, уулын агуйд байхад нь очиж, цуглуулдаг байсан. Ах нар бас хамт явж, тусална. Тэр номнуудаасаа Үндэсний номын сан, Хэл зохиолын хүрээлэнд өгдөг байсан. Намайг хүүхэд байхад манай байрны тагтны доор 3 тонны машин дүүрэн ном ачиж ирээд, хүүхдүүд тагтаараа дамжуулан номоо зөөж байлаа. Би ч аавтай ганц хоёр удаа хамт явсан. Дээр үед хуучны өвгөд нам засгаас айж эмээгээд хуучин ном судраа нууж, дарна. Түүнийгээ зүгээр нэг явуулын хүнд өгөхгүй шүү дээ. Манай аавыг мэддэг байсан учраас номоо өгнө. Зарим өвөгчүүлтэй ярьж хонож байгаад ном судраа авна.
Их сонирхолтой, цаашдаа ашиглая гэсэн судруудаа гэртээ үлдээдэг байсан. Аавыг нас барахад тэр номууд гэрт нь үлдсэн. Нийт 3000 гаруй ном судар бий. Тэр дунд ховор ном судар бас байна.
Жишээлбэл, “Саран цэцний эрдэнэ товч” судар олон хувилбар байдаг. Өвөрмонгол, ордос, манж, хятад орчуулга ч бий. Тэр дундаас аль нь эх хувилбар вэ гэж хэлэхэд хэцүү. Аавын цуглуулгад энэ судрын ганц хоёр хуучин хувилбар байдаг. Би одоо энэ дээр сууж байна. Бас “Асрагч нэртийн түүх” гэж судар байдаг. Д.Пэрлээ гуай эх хувилбараас нь хуулж, ном хэвлэсэн. Тэр чинь ерөөсөө ганц хувь. Аавын гэрт нэг хувь бас байна. Хөдөөгийн Пэрлээ гуай “Асрагч нэртийн түүх” гэж өөрөө нэрлэсэн. Учир нь номын эхний хуудас байгаагүй учир төгсгөлд “Асрагч бичив” гэж тэмдэглэснээр нэрлэсэн байдаг. Аавынд байгаа номын нэр нь “Чингис хааны түүх намтар хэмээхийн эх оршив” гэсэн нэртэй. Энэ мэт ховор сайхан ном судар олон бий.
-Танай гэр бүлээс аавынхаа мэргэжлийг өвлөсөн нь та юм уу. Ах нар чинь яагаад аавынхаа мэргэжлийг өвлөөгүй юм бол?
-Би инженер болсон бол инженерийнхээ ажлыг л хийнэ шүү дээ. Манай ээж уг нь бага ахыг монгол судлал руу түлхсэн боловч огт зөвшөөрөөгүй. Манай ээж их зөөлөн хүн байсан. Гэхдээ зорьсондоо хүрчихдэг хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм хүн. Намайг тэг гэвэл би тэгж хийхгүй. Тиймээс их зөөлөн аргаар намайг ятгасан юм шиг байна лээ.
-Аавынхаа хөшөөн дээр очдог уу?
-Очно. Уг нь, уран барималч Ц.Амгалангийн аав манай аавтай их сайн найзууд байсан. Тиймээс хүүгээр нь хөшөөг нь хийлгэх сонирхолтой байсан. Ц.Амгалан аавыг хэд, хэдэн удаа зурж, баримал хийсэн. Гэвч би дийлээгүй. Уг нь би МУИС-ийн шинэ номын сангийн үүдний хэсэгт баримлаа байрлуулахаар зураг төслийг нь гаргасан байсан. Бүтээгүй ээ. Хотын захиргаанаас тендер зарлаж бид нар тэнцээгүй.
Би аавын хөшөөг босгохоор хотын захиргаанд хандсан. Миний санал МУИС-ийн шинэ номын сангийн үүдэнд байрлуулна гэсэн чинь 2018 онд шийдвэр гарч, МУБИС-ийн өмнө олон мухлаг байгаа газар хөшөө барина гээд. Тэр мухлагийн эзэд их дургүйцсэн. Тэнд их олны хөлтэй газар байсан учраас сайн юм уу эргэлзэж байсан.
Тэгээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тавина гэх санал гарч ирсэн. Тендер болоход бид итгэлтэй орж, өөрсдий зүгээс тодорхой мөнгөн тусламж үзүүлье гэсэн. Тэгсэн чинь тендерийн шийдвэр зарласан чинь тэс өөр хүн шалгарч, өөр компани ялсан. Бид бүр гайхаад гарч байлаа. Үндэсний цэцэрлэг хүрээлэнд босгосон хөшөөг одоо харахад бас гайгүй ээ. Охиных нь хувьд аав хэтэрхий баатар шиг болсон ч дүр төрх нь адилхан. Уг нь аав минь их сургуулийн гудамжаар насаараа явсан шүү дээ.
-Төрийн сүлд дуулалтай холбоотой маргаан олон жил үргэлжилсэн шүү дээ?
-Сүлд дууны тухай том маргаан болсон. Тэр талаар олон ч удаа ярьсан. Манай аавын сүлд дууг дээр үед бичсэн учраас Х.Чойбалсан, И.В.Сталин нарын тухай үг орсон байсан. Надад 1990-ээд оны эхээр бичиг ирүүлэхдээ “Хуучны энэ үг, үсгийг хасч болох уу” гэсэн. Би тэр үед зөвшөөрсөн. Дараа нь хэн нэгэн сүлд дуулалд шинэ үг нэмсэн. Би аавын сүлд дуу таарахгүй бол шинэ сүлд дуу зохиож болно. Гэтэл аавын шүлэг дунд дураараа үг нэмнэ гэдэг сонин бас гэнэн харагдаж байна.
Би тэрийг их гайхаад байдаг юм. Хүний шүлэг шүү дээ. Өөрөө амьд сэрүүн байхгүй ч залгамжилж буй үр хүүхдүүд нь байна.
Шинэ үсгийг өөрчлөх хандлага гарч, хуучин бичгээ сэргээе гэж байна. Крилл үсгийг өөрчилье гэсэн хандлага байна. Би монгол судлаачийн хувьд хэлэхэд шинэ үсгийн бичлэгийг их өөрчилж байна. Учрыг нь ойлгохгүй юм. Хуучин бичигт ойртуулж, тийм юм хийж байна. Жишээлбэл, гариг гэж бичдэг байсныг гараг гэж бич гэж байна. Тэр чинь хуучин бичигт тэгж бичдэг. Олон улс эртний архаик элемэнтээс ангижрая гэж байхад монгол архаик руу оръё гэж байна. Их сонин хандлага. Аав шинэ бичиг зохиохдоо халх аялгуунд тулгуурлаж байсан.
Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ