Зөвшөөрөлгүй граж, хашаа хайсуудыг буулгаж тус талбайд нийтийн автомашины хүртээмжтэй зогсоол болон ногоон байгууламжийн тохижилтыг хийх ажил өнгөрсөн жилээс нийслэлд өрнөж буй. Гэвч зарим дүүрэг, хороонд граж буулгасан талбайд одоог хүртэл бүтээн байгуулалт хийгээгүй, эсвэл орон сууцны барилга барих зөвшөөрөл олгосон зэрэг асуудал үүсээд буй. Өнгөрсөн сард Баянзүрх дүүргийн нийтийн эзэмшлийн талбай дахь зөвшөөрөлгүй гражуудыг буулгасан газарт хувь иргэн орон сууцны барилга барих болсон. Гэхдээ тус газар нь тухайн иргэний өмч байсан бөгөөд үүнийг шийдвэрлэсэн талаар мэдээлж байв.
Харин өчигдөр Чингэлтэй дүүргийн граж буулгасан газарт мөн барилга барих гэж байгаа гэх мэдээлэл цахим хуудаст гарсан. Энэ талаар тус дүүргийн Тохижилт үйлчилгээний газрын дарга н.Саруул-Одоос асуухад "Граж буулгасан нийтийн эзэмшлийн талбайд зөвхөн тохижилт л хийнэ. Ногоон байгууламжийн ажил хийх бөгөөд нийслэлээс хариуцаад явж байгаа" гэв.
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны 30А байрны баруун талын гражуудыг Нийслэлийн Засаг Даргын 2022 оны гуравдугаар сарын 14-ний А/388 захирамжийн дагуу буулгаж, газар чөлөөлөх ажлыг 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр явуулсан байна. Газар чөлөөлөх ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, холбогдох албад болон “Мон-Уул МЧМ Майнер” компани хамтран гүйцэтгэж газрыг цэвэрлэн чөлөөлжээ. Одоогийн байдлаар тус талбайд тохижилтын ажил эхэлсэн болохыг албаныхан хэллээ.
Холбоотой мэдээ