“Хүүхдүүд сурч, хөгжихийн тулд хүнд нөхцөлийг туулж байна”

Хуучирсан мэдээ: 2023.08.22-нд нийтлэгдсэн

“Хүүхдүүд сурч, хөгжихийн тулд хүнд нөхцөлийг туулж байна”

“Хүүхдүүд сурч, хөгжихийн тулд хүнд нөхцөлийг туулж байна”

Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангах, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх болон хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих хүрээнд Хүүхдийн оролцооны үндэсний чуулганыг өнөөдөр /2023.08.22/ зохион байгууллаа.

Энэхүү чуулганд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл 700 гаруй сурагч оролцож байгаа юм. Эдгээр хүүхдүүд төрөөс хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаанаас гадна хүүхдийн оролцох, хөгжих эрхийг дэмжих чиглэлээр бодлого, шийдвэр гаргахад өөрсдийн байгуулсан оролцооны байгууллагуудаараа дамжуулан өөрсдөдөө тулгамдаж буй асуудал түүнд тохирох гарц, шийдлийн талаар үзэл бодол байр сууриа илэрхийлж байна.

"ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД СУРЧ ХҮМҮҮЖИЖ, АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА"

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Х.БУЛГАНТУЯА:

-Чуулганд оролцогч хүүхдүүд гурван чиглэлээр уриалга гаргана гэнэ. Нэгдүгээрт үе тэнгийнхэн, хоёрдугаарт эцэг эх, төр засгийнханд зориулж уриалга гаргана.  Өнөөдрийн арга хэмжээг төр засгийн гэсээхээ илүү хүүхдүүд өөрсдөө хөтөлбөр гаргаад, уриалгаа дэвшүүлэн, бидний хийж буй ажлыг үнэлээд нийгэмд хандан дуу хоолойгоо илэрхийлэх нь зүйтэй  гэж үзсэн. Хүүхдийн дунд хамгийн тулгамдсан асуудлууд юу байна уу? Гэхэд хүүхдийн хүмүүжлийн асуудлууд, эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжиж, амьдарч чадахгүй байна гэхчлэн шүүмжлэлтэй хандаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ХЗДХЯ боловсруулж байгаа. Иргэний эрх зүй, өмчийн харилцаа, гэр бүлийн гишүүдийн эрх хамгаалагдсан байх ёстой байдаг. Тиймээс ХЗДХЯ-аас иргэний эрх зүйтэй уялдуулж гэр бүлийн гишүүдийн эрхийг хангасан хууль боловсруулахад ажиллаж байна. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийг ХНХЯ-аас боловсруулсан. БШУЯ-аас саналыг авч, хүүхэд хамгааллыг хэрхэн яаж нэвтрүүлэх үү талаар хамтран ажиллаж байна.

ХҮҮХДҮҮД БҮХИЙ Л ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ

Өмнөговь аймгийн ГБХЗГ-ын дарга Б.ЭРДЭНЭЦЭЦЭГ:

-Хүүхэд хамгааллын зардлыг жил бүр нэмж байгаа ч юу хийж байгаа вэ гэдэг асуудал гардаг. Монгол Улсын нэг сая гаруй нь хүүхдүүд. Эдгээр дотор эрсдэлтэй, хүчирхийлэлд өртдөг янз бүрийн хүүхдүүд байгаа. Хүүхэд хамгааллын төсөв орон нутагт 100 гаруй сая төгрөг хуваарилагддаг. Өмнөговь аймгийн хувьд 22 аймгийн хамтарсан баг байдаг. Хамтарсан багуудад үүсч буй кейс үйлчилгээ, кейс 108 утсанд ирсэн хариу үйлчилгээ, эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд зарцуулдаг. Орон нутагт ажиллаж байгаа гэр бүл хүүхэд залуучуудын газар үнэхээр ачаалалтай ажилладаг. Хүүхдүүд бие махбодь, сэтгэл санаа, гэр бүл, бэлгийн гэх мэтчилэн хүчирхийлэлд өртөж байгаад харамсдаг. Түүнчлэн бид гэр бүлтэй ажиллаж байгаа. Тиймээс хүүхэд хамгааллын зардлыг нэмэгдүүлээсэй гэж хүсч байна. Мөн энэ салбарын хүн хүчийг нэмэгдүүлж байж үр дүн гарах байх.

ӨВЛИЙН ХҮЙТЭНД ХҮҮХДҮҮД НҮХЭНД ЖОРЛОНД БИЕ ЗАСАХЫГ ХАРААД СЭТГЭЛ ЭМЗЭГЛЭДЭГ

Сурагч Т.МАНДУХАЙ:

-Сургуулийн спорт заалыг сурагчдад үнэ төлбөргүй, хүртээмжтэй хэрэглүүлэх талаар санал хэллээ. Мөн ариун цэврийн байгууламжид анхаарах хэрэгтэй. Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахын тулд бид “Найз байя” аяныг эхлүүлж байна. Миний хувьд далд байдаг гэр бүлийн хүчирхийлэлд томчууд анхаараасай гэж хүсдэг.

Сурагч О.ХАЛИУН:

-Би Ховд аймгийн Мөст сумаас ирсэн. Улаанбаатараас 1700 км зайтай оршдог. Манай сумын сургуулийн хэмжээнд хүүхдийн хүчирхийлэл их байдаг. Ямар нэгэн хараа хяналт байдаггүй. Бусад сургуулиудад камер байдаг бол манай сургуульд байдаггүй. Би сумынхаа дотуур байранд байдаг болохоор хүндрэлтэй орчинд амьдардаг. Жишээ нь угаалгын өрөө байдаггүй. Гадна ил жорлонд бие засдаг. Нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүд өвлийн хүйтэнд нүхэнд жорлонд бие засахыг хараад сэтгэл эмзэглэдэг.

Дотуур байраас гадаах жорлон хүртэл 300 метрийн зайтай. Энэ нь маш хүндрэлтэй. Хүүхдүүд сурч хөгжихийн тулд хүнд нөхцөлийг туулдаг учраас хэцүү байдаг.

Сурагч Т.МӨНХБАТ:

-Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд сурдаг. Аймгийнхаа хүүхдүүдийг төлөөлөөд энд ирсэн. Миний амьдардаг суманд дотуур байрны хүрэлцээ муутай. Шаардлага хангахгүй, стандартгүй, хоол хүнс муутай байдаг. Багш нар байдаггүй асуудал бий. Хүүхдийн сурч хөгжихөд шууд нөлөөлдөг зүйл бол хүрээлэн буй орчин. Дотуур байр хүүхдийн амьдрах орчин болохоор түүнийг гоё тохижуулж өгөөсэй.

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж