
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярианыхаа эхэнд, Монгол Японы харилцаа нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг дурдаад Япон Улстай хөгжүүлж буй харилцаа хамтын ажиллагаанд Монголын Төр засаг өндөр ач холбогдол өгдгийг онцлов. “Монгол Улсад ардчилал шинэчлэлийг хөгжүүлэхэд Япон Улсын Засгийн газар, ард түмний зүгээс өгсөөр ирсэн зээл тусламж чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Цаашдаа бид хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах сонирхолтой байна” хэмээн ярилаа.
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлаар Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшил, судлаачдаас бүрдсэн хамтарсан судалгааны хэсэг ажиллаж байгаад талархаж байгаагаа Ерөнхийлөгч хэлсэн. Энэ нь манай орны хувьд гадаад улс оронтой байгуулах анхны эдийн засгийн хэлэлцээр болох юм. Манай оронд, японы хөрөнгө оруулалт нэмэгдэж, байгал орчинд ээлтэй орчин үеийн техник технологи нэвтрэх өргөн боломж байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн дурдлаа.
Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Окада, Монгол Улсын Засгийн газрын урилгаар хийж байгаа энэхүү айлчлал хэдийгээр цаг хугацааны хувьд давчуу болж байгаа ч, хоёр орны харилцааг хөгжүүлэхийн тулд юу хийж болохыг судалж мэдсэн, үр дүнтай айлчлал болно гэж найдаж байгаагаа илэрхийллээ. “Манай хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах боломжтой гэж Таны хэлсэнтэй бид санал нэг байна. Энэ асуудлаар Гадаад харилцааны сайд нарын түвшинд ярилцаж байгаа. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах нь бидний хувьд зөвхөн эдийн засгийн төдийгүй, бусад бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг дэмжсэн чухал баримт бичиг болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэж Япон Улсын Гадаад хэргийн сайд хэллээ.
Энэ уулзалтын үеэр бүс нутаг , олон улсын талбар дахь хамтын ажиллагааны талаар товчхон санал солилцсон. НҮБ-ын ажиллагаанд Япон Улсын оруулж ирсэн хувь нэмэр өндөр болохыг Ерөнхийлөгч үнэлээд, Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх хүчин чармайлтыг Монгол Улс дэмжиж байгаа гэдгийг дахин нотоллоо.
Япон Улсын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж байгаа айлчлал амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа уулзалтад оролцсон талууд харилцан илэрхийлсэн байна.
Б.Мандах