Нэг хэсэг нь Дарь-Эхэд гэр оронтойгоо урсч, үерт үйж байхад, нөгөө хэсэг нь авлига хулгайн мөнгөөрөө Зайсанд орчин үеийн оффис барьж, тансаг хаус худалдан автлаа Монголын нийгэмд баян ядуугийн ялгаа тэнгэр газар шиг болжээ.
АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт шууд ба шууд бусаар сэжиглэгдэж буй 17 хүнийг нэр устай нь зарласан 2022 оны арванхоёрдугаар сарын 13-наас тоолбол бүтэн найман сарын хугацаанд энэ хэрэгт холбогдсон, яллагдагчаар татагдсан хүмүүсээс баривчлагдаж хоригдсон нь цөөхөн. “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягаас бусад нь гадуур сул чөлөөтэй явж байна.
Нүүрний хулгайн хохирлын хэмжээ 40 их наяд. Монгол Улсын 2023 оны төсвийг хоёр нугалсантай тэнцэх мөнгө.
Тоон дүнг нь сонссон ч, эдийн засаг, нийгэмд учруулсан хор хохирлыг нь тооцсон ч нүүрсний хулгай бол ердийн хулгайтай харьцуулашгүй хэрэг. Халаасны хулгайч хэн нэгнийг хохироодог бол нүүрсний хулгайч улсаа, иргэдээ бүхэлд нь хохироосон гэсэн үг.
1. АТГ-аас нүүрсний хулгайн сэжигтнээр зарласан 17 хүний 10 нь МАН, долоо нь АН-ын гишүүн. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг , "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа нар дээр Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарыг нэмж яллагдагчаар татсан билээ. Товчхондоо, нүүрсний гол хулгайчдын дийлэнх нь Л.Оюун-Эрдэнийн журмын нөхөд гэвэл илүү бодитой дүгнэот болно.
2. Нүүрсний гол сэжигтнүүд хоёр ордонд сууж байгаа. Нэг хэсэг нь хуулийн хамгаалалтын дор, нөгөө хэсэг нь намын хаалганы ард нуугдаж буй. Жишээ нь, УЕП-оос яллагдагчаар татсан гишүүдээс Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн бол Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг УИХ-аас түдгэлзүүлсэн. Харин Н.Наранбаатарыг УИХ-ын олонх авч үлдсэн билээ. АТГ-аас Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын гэр, оффист сүр дуулиантай нэгжлэг хийснээс хойш хавтаст хэрэг нь хэний сейфэнд “зуссан”-ыг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан Ж.Мөнхбат найрын хойморт заларч, Т.Аюурсайхан засгийн эсрэг хор найруулан гүйх болсон гэх.
3. УИХ дахь ажлын хэсгээс нүүрсний сонсгол хийхээр өнгөрсөн дөрөвдүгээр сард товлосон боловч өнөөг хүртэл таг чиг. Нүүрсний сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар зургадугаар сарын 20-нд мэдээлэл хийхдээ “Нүүрс сонсголын хэзээ хийхээ маргааш шийднэ” гээд найр, наадамтай залгасан билээ. Тиймээс намрын чуулган эхэлтэл нүүрсний сонсголыг Х.Нямбаатар хийж чадахгүй нь тодорхой болов.
4. Монголын нүүрсийг вагонтой нь, вагоныг нь төмөр замтай нь хулгайлсан хүн бол Х.Баттулга. Тэрбээр ҮАБЗ-ийг даргалж байхдаа, 2017-2019 онд есөн оффтейк гэрээ байгуулж, төрийн нууцад авсныг өнгөрсөн оны дуулианы үеэр нууцаас гаргаж байв. Түүний төрийн нууцад авсан оффтейк гэрээний дагуу барьсан төмөр зам нь хоёулаа мухар. Гашуунсухайтын мухар төмөр замыг Хятадын төмөр замтай холбоход 200 сая ам.доллар шаардагдаж байгаагаас гадна багадаа хоёр жил болохыг салбарын сайд нь мэдээлж байв.
5.Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг гацаасны цаад шалтгаан нь эрх мэдэлтнүүдийн хулгай8 луйвар байсан нь ийнхүү илчлэгдсэн билээ. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд төмөр замын төслүүдийг гацааснаар Монгол Улс хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн ашгаа алдсан болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан удаатай. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах М.Энхсайханы төслийг унагасан гол хүн бол З.Энхболд. М.Энхсайханыг Тавантолгойн ордыг бусдад давуу эрхтэйгээр өгөхийг завдсан гэж хэрэг үүсгэн, шоронд суулгасны дараа нүүрсний мафи 40 их наядаар ханатлаа найрлажээ. Харамсалтай нь, энэ хэрэг эцэстээ “чоно цатгалан, сүрэг бүтэн” тийшээ явж байна.
6. Нэгдүгээр сард АТГ-аас нүүрсний хэрэгт 66 албан тушаалтныг яллагдагчаар татсан гэж байв. Харин гуравдугаар сард тус газраас 48 албан тушаалтныг яллагдагчаар татсан гэх зөрүүтэй тоо хэлсэн. Тэгвэл дөрөвдүгээр сард УПЕГ-аас “127 хүн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаагаас 68 нь нийтийн, 35 нь хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан. Мөн гурав нь БНХАУ-ын иргэн, 13 нь улс төрд нөлөө бүхий этгээд байна. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн 7, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан 1, Засгийн газрын гишүүн, сайд асан 1, яамны төрийн нарийн бичгийн дарга асан 1, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга 1, аймгийн засаг дарга 1, аймгийн засаг дарга асан 1 хүн байна” гэж байв. Тэгвэл тавдугаар сард нүүрсний хулгайн нэг ч хавтаст хэрэг шүүхэд ирээгүй гэж мэдээлж байсан ШЕЗ долдугаар сард "33 хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэж, 30 хүнд холбогдох гурван хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгчээ. Гэхдээ нүүрсний хэргийн гол сэжигтнүүдээс шүүхийн хаалга татсан нь байхгүй. Эндээс дүгнэхэд, манай хуулийнхан том хулгайчаасаа айж, жижиг хулгайч нарт эр бяраа гаргадаг бололтой. Зүй нь шуудайтай нүүрс хулгайлсан нь ч, вагонтой нүүрс луйвардсан нь ч адилхан хариуцлага хүлээдэг болсон цагт Монголд авлига, хулгай буурна.
7. Авлигатай тэмцэх нь Ардын намтай хийх тэмцэл болох нь ойлгомжтой. Гэвчиг зуун жилийн түүхтэй Ардын намыг авлигаас цэвэрлэж, авлигачдыг Ардын намаас хөөе гэвэл Л.Оюун-Эрдэнэ цагаан байраа галдан “шатаахад” хүрч мэднэ. Нөгөө талдаа Ардын намыг авлигачдаас цэвэрлэхгүйгээр ардчиллыг хамгаалах боломжгүй, бололцоогүй. Хэрэвзээ журмын нөхдөө өрөвдвөл Л.Оюун-Эрдэнийн амлалт талаар болно. Түүний "ардчиллын төлөө авлигатай хийх тэмцлээсээ сөөм ч ухрахгүй" гэх үг хоосон үлдэнэ. Ардчиллаа хамгаална гэвэл Л.Оюун-Эрдэнэ анд нөхөдгүй болно. Анд нөхөд аврах уу, ардчиллаа хамгаалах уу гэх хайчин галын дунд Л.Оюун-Эрдэнэ зогсож байна.
8. Хууль нь хууль шиг, шүүх нь шүүх шиг улс оронд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улстөрчид шоронд суудаггүй юм аа гэхэд ядаж төрийн ордонд орох эрхгүй. Гэвчиг Монголд хулгайч нь хаан, хаан нь хулгайч болох нь жирийн үзэгдэл. Жишээ гэвэл Женко байна. Улсаа тоносон, нүүрс хулгайлсан улстөрчдийн дийлэнх нь ирэх онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж яваа нь гарцаагүй. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд ирэх жилийн улс төрөө тэд хэдийнэ эхлүүлжээ.
Эцэст нь, эдийн засгийн хулгайч, эх оронч хоёроо ялгаж чадахгүй бол улс нь уландаа үлдэж, иргэд нь утаандаа амьдрах нь “тавилан” болно шүү!
Холбоотой мэдээ