Монгол Улсаас Ватикантай дипломат харилцаа тогтоосон 31 жилийн хугацаанд анх удаа Ромын пап Францис энэ сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсад айлчлах гэж буй. Ромын пап Францис буюу Хорхе Марио Берголиог бид өмнө нь ХҮМҮҮС буландаа онцолж байсан бол энэ удаа түүний айлчлал Монголд төдийгүй олон улсад ямар түүх бүтээхийг сонирхуулж байна.
Ромын пап лам өнгөрсөн тавдугаар сард Ватикан дахь Монголын Буддын шашны төлөөлөгчидтэй уулзахдаа католик болон буддын шашинтнуудыг энх тайван, хүчирхийлэлгүй дэлхийн төлөө хамтран ажиллахыг уриалсан. Тус уулзалтад Монгол дахь Францын номлогч лам Жоржио Маренго, пап ламын Шашин хоорондын яриа хэлэлцээний зөвлөлийн ерөнхийлөгч кардинал Мигель Аюсо Гиусо нар оролцож байв. Тодруулбал, Монгол Улсад католик шашны сүм байгуулагдсан болон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд ийнхүү манай улсын Буддын шашны төлөөлөгчид Ром хотноо айлчилсан бөгөөд тухайн үеэс Ромын пап Монголд айлчлах талаар шуум гарч эхэлсэн. Тийнхүү шашны аялал жуулчлалаар дамжуулж олон улсад эх орноо сурталчлах том боломж давуу талыг өнгөрсөн зургадугаар сараас олон улс судлаачид, Шинжлэх ухааны академийнхан, түүх, шашин судлаачид онцолж, тодотгож буй. Тэгвэл Ромын пап Францисын Монголд хийж байгаа анх удаагийн айлчлал бидэнд ямар давуу талтай вэ?
Аялал жуулчлал: Албан бус байдлаар 3000 гаруй сүсэгтэн, жуулчин ирэх тооцоололтой байгаа бөгөөд мөн олон зуун номлогчид айлчлалын багт багтаж байгаа.
Сурталчилгаа: Олон улсад Монголыг сурталчлах том боломж. Учир нь Хорхе Марио Берголион айлчлалыг дэлхийн 20 гаруй орны 150 орчим томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулна.
Геополитик: Дэлхийн улс төр, шашны хувьд чухал мессеж болно.
Олон улсын хэвлэлүүдэд Ромын пап лам 1500 хүрэхгүй католик шашинтантай Монголд зочилж байгаа нь олон улсын анхаарлыг ихэд татаж байгааг онцолж бичиж байна. Тиймээс ч шашин судлаачид, жуулчид Монголыг олноор зорихоор төлөвлөсөн гэдгийг онцолжээ.
Хорхе Марио Берголион хувьд энэ айлчлал 43 дахь удаагийнх. Тэрбээр өмнө нь Америк тивийн 12, Азийн 11, Африкийн 10 оронд айлчилж байв.
СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ ӨНДӨР АЙЛЧЛАЛ
Сүүлийн 10 гаруй жилд Улаанбаатар зэрэг томоохон хотуудад хурдацтай хотжилт, өсөлтийн зэрэгцээ ажилгүйдлийн түвшин өндөр, цар тахлын үеийн эдийн засгийн уналт бий болсон. Гэсэн ч Дэлхийн банкны мэдээлснээр алт, зэс, нүүрс болон бусад ашигт малтмал зэрэг байгалийн арвин нөөцтэй Монгол Улсын эдийн засгийн таамаглал таатай хэвээр байгаа.
Өнгөрсөн хугацаанд Ромын пап Францис авлига, байгаль орчны доройтлын эсрэг хүчтэй тайлбар хийсээр ирсэн. Энэ удаагийн айлчлал ч мөн хүлээлт өндөр үүсгэж байгаа.
Монгол Улсын өмнө тулгамдаж буй сорилт, Орос, Хятадын газарзүйн байрлал зэргийг харгалзан пап ламын айлчлал стратегийн зоригтой айлчлалд тооцогдохыг олон улс судлаачид тоймлож байна. Монголд хорин жилийн турш номлогчоор ажиллаж байсан Италийн кардинал Жоржио Маренгогийн онцлон тэмдэглэснээр, Ромын Пап лам Францис католик шашинтнуудын цөөнхтэй Монгол Улсад айлчлах нь “Пап хувь хүн бүр, энэ үйлсийг эхлүүлж буй хүн бүрд ямар анхаарал хандуулж байгааг харуулах итгэлийн аялал, стратегийн айлчлал" болохыг онцолжээ.
Холбоотой мэдээ