Сонгинохайрхан дүүрэг, нэгдүгээр хорооллын арын зам дагуух Өнөр бүсийн тохижилт, бүтээн байгуулалт “Намрын өнгө-2023” нэгдсэн арга хэмжээний хамт өнөөдөр /2023.08.22/ нээлтээ хийлээ.
Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, контейнер, чингэлгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарын 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн захирамжаар буулган, газар чөлөөлөх ажил эхэлсэн. Тус онд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 132 гарааш, контейнерыг буулгаж, газар чөлөөлсөн байршилд ногоон байгууламж, явган хүн, дугуйн замтай бүтээн байгуулалтыг хийж тохижуулсан юм.
Үүний үргэлжлэл болох Өнөр бүсийн буюу нэгдүгээр хорооллын арын зам дагуух 16 байршилд нийтийн эдэлбэр газарт байсан 899 гарааш, контейнер, төмөр чингэлгийг 2022 оны дөрөвдүгээр сараас буулгаж, газар чөлөөлөх ажил эхэлсэн. Ингэснээр 2022 оны долдугаар сараас дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн газар чөлөөлсөн байршлыг нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хариуцан тохижуулж дуусгалаа.
Нийт дөрвөн га газрыг хамарсан энэ талбайд 12 мянган метр квадрат явган зам, 1600 метр квадрат дугуйн зам, 3900 метр квадрат авто зогсоол, 2000 метр квадрат авто зам, бялдаржуулах талбай, хүүхдийн тоглоомын талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбай, тайз, ногоон байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих зам, шаталсан урт сандал, худаг, ариун цэврийн зориулалттай байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүтээн байгуулалтууд хийгээд байна.
Мөн Өнөр бүсийн бүтээн байгуулалтын талбайд нээлтээ хийж буй “Намрын өнгө-2023” нэгдсэн арга хэмжээ нь 2023 оны наймдугаар сарын 22-26-ны өдүүдэд үргэлжилнэ. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, шинэ ургацын ногоо, цэцгийн үзэсгэлэн дэлгэгдээд байна.
Холбоотой мэдээ