Сургууль болон бусад боловсролын байгууллагын сурагчдыг жигдрүүлж хувцаслах уламжлал манай эриний эхэн үеэс ч өмнө бий болжээ. Эртний Грекийн хүүхдүүд ч нэг загварын хувцсаар ижилсдэг байсан бөгөөд энэ нь хэдэн зуун жилийн туршид хувьсан өөрчлөгдсөөр ирсэн. Сургуулийн хүүхдийг дүрэмт хувцсаар ижилсүүлэх нь сурагчдыг ялгаварлаж харьцдаг байсан түүхэн цаг үеийг эргэн сануулдаг аж. Орчин үед зарим улс сурагчдийн дүрэмт хувцсыг бүрмөсөн халсан ч олон оронд энэ уламжлал байсаар байна.
Олон зуун жилийн уламжлал, зан заншил, улс төрийн дэглэм, иргэдийн ертөнцийг үзэх үзэл зэрэг зүйлд бүрэн нийцүүлэн байж сонгодог тул улс орон бүрт өөрийн онцлогтой сурагчийн дүрэмт хувцас бий. Зарим орны сурагчийн дүрэмт хувцсыг доор онцлон толилуулж байна.
Японд сургуулийн дүрэмт хувцас өнгөрсөн зууны сүүлчээр гарч ирсэн. Өдгөө Японд улсын, хувийн гэж ялгалгүй бүх сургуулийн сурагч дүрэмт хувцас өмсдөг ч өнгө, загварт нарийн баригддаггүй. Нэг сургуулийн сурагчид ногоон хүрэмтэй байхад нөгөөх нь улбар шар хантаазтай гэх мэт бий.
20 дугаар зууны эхэн үед европ сурагчийн дүрэмт хувцасны загварын тусгасан далайчин загварын дүрэмт хувцас Японд моод болжээ. Япон хэлэнд энэ дүрэмт хувцсыг “далайчин костюм” гэж шууд утгаар нь нэрлэдэг. Далайчин костюм үйлдвэрлэдэг корпораци сургууль бүрт зориулж өвөрмөц загвар урладаг байв. Харин орчин үед Японы эмэгтэй сурагчид маш богино банзал өмсөх болсон гэж олон нийт хэлэлцдэг. Гэхдээ хийц нь анхнаасаа тийм богино биш юм. Сурагчид өөрсдөө банзлаа богиносгодог бөгөөд үндсэн урт нь өвдөг хүрсэн байдаг. Богино банзлыг 1990-ээд онд Нами Амүро нэртэй дуучин анх дэлгэрүүлжээ. Түүнээс хойш охид банзлаа зориудаар богиносгож өмсөх болсон.
Шри-Ланка улсад цөөн хэдэн хувийн сургуулийг эс тооцвол сурагчид дүрэмт хувцас заавал өмсөх ёстой. Хөвгүүд аравдугаар анги хүртлээ хөх өнгийн шорт, богино ханцуйтай цагаан цамц өмсдөг. Харин баяр ёслолын үеэр цагаан шорт, урт ханцуйтай цамц өмсдөг аж. Ахлах сургуулийн сурагчид өмд өмсөж болно.
Харин охидын дүрэмт хувцасны хувьд загвар нь өөр ч өнгө нь ижилхэн цагаан байдаг. Хөдөө орон нутгийн сурагчид богино ханцуйтай, захтай, цагаан даашинз өмсдөг. Ханцуйгүй, захгүй хувилбар ч байж болно. Мөн зарим сургуульд охид улаан зангиа болон сургуулийн тэмдгээ зүүдэг.
Бутан сургуулийн уламжлалт дүрэмт хувцсыг го, кира гэж нэрлэдэг. Сургууль бүр хүссэн өнгөө сонгох боловч загвар нь яг адил байна. Сургуулиуд ихэвчлэн хүрэн, хар ногоон, цэнхэр гэх мэт бараан өнгө сонгодог.
Куба улсын хувьд сурагчид ч их сургуулийн оюутнууд ч дүрэмт хувцас заавал өмсөх ёстой. Социалист соёлын өв залгамжлагч улс гэдэг утгаараа сурагчид нь одоо ч улаан зангиа зүүсэн хэвээр байна. Заримдаа цэнхрийг зүүсэн байх нь бий. Бага сургуулийн сурагчид хүрэн, цагаан өнгийг хослуулж өмсөнө. Харин ахлах сургуульд цагаан цамц нь хэвээрээ боловч саравч, өмд нь шар өнгөтэй болдог.
Хойд Солонгосын сурагчийн дүрэмт хувцас хуучин ЗХУ-ын хүүхдүүдийнхтэй адилхан. Кубатай адил улаан зангиа зүүнэ. Зангиа нь коммунист хөдөлгөөнд үнэнч байхын бэлгэдэл бөгөөд сурагч бүр үүнийг зүүх үүрэгтэй. Гэхдээ бүх сургуульд нэгдсэн стандарт байхгүй. Охид хүрэн, саарал эсвэл цагаан өнгийн банзал, даашинз өмсөж болно. Харин хөвгүүд хар өмд, цагаан цамц өмсөнө.
Вьетнамд сурагчийн тогтсон дүрэмт хувцас байхгүй. Гэхдээ тодорхой бүс нутгийн бүх сургуулийн сурагчдыг нэгдсэн стандартаар хувцаслахыг шаарддаг. Ахлах сургуульд ороод охид Вьетнамын уламжлалт хувцас аозай буюу торгон урт цамцыг өмдтэй өмсдөг. Энэ нь цагаан өнгөтэй байна. Улаан зангиа заавал зүүх албагүй ч цагаан цамц, хар өмд, гутал заавал байх ёстой. Хэрвээ Ханой хотоос гараад өөр алслагдсан тосгонд очвол сурагчид юу дуртайгаа өмссөн байхыг харах боломжтой.
Их Британид сургууль бүр өөрийн гэсэн дүрэмт хувцастай байдаг. Мөн хувцас бүр дээр сургуулийн сүлд, тэмдгийг хатгаж наасан байна. Дүрэмт хувцас бол сурагчийн бахархал гэж үзэх тул иж бүрэн дүрэмт хувцастай сургуульдаа ирэхгүй бол ичгэвтэр гэж үздэг.
Холбоотой мэдээ