"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ болон Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт хийж байгаа талаар өнөөдөр /2023.08.22/ мэдээлэл хийж байна.
"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал С.АДЪЯАСҮРЭН:
-Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарсан. Нийт 20 хоног дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөний ачааллыг зохицуулна. Энэ сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийнэ.
Захирамжид:
- Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд
- Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тусгасан.
Өнгөрсөн жилийн үр дүнгээс харахад тэгш, сондгой дугаараар автомашин хөдөлгөөнд оролцох нь ачаалал хоёр дахин багасдаг болох нь тогтоогдсон. Тухайлбал, дугаарын хязгаарлалт хийхгүй үед цагт 9-10 км хурдтай байдаг бол хязгаарлалт хийснээр цагт 20 км хурдтай байгаа юм.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.ОЧИРБАТ:
-Нийслэлийн Засаг даргын захирамж гарсантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тодруулбал, есдүгээр сарын 1-15 хүртэлх "Хүүхэд замын хөдөлгөөний аюулгүй байдал" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор сургууль орчмын бүсэд хяналт шалгалтыг нэмэгдүүлнэ. Мөн түгжрэлд нөлөөлж байгаа бодит кэйсүүд дээр тулгуурласан сурталчилгааг хийхээр болсон.
Түгжрэлийг бууруулахын тулд автозамын нэгдүгээр эгнээг чөлөөлж, зөвхөн нийтийн тээвэр зорчих боломжийг бүрдүүлнэ.
Холбоотой мэдээ