Ромын пап Францис өчигдөр /2023.08.21/ АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Миллитэй уулзаж, Украины дайн болон тэнд энх тайвныг тогтоох талаар хэлэлцжээ. Энэ үеэр Ромын пап Украин дахь дайнд энгийн номхон иргэд амиа алдаж байгаад санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.
Генерал Марк Милли Европын орнуудаар айлчилж буй. Тэрбээр ОХУ-ыг "Украины энгийн иргэдийн эсрэг терроризмын кампанит ажил явуулж байна. Тэр дундаа, иргэний дэд бүтцийг дайны стратегийн нэг хэсэг болгон онилсон" гэж хатуу шүүмжилжээ. Тэтгэвэртээ гарсан генерал тэрбээр дайныг улс төрийн аргаар шийдвэрлэх боломжтойг онцолсон байна.
Украинд олон тэрбумаар үнэлэгдэх зэвсэг илгээхийг Марк Милли дэмжсээр ирсэн. Харин Ромын папын хувьд зэвсгийн худалдааг үндсэндээ буруушаасан байр суурьтай байжээ. Гэвч өнгөрсөн жил тэрбээр "Украинд зэвсэг нийлүүлэх нь ёс суртахууны хувьд байж болох зүйл" гэж хүлээн зөвшөөрсөн байна. Тэр Украины ерөнхийлөгч Зеленскийг яриа хэлэлцээрт нээлттэй байхыг хүссэн. Гэвч Зеленскийн хувьд 10 зүйлт энхийн төлөвлөгөөгөө Ватиканаар дэмжүүлэхийг хүсч байна.
Дашрамд дурдахад, 86 настай пап лам энх тайвны элч Италийн кардинал Маттео Зуппиг Киев, Москва, Вашингтон руу илгээх, украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах талаар ярилцжээ. Түүнээс гадна "Маттео Зуппи удахгүй Бээжинд очиж, Хятадын дэмжлэгийг авахыг хичээнэ" гэж Ватиканы албаныхан мэдэгдлээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ